2016-2017 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор дараах зөвлөмжийг хүргэж байна
Хүүхдүүд гэнэн томоогүй байдаг учраас зам дээр тоглох, авто машины хурдыг зөв тооцоолж чадалгүй ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гүйх, гарц гарамгүй хэсгээр зам хөндлөн гардаг, асран хамгаалагчгүй замын хөдөлгөөнд оролцдог, асран хамгаалагч хамт явсан ч хүүхдээ хайхардаггүй зэрэг нь осолд өртөх эрсдэлийг бий болгож байна.
Монгол Улсад зам тээврийн ослоор нас барсан хүүхдүүдийн талаас илүү хувь нь зориулалтын суудал, хамгаалалтын бүс хэрэглээгүйн улмаас хохирсон нь судалгаагаар тогтоогджээ. Хамгаалалтын бүс зүүгээгүй зорчигч зам тээврийн ослын үед хамгаалалтын бүсээ зүүсэн хүмүүсээс арав дахин илүү амь насаа алдах магадлалтай байдаг. Машины арын суудалд сууж явсан зорчигчид ч аюулгүйн бүс хэрэглээгүйн улмаас осолд өртөх магадлалтай. Тиймээс бага насны хүүхдийг машин дотор авч явахдаа заавал харгалзах том хүнтэй явах, хамгаалалтын зориулалтын хэрэгсэл (суудал, бүс, бүс тохируулагчийг) хэрэглэж хэвших хэрэгтэй байна.
Хүүхдийг урд суудалд суулгах нь ослын үед хүнд гэмтэх, амь насаа алдах хамгийн том шалтгаан болдог. Хүүхдээ өвөр дээрээ аваад урд суудалд суух явдал түгээмэл байдаг, энэ нь маш буруу бөгөөд хүүхдээ зориуд эрсдэл оруулж байгаа үйлдэл юм. Та хүүхдээ хайрладаг л бол арын суудалд, хамгаалалтын бүс хэрэглэн суулгах хэрэгтэй.
Үүнээс гадна тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын Замын хөдөлгөөний хууль, дүрмийг биелүүлдэггүй, хариуцлагагүй, хэнэггүй үйлдэл, соёлгүй зангаас шалтгаалан хүүхэд осолд өртөн гэмтэх, амь насаа алдах тохиолдол цөөнгүй гарч байна.
Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэнд хандаж хэлэхэд Замын хөдөлгөөний хууль, дүрмээ биелүүлж, хариуцлагаа дээшлүүлэх, бусдыг хүндэтгэх хэрэгтэй байна. Мөн эцэг эхчүүд хүүхдэдээ зөв үлгэр дуурайлал үзүүлж, замын хөдөлгөөнд зөв оролцох хандлага, дадал хэвшүүлэх, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох талаар байнга зааж зөвлөдөг байх явдал чухал байна. Таны, бидний хэнийх нь ч хамгийн хайртай дотны хүн замын хөдөлгөөнд оролцож байгаа гэдгийг ямагт санаж яваарай.
Бид цөөхүүлээ, тэр дундаа ирээдүй болсон бяцхан үрсээ зам тээврийн ослоор алдмааргүй, насан туршид нь тахир дутуу болгож ирээдүйг нь гуниг, харанхуйгаар дүүргэмээргүй байна.
Баян-Өлгий аймгийн Гэмт хэргээс урьдчилан
сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл