Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Улаангом сумын 11-р багаас сонгогдсон Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч С.АНХБАЯР: “Хурлын төлөөлөгчийнхөө эрх үүргийн хэмжээнд идэвхтэй ажиллахыг зорьж байна”

2016-11-14

1. Юуны өмнө та өөрийгөө танилцуулаач ?

Намайг Сайнбилэгийн Анхбаяр гэдэг. 1988 онд Увс аймгийн Улаангом хотод төрсөн. Эхнэр охины хамт Улаангом хотын 11-р багийн 10-22 тоотод амьдарч байна. Улаанбаатарын ИХ сургуулийг 2010 онд төгсөж ирээд нутагтаа МВС тв-д 3 жил сэтгүүлчээр ажилласан. Одоогоор чөлөөт сэтгүүлч, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн дарга гэдэг сонгуульт ажилтай. Мөн 2016 оны 06 сарын 29-ны сонгуулийн үр дүнгээр аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч гэдэг үүргийг хүлээгээд явж байна даа. Товч танилцуулахад ийм.

2. Сонгогдсон тойргийнхоо талаар мэдээлэл өгнө үү  ?

Миний сонгогдсон тойрог бол Улаангом сумын 11-р баг. Ер нь төвийн харьцангуй “хөгшин” баг хэлж болно. Эхний айлууд 1956 онд л хашаа хатгаж байсан гэхээр тэгж таарч байгаа биз. Нийт 638 өрхтэй 2272 хүн амтай үүнээс 1430 нь сонгуулийн насны иргэн байна. Багийн хэмжээнд 172 өндөр настан байна. Мөн 638 өрхөөс 132 нь амьжиргааны төвшин доогуур Халамжаас олгодог хүнсний хөнгөлөлтөд хамрагддаг 32, түлээ нүүрсний мөнгө авдаг 48 өрх байна. Гэр хорооллын багууд дотроо амьжиргааны төвшин тогтвортой, нэлээд хөгжингүй талдаа орно шүү, манай баг.

3. Танай тойрогт тулгамдсан шийдвэрлэх шаардлагатай ямар асуудал байна вэ ?

Би дээр хэлсэн. Манай багт эхний айлууд нь 1956 онд хашаа хатгаж байжээ, гэж. Төвийн бүс. Гэхдээ өдийг хүртэл ямар нэг инженерийн шугам сүлжээнд холбогдсон зүйл байхгүй. Тэр хэрээрээ хөрсний бохирдол, бохирын асуудал гамшгийн хэмжээнд хүрсэн. Сая зун орсон ширүүн борооноор илт анзаарагдсан л даа. Олон жил болсон 00-уудын ихэнх нь дүүрэлттэй борооны усанд хальж гарч ирээд ёстой заваарсан. Үүнээс гадна хальсан 00-ийн бохироос болж ялангуяа бага насны хүүхдүүд гэдэсний болон бусад халдварт өвчин үүсэх өндөр эрсдэл тулгарсан. Би аймгийн төлөөлөгчийн хувиар Онцгой байдлын комиссын шуурхай хуралд сууж Засаг даргын орлогч Ц.Батболд, ЗДТГ-ын дарга С.Батжаргал нарт хүсэлт тавьж байж ариутгалын ажлыг цаг алдалгүй хийсэн. Тэгээгүй бол юу болох байсныг таашгүй. Тэгэхээр манай багт инженерийн шугам сүлжээнд холбогдох зайлшгүй шаардлага бий. Нөхцөл боломж нь ч бий. Манай баг дээр Дулааны 2-р станцын 7-р ЦТП, 1-р ЦТП байрладаг. Зөвхөн холболт хийх л үлдсэн. Тийм учраас энэ асуудлыг Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгуулахаар саналаа өгсөн. Урьдчилсан байдлаар туссан сайхан мэдээ ч байна. Би төлөөлөгчийн хувиар аймгийн удирдлагуудад хэлээд байгаа за дахин төлөвлөлт энэ тэр гэж айлуудын хашаа чөлөөлж дараа нь “Улсын баатар”  гуай шиг төрсөн хүү, намынхаа нөхдийн барилгын компанид тендер өгсөн хэрэгт унаад яах вэ? Зүгээр л гэр хороолол руугаа инженерийн шугам сүлжээ татъя. Дараа нь иргэд хэсэг бүлгээрээ нийлээд барилгын компанид газраа зараад орон сууцандаа орох гэрээгээ байгуулах эрх нь бий. Харин гэрээний биелэлтэд төр хяналт тавих ёстой. Мөн утаа багасгах ганц ч төсөл хэрэгжүүлж болохгүй шүү!!! тийм мөнгө байдаг бол метр ч атугай газар шугамаа татахад зарцуулъя гэдэг хатуу байр суурьтай байгаа. Мөн манай баг дээр байрлах 2-р цэцэрлэг  урлаг заал байхгүй ганцхан цэцэрлэг. Тэнд бяцхан үрс маань дуулж бүжиглэх, түүнийгээ эцэг эхдээ үзүүлж урам авах боломжгүй байранд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна гээд бод доо. Том гэвэл ийм хоёр асуудал байна. Ар мөрт нь ороод явж байна.

4. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд санаачлан хэрэгжүүлж буй ажлуудаасаа дурдна уу ?

Мэдээж тулгамдсан асуудлыг эхлээд аймгийн болон улсын хэмжээнд боловсруулагдаж байгаа хөгжлийн хөтөлбөр, зорилт албан ёсны баримтлах зарчимд суулгаж бас араас нь уйгагүй хөөцөлдөх учиртай. Эхний ээлжид дулааны шугам сүлжээний асуудлыг Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт суулгаж байна. Бүр багаар нь цохож шүү. Урд нь хэзээ ч ингэж албан ёсны зорилтод манай багийн асуудал орж байгаагүй. Сонгуульд нэр дэвшсэн нөхдүүд маргааш нөгөөдөргүй татаад өгнө, зураг төсөв нь бэлэн гэж буруу сурталчилгаа хийснээс болж иргэдэд хүлээлт үүсгэчихсэн. Харин би анхнаасаа хэлсэн энэ ажлыг анхан шатнаас нь хэрэгжих хүртэл би зүтгэнээ. Бүх зүйл тэгээс эхэлж байна гэдгийг. Мөн бусад бүтээн байгуулалтын асуудлыг аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдэд уламжилж байгаа. Нааштай шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.

 

5. Хурлын аль хороонд харьяалагдаж байна, хамгийн сүүлд ямар асуудлыг хурал дээр хэлэлцэж шийдвэрлэсэн бэ ?

Би ИТХ-ын Нутгийн удирдлага, хамтын ажиллагааны хороо, Байгаль орчны хороо гэсэн хоёр хороонд ажиллаж байгаа. Хамгийн сүүлд Байгаль орчны хороогоор Үүрэг нуурыг орон нутгийн тусгай хамгаалалттай газраар бүртгэж авсан. Энэ нь тухайн бүс нутгийг уул уурхайн лицензэд “эзлүүлэхээс” аварч байгаа хэрэг юм л даа. Мөн хууль эрх зүйн хүрээнд аймагт үйл ажиллагаа явуулж буй Христийн сүмүүдэд хатуу шаардлага тавьж үйл ажиллагааных нь мэдээллийг тодорхой болголоо. Тухайлбал Баптист сүмд 12 ЕБС-ын багш үйл ажиллагаанд нь оролцоод явж байгаа нь төрийн албаны хуулийг ноцтой зөрчиж байсан. Сүмийн ахлагч нь бас төрийн албан хаагч. Шаардлага тавьсны үр дүнд эдгээр төрийн албан хаагчдыг сүмийнхээ ажлаас чөлөөлснөө мэдэгдээд байгаа. Мөн боловсролын байгууллагуудад бэлэг тараах шашин сурталчлах үйл ажиллагаа дахин явуулахгүй гэдгээ албан бичгээр мэдэгдсэн. Энэ бол сайн өөрчлөлт. Би Христийн шашинд дургүй дээ биш зөвхөн аж ахуй нэгжийн хувьд л хуулиа биелүүлэхийг шаардсан. Үүнийхээ үр дүнг ч гарч байна. Монгол улсын хууль бол нэг. түүнийг  өөр хэн нэгэнтэй барьцаж хэрэгжүүлнэ гэдэг ойлголт байхгүй. Нөгөө талаар шашин бол Үндэсний эрх ашигт хамаатай асуудал. Дахиад эдгээр сүмүүд хууль зөрчих насанд хүрээгүй хүмүүсийг эцэг эхийн зөвшөөрөлгүй цуглаандаа хамруулах хэдэн солонгосчуудыг онгоцны буудал дээр бичиг барьж тосуулах зэрэг зохисгүй үйлдэл гаргавал тусгай зөвшөөрлийг нь цуцлуулна. Над руу дайрч байна лээ. Дайраад, гомдоллоод, доромжлоод асуудлаа шийдээд сурчихсан хүмүүс юм уу даа гэж харсан. Харамсалтай нь би тийм зүйлд “дархлаатай” л даа, /Инээв.сурв/. Мөн зөвшөөрөлгүй ажиллаж байгаа гэр цуглаанууд бий. Тэд нарын үйл ажиллагааг зогсоохоор холбогдох газруудад нь хандаж байгаа.

6. Та хурлын байгууллагын үйл ажиллагааг ямар төвшинд байна гэж үзэж байна вэ ? 

Манайхан аймгийн Хурлыг эрэмбээрээ Засаг даргын дор байдаг гэж ойлгодог. Тийм ч учраас асуудал гарвал Засаг даргад “бараалхдаг”. Уг нь хууль ёсоороо аливаа шатны хурал нь тухайн газар нутгийнхаа бодлого тодорхойлогч дээд байгууллага нь юм. Хурлаас Засаг даргыг дэвшүүлдэг. Мөн Засаг даргын болон түүний Тамгын газрын ажлыг Хурал хянадаг, дүгнэдэг, ингэж ажиллах ёстой гэж бодлогыг нь тодорхойлж өгдөг. Хуулиа бариад, эрхээ нүүрэндээ наагаад, үүргээ нуруундаа үүрээд явбал “том” эрх мэдэлтэй л дээ. Даан ч тэр хэмжээнд байж чадахгүй байна. Төлөөлөгчид нь Засаг даргаасаа тухайлбал томилсон хүнээсээ өөрсдөө “ажил” гуйгаад яваад байхаар яаж ч “том” байхав дээ /инээв.сурв/. Тэгэхээр хурлыг жинхэнэ бодлого тодорхойлогч байгууллага байлгахын тулд хууль эрх зүйн болон бусад нөхцөл боломжоо судалж эрхийнхээ хүрээнд идэвхтэй ажиллах хэрэгтэй. Саяхан хурлын төлөөлөгчид хороо хорооныхоо чиглэлээр төрийн байгууллагуудаар орж ажил байдалтай нь танилцаж иргэдийн санал хүсэлтийг уламжилж явсан нь тун зөв алхам гэж бодож байгаа. Бид жилд хоёрхон удаа хуралд суух гэж эсвэл ганц Засаг дарга сонгох гэж хурлын төлөөлөгч болоогүй. Цаашид хурлын байгууллага маань улам идэвхтэй ажиллана гэдэгт найдаж байна.

7. Хурлын төлөөлөгч ямар байх ёстой гэж боддог вэ ?

Хурлын төлөөлөгч гэдэг хүн сонгогдсон тойргийнхоо цаашилбал аймаг орон нутгийнхаа нийтлэг эрх ашиг дээр хатуу байр суурьтай зогсож чаддаг байх ёстой. Энэ их худлаа сонсогдож байгаа биз. /Инээв.сурв/. Гэхдээ ийм л байх ёстой юм уг нь. Мөн ард иргэдтэйгээ нягт уялдаатай ажиллаж санал бодлыг нь сонсож байхад ядаж хурал дээр ярих сэдэвтэй сууна шүү дээ. Нэгэнт ард түмний итгэлээр төлөөлөгчөөр сонгогдож мөн тодорхой хэмжээний эрх мэдэл, хүрээлэлтэй болж байгаа тэр нь ч хувь хүний амьдрал сайнаар нөлөөлдөг нуулгүй хэлэхэд. Тийм болохоор ард түмний итгэлээр олж авсан энэ давуу талаа эргээд бас талыг нь ч атугай ард түмнийхээ төлөө зарцуулж чаддаг байх ёстой. Түүнээс биш гарчхаад алга болчихдог дөрвөн жилийн дараа ширлээд ирдэг тэр үе дууссан гэдгийг өнгөрсөн сонгуулийн үр дүн харуулсан. Ялангуяа залуу төлөөлөгчид улс төрийнхөө “насыг” бодож л байгаа бол юу юунаас илүү санаачлагатай, юу юунаас илүү идэвхтэй хурлын үйл ажиллагаанд оролцож тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд дуу хоолой, нөлөөлөө оруулж байх учиртай гэж боддог. “Настнуудаа” дагаад хувийн эрх ашгаа хөөцөлдвөл тэгээд цаашаа улс төр ярилтгүй болно. Ард түмэн худлаа амлалтанд хуурагдахаа больсон.

8. Хурлын төлөөлөгчөөр ажиллахад бэрхшээлтэй зүй юу байна вэ ? төлөөлөгчдөөс гадна иргэдийн санал санаачлага хангалттай байж чадаж байна уу?

Төлөөлөгчөөс гадна иргэд нийгмийн амьдралд идэвхтэй оролцмоор байна шууд хэлэхэд. Нэг хүн сонгочихоод энэ л бүхнийг хийх ёстой гэсэн шиг багийн хурал цуглаандаа ч оролцдоггүй, санал бодлоо ч солилцохгүй таг чиг болдог. Та нар “бурхан” сонгогдчихоогүй шүү дээ. Олны хүч оломгүй далай гэдэг. Хамт л нэг санаатай нэг зорилготой байж зорьсон хэрэг бүтнэ. Саяхан гэхэд багийнхаа даргатай хамт багийнхаа айлуудаар орж Засаг даргын мөрийн хөтөлбөрт санал авах хуудас тараалаа. Нийт 490 гаруй хуудас тарааснаас хэд нь буцаж ирсэн гээч 197 ширхэг нь, хангалтгүй байна. Тийм учраас л би багаараа байна байна шалтаг гаргаж яваад хүмүүстэй уулзаад байдаг юм. Тэгж л санал бодлыг нь сонсохгүй бол багийн хурал дээр голдуу ахмадууд ирдэг. Тэдний санал санаачлага хэрэггүй гэж байгаа юм биш. Юу юунаас илүү үнэтэй. Гэхдээ залуу идэр насныхан маань нийгэмд зөв зарчим, зөв хандлага авч ирэхэд илүү оролцоотой байх ёстой гэж боддог.

9. Хурлын төлөөлөгчдийн хувиар тойргийнхоо сонгогчидтой хэрхэн холбогдож байна. Хамгийн сүүлд иргэд сонгочидтойгоо хэзээ, ямар асуудлаар уулзсан бэ?

Анх 8 сарын үерийн үеэр багаараа тойрч усанд автсан айлуудаар орж газар дээр нь Мэргэжлийн хяналтын газрын хариуцсан байцаагчийг дуудаж дүгнэлт гаргуулж маргаашнаас нь ариутгалын ажлыг хийлгэсэн. Мөн Засаг даргын мөрийн хөтөлбөрт санал авах гэж айл өрхүүдээрээ нэг бүрчлэн орж уулзаж ярилцсан. Ингэж явсны үр дүн хурал дээр мэдрэгддэг. Хэлэлцэж буй асуудлын хүрээнд иргэдийн санал, тулгамдсан асуудлыг оновчтой илэрхийлэхэд дөхөм болдог. Мөн өчигдөрхөн Дулааны 2-р станцын захирал Сайнжаргал, инженер Алтангэрэл нартай хамтран багийнхаа орон сууцтай айл өрх, албан байгууллагаар орж халаалт дулааны нөхцөлтэй танилцаж, нэн тэргүүнд авах арга хэмжээний бүртгэл гаргалаа.

10. Хурлын төлөөлөгчдийг чадавхижуулахын тулд юу хийвэл зохистой вэ?

УИХ-аар Монгол улсын хэмжээнд мөрдөгдөх хууль баталдаг бол Аймгийн хурал тэр батлагдсан хуулинд нийцүүлж орон нутгийнхаа бодлогыг тодорхойлдог. Тийм учраас төлөөлөгчдөд хууль эрх зүйн мэдлэг юу юунаас илүү хэрэгтэй. Төсвийн тухай хуулиа мэдэхгүй байж аймгийн төсвөө хэрхэн батлах вэ?, Газрын тухай хуулиа уншаагүй Газрын төлөвлөгөөгөө яаж батлах вэ? Гэдэг чин хэцүү асуудал. Мэдэхгүй баталсан зүйл дараа нь асуудал дагуулдаг. Мөн гадагшаа дотогшоо туршлага судлах нэрээр аялж байснаас богино зайн сургалтуудад хамрагдвал илүү үр дүнтэй гэж боддог.

11. Хурлын төлөөлөгчийнхөө эрх хэмжээний хүрээнд өнгөрсөн хугацаанд ямар асуудлуудыг шийдэв ээ? Нэрлэвэл?

Энэ хугацаанд хоёр ажлын хэсэгт орж газрын бол өмчийн маргаантай асуудлыг шийдвэрлэсэн байдаг. Мөн “Шинэ Улаангом” захын удирдах зөвлөлд багтаж бизнес эрхлэгчдийн түрээсийг м.кв нь 12 мянга байсныг 10 мянган төгрөг болгож буулгаж ажиллах нөхцөл орчныг сайжруулах тал дээр зохих шийдвэрийг гаргалаа. Манай баг дээр буюу Гиваан баатрын талбайн ойролцоо хууль бусаар олгосон 2 газрын захирамжийг цуцлууллаа. Ер нь цаашид баг дээр байшин барилгын зорилгоор нийтийн эзэмшлийн газар олгох боломжгүй иргэдийн зөвшөөрөл зайлшгүй авах ёстой гэдэг байр суурьтай байгаа. Мөн багийн дэд бүтцийн асуудлыг аймгийн нэн тэргүүнд хэрэгжүүлэх хөтөлбөр, хөгжлийн бодлогод суулгаж байна. Сонгогдсоноосоо хойш 3 удаа айл өрхүүдээр явж ямар нэгэн хэмжээгээр санал бодлыг нь сонссон ажил хэрэг болгохоор зорьж байна.

За баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье

 

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3932
2729 / 69%
719 / 18%
240 / 6%
244 / 6%