Өнөөдрийн билэгт сайн өдөр Өмнөговьчууд тэмээ, тэмээчдээ алдаршуулах, тэмээний амьдын үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Монгол тэмээ-999” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Дэлхийн гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоох уралдаанд газар газрын хурдан 1115 тэмээ бүртгүүлэн уралдсанаас 1108 тэмээ барианы зурхайд орж, гиннесийн амжилтыг шинэчлэн тогтоов. Энэ бол тэмээн сүргээ хайрлан хамгаалдаг хөдөлмөрч говьчуудын хичээл зүтгэлийн үр дүн юм. Их говийн ажилсаг хөдөлмөрч зон олон дэлхийд хоёр бөхт тэмээгээрээ гайхуулж чадлаа. “Монгол тэмээ-999” дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоох 1000 тэмээний уралдаанд Говь-Алтай, Говьсүмбэр, Дорнод, Дундговь, Дорноговь, Баянхонгор аймгийн хурдан тэмээд хурдалснаас 1-р байранд Хүрмэн сумын Батсүхийн Баянжаргал, 2-р байранд Хүрмэн сумын Батчулууны Түмэнбаяр, 3-р байранд Цогт-Овоо сумын Санжаатогтохын Эрдэнэначин, 4-р байранд Цогт-Овоо сумын Даваадоржийн Алдарсайхан, 5-р байранд Хүрмэн сумын Тэрбишийн Дашнамжилын тэмээ тус тус шалгарч дэлхийн дахинд аймаг орон нутгаа мандуулав. Элсэн шаргал нутгийн эрдэнэ болсон тэмээн сүрэг түм бумаараа өсөн үржих болтугай.