Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Монгол тэмээ - 999" арга хэмжээнд Цогтцэций сумынхан

2016-03-07

Дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоох “Монгол тэмээ-999” арга хэмжээний нээлт сайхан болж, говь нутгийн эрдэнэ болсон тэмээн сүргээрээ Өмнөговьчууд дэлхийд гоёлоо. Нээлтийн арга хэмжээнд Засгийн газрын гишүүн, Хүнс хөдөө аж ахуйн сайд Ц.Бурмаа, шадар сайд Ц.Оюунбаатар, Улсын Их Хурлын гишүүн Д.Бат-Эрдэнэ, аймгийн Засаг дарга Б.Бадраа болон тэмээг өсгөн үржүүлэх, хайрлан хамгаалахад гар бие оролцож яваа улс, аймгийн сайн малчид оролцож өргөн дэлгэр сайхан арга хэмжээ боллоо. Газар газрын сайхан тэмээтэй сайхан хос, хурдан тэмээ, шилмэл ингэ, шилмэл буур хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид, тэмээ судлаач, уяачдын мэлмийг баясгаж байна. Сүүлийн жилүүдэд тоо толгой нь цөөрч байгаа хоёр бөхт тэмээгээ өсгөн үржүүлэхэд чиглэсэн олон хөтөлбөрийг хэрэгжүүлж, үүний үр дүнд Өмнөговь аймгийн тэмээн сүрэг улсдаа тэргүүлж, 118 мянгад хүрсэн юм. "Монгол тэмээ-999" Гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоох тэмээний уралдаанд гараанаас 1115 тэмээ гарч уралдан, 1108 тэмээ барианд амжилттай орж Дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Энэ бол тэмээн сүргээ хайрлан хамгаалдаг хөдөлмөрч говьчуудын хичээл зүтгэлийн үр дүн юм. Их говийн ажилсаг хөдөлмөрч зон олон дэлхийд хоёр бөхт тэмээгээрээ гайхуулж чадлаа. Тус уралдаанд Өмнөговь, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорнод, Дундговь, Дорноговь, Баянхонгор, Увс аймгийн хурдан тэмээд хурдалснаас 1-р байранд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Жанжин багийн Баянжаргал, 2-р байранд Хүрмэн сумын Жанжин багийн Батчулуун, 3-р байранд Цогт-овоо сумын С.Эрдэнэ, 4-р байранд Цогт-овоо сумын Д.Алдарсайхан, 5-р байранд Хүрмэн сумын Жанжин багийн Т.Дашнамжил нарын тэмээ хурдалж дэлхийн дахинд аймаг орон нутгаа мандуулав. “Монгол тэмээ-999” арга хэмжээний буухиа тэмцээнд нийт 19 баг тамирчид оролцсон байна. Баг тус бүр тэмээгээр ачаа ачих, хангал тэмээг бугуйлдах, зогдор хярган түүгээр бурантаг томох, буйл зорох, хангал тэмээгээ туйлуулах зэрэг ур чадвар, тэсвэр тэвчээр уран ухаанаа уралдуулан үзэгч түмэндээ гайхууллаа. Буухиа тэмцээнд нэгдүгээр байрыг Ханхонгор сумын Базархайрхан баг, 2-р байранд Булган сумын Хөсөгтөн баг, 3-р байранд Ханбогд сумын баг тус тус шалгарч, үзэгч олныг баясгалаа.“Монгол тэмээ-999” арга хэмжээ “Сайхан тэмээтэй сайхан хос”-оо шалгаруулж тэмээ судлаач, тэмээчид, үзэгч олныг баясгалаа. Нээлтийн арга хэмжээний дараа "Сайхан тэмээтэй сайхан хос" шалгаруулах тэмцээн болж 1-р байранд Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын хос, 2-р байранд Мандал-Овоо сумын хос, 3-р байранд Ханхонгор сумын хос тус тус шалгарсан юм. Мөн энэ арга хэмжээний үеэр Ханхонгор сумын Өгөөмөр багийн тэмээчин н.Эрдэнэ-Амгалангийн ингэ ботголж өлзий дэмбэрэлтэй сайхан үйл явдал боллоо. Цогтцэций сумын 53 хурдан тэмээ уралдаж, Гиннесийн дээд амжилтанд бүртгүүллээ. Энэхүү арга хэмжээнд оролцсон малчид, төрийн албан хаагчид, тусалж дэмжсэн аж ахуй нэгж байгууллага, хамт олонд цаашдын ажил үйлст нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе. Элсэн шаргал нутгийн эрдэнэ болсон тэмээн сүрэг түм бумаараа өсөн үржих болтугай.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%