Эрэлхэг зориг, эрх чөлөөний байдлын бэлгэ тэмдэг болсон жигүүртний хаан догшин бүргэдийн хүчит хоёр жигүүрээ дэлгэн алсыг харсан дүрс дээр казах түмний өргөө гэрийн тооно дээр Монгол Улсын билэгдэл болсон алтан соёмбыг байрлуулж, тоононы фон дэвсгэр дээр мөнх тэнгэр, алтан нарыг дүрсэлснээр Баян-Өлгий аймгийн сүлдний ерөнхий байдал тодорхойлогдоно.
- Нүүдэлчин түмний бэлгэ тэмдэг болсон эсгий гэрийн тоонон дээр алтан соёмбыг байрлуулсан нь Баян-Өлгий аймаг нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж гэдгийг илтгэнэ.
- Өрх гэрийн тооно нь бат бөх, үүрд мөнх байхыг билэгдэж тоононы хүрээг янгирын хос эврээр хүрээлүүлэн хийсэн байна.
- Тоононы дундах шар, цэнхэр өнгийн хослол нь алтан нар, хөх тэнгэрийг шүтэж, мөнхөд оршиж амьдарна гэдэг санааг илэрхийлнэ.
- Бүргэдийн цээжин дээр баатрын хуяг байрлуулж түүн дээр Алтай Таван Богдын оргил, ардын гар урлалын өвөрмөц байдлын илэрхийлэл болсон угалзан хээ, аж амьдралын эх булаг болсон үр тариа, оюун эрдмийг билэгдсэн ном, давхар хүрээ бүхий зүрхэн хэлбэрийн галын дөлийн дунд Монгол дахь Керей овогийн тамгыг дүрсэлжээ.
- Бүргэдийн хоёр жигүүрийг 12 урт өдтэйгээр дүрсэлсэн нь 12 жил, 12 сар зэрэг цаг хугацаа улиран өнгөрч угтан ирж байгааг билэгджээ
- Бүргэдийн доод хэсэгт бүргэдийн суудал хэлбэртэй “БАЯН-ӨЛГИЙ” гэсэн үгээр аль аймгийн сүлд болохыг илтгэнэ. Уг үгийн дэвсгэрийн өнгө нь аймгийн тугийн өнгөтэй ижил байна.