Баян-Өлгий аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга К.Баймурат
/ Нийтлэл /
/ Нийтлэл /
Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд НӨУЁБ-ын эрх зүйн үндэс суурь зохицуулагдсан билээ. Эрх зүйн шинэтгэл, НӨУЁБ-ын чадавхыг бэхжүүлэх төслийн хүрээнд сүүлийн хэдэн жилд маш олон удаагийн орон нутгийн төлөөлөгчид, Тэргүүлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлж сургалт явуулсны үндсэн дээр маш чухал санал санаачилга гарч, хэрэгжүүлэх шатандаа явж байна. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөөс хууль тогтоомж, Хурлын байгууллагын шийдвэрийн биелэлтийг хангуулах, мэдээ мэдээллийг идэвхжүүлэх, түүний эргэх холбоо бий болгоход ихээхэн анхаарч байна.
Аймгийн Хурлын байгууллагын зарим нэг санаачилгын талаар дурдвал юм Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд ““Хурлын хороо болон түр хороо “ байгуулах эрх зүйн зохицуулалт байдаг билээ. Үүний дагуу 2012 оны сонгуулийн жилд байгууллагдсан ИТХ-аас хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал, дүгнэлт гаргах, Хурлын тогтоол, шийдвэрийн биелэлтийг хянан шалгах чиг үүрэг бүхий 5 хороог байгуулан ажиллуулж, Хурлын тасралтгүй, байнгын үйл ажиллагааг хангаж ажиллаж байна.
Дээрх 5 Хороо нь Хурлын дотоод бүтэц зохион байгуулалтын нэг үндсэн бүрэлдэхүүн хэсэг мөн бөгөөд Хурлын байгууллагын ажлын далайц, чанар, үр нөлөөг дээшлүүлэх, аймгийн эдийн засаг, нийгмийн амьдралын олон талт асуудлыг өөрчлөн сайжруулах, иргэд олон түмний санаа бодол, хүсэл сонирхлыг тусгах, цаашдын бодлого чиглэлийг боловсруулах санал, санаачилга гаргаж, Хуралд асуудал тавих, хэлэлцүүлэх эрхтэй юм. 2015 оныг аймгийн Хурлаас “Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хариуцлагыг сайжруулах ” жил болгон зарлаж үүний хүрээнд Хурлын дэргэдэх 5 хороо өөр өөрсдийн хариуцсан салбарын хүрээнд хууль тогтоомжийн хэрэгжилт хэр байгаад үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид анхаарч шийдвэрлэх асуудал, саналыг Хуралд өргөн барих ажлыг бүтэн жилийн хугацаанд зохион байгуулсан билээ. Тайлангийн хугацаанд ИТХ-ын 5 хороодын ажлын хэсэг аймагт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явц, ХАА, Байгаль орчин, Хот байгуулалт, газрын харилцаа, Нийгмийн халамж, үйлчилгээ, Нэгдсэн эмнэлэг, аймгийн ЭМГ, Боловсролын газар, Гадаадын харьяат, шилжилт хөдөлгөөний алба, Иргэний бүртгэл, аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, аймгийн Цагдаагийн газар, баривчлах байр зэрэг 20 гаруй байгууллагын үйл ажиллагаатай танилцаж хяналт шалгалтыг явуулсан байна.
Энэ нь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн нийгмийн оролцоог хангаад зогсохгүй төрийн үйлчилгээний байгууллагууд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хэрхэн хангуулж байгаад хяналт тавьж дүгнэлт гаргах, дүнг Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж, аймгийн хэмжээний нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг тодорхойлоход ач холбогдолтой байсан юм. Үүний дагуу зарим нэг байгууллагуудад хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар албан бичиг хүргүүлээд байна. Тухайлбал: 2015 онд аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний хэрэгжилт, байгаль хамгаалахтай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилт, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж буй ажлын чанар, явц байдал, байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээ, зардлын гүйцэтгэлд хяналт шалгалт хийж, зээл тусламж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа, аймгийн хэмжээнд хийгдэж буй бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажлуудыг газар дээр нь танилцаж шалган туслах, зөвлөх, үүрэг даалгавар өгөх хэлбэрээр хяналт шинжилгээ, үнэлгээ хийлээ.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн хэрэгжилт, Усны тухай хуулийн хэрэгжилт, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилт, Аялал жуулчлалын тухай хуулийн хэрэгжилт, Байгалийн баялагыг нөхөн сэргээх талаар хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, байгаль хамгаалахад төрийн бус байгууллагуудын оролцоо, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар авсан арга хэмжээ, үр дүнгийн талаар аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа холбогдох төрийн үйлчилгээний байгууллагуудад Хороодын ажлын хэсэг хяналт шалгалт явуулахад байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт аймгийн хэмжээнд хангалтгүй, байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах орлого нь зүй бусаар зарцуулагдсан, зөвхөн ойн нөөц ашигласны төлбөрийн 85%-иас доошгүй хэсгийг зарцуулах ёстой боловч зарцуулагдаагүй байна. Байгалийн ургамал ашигласны төлбөрийн орлогын 30%, ан амьтны нөөц ашигласны төлбөрийн орлогын 50%, газрын төлбөрийн орлогын 30%,ус рашааны нөөц ашигласны төлбөрийн 55%-иас доошгүй хэсгийг байгаль орчныг хамгаалах, байгалийн баялагийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах ёстой боловч зүй бусаар зарцуулагдсан нь хуулийн хэрэгжилт хангалтгүй байна гэж дүгнэхэд хүргэсэн юм.
Дээрх Хороодын ажлын хэсгийн дүгнэлт саналыг үндэслэн 2016 онд аймгийн хэмжээнд төрийн үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар томоохон хэлэлцүүлэг хийхээр төлөвлөөд ажиллаж байна.
Хороодын дараагийн нэг томоохон ажил нь уул уурхайн үйл ажиллагаанд үзлэг, хяналт хийх ажлын хэсгийн аймгийн хэмжээнд ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагуудад хийсэн үзлэг, шалгалтын ажил юм.
Шалгалтын зорилго аймгийн хэмжээнд ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагуудын зүгээс тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байгаа талбайд явуулж буй хайгуулын ажлын үр дүн, ашиглалт хийж буй талбайг Ашигт малтмалын тухай, Усны тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай болон Газрын хэвлийн тухай хуулиудын хүрээнд зүй зохистой ашиглаж, татвар төлөлт, нөхөн сэргээлт хийсэн байдалд дүн шинжилгээ хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах талаар хугацаат үүрэг даалгавар өгөх, мэргэжил арга зүйгээр хангасан юм. Үүнд аймгийн хэмжээнд ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын үйл ажиллагаа явуулж буй Юүшэнгминг ХХК, ССМонголиа ХХК, Монголианкүүпер майнинг ХХК, Монголдаймонд майнинг ХХК, Сагсай минералресурс ХХК, Түвшингарав ХХК, Лужеорд ХХК, Жөнюан ХХК, Дримлэнд ХХК-нууд шалгалтад хамрагдсан ба Ногооннуур, Цэнгэл, Улаанхус, Толбо, Дэлүүн, Алтай зэрэг сумуудад хэсэгчлэн ажиллаж одоогийн байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа болон өмнө нь ашиглалтын үйл ажиллагаа явуулж байсан талбайд ажиллаж зөрчил дутагдалд дүгнэлт хийж холбогдох газарт нь хүргүүлсэн.
Тухайлбал: - Монгол улсын ЗГ-ын 2011 оны 311-р тогтоолоор батлагдсан ”Аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам”-ын хэрэгжилтийн талаар хийсэн ажил нь хангалтгүй, ажлаа тогтоосон хугацаанд холбогдох дээд газарт уламжилдаггүй, тэсэрч дэлбэрэх бодисын агуулахыг албан ёсоор мэргэжлийн байгууллагад хүлээлгэж өгөөгүй, орон нутагт төвлөрүүлэх зарим татвар, ашигт малтмал ашигласны албан татварыг дутуу төлсөн, далд уурхайн чанар нь алдсан хуучин бэхэлгээнүүдийг бүрэн солиогүй,
-Тэсрэх бодисын агуулахыг батлагдсан зураг төслийн дагуу хийсэн боловч,агуулахын аюулгүйн бүсийг Уул уурхайн яамны мэргэжлийн багаар тогтоолгоогүй, хаягдлын даланг мэргэжлийн байгууллагуудаар зургийг гаргуулсан боловч,зохих стандартыг баримтлан бүрэн дуусгаагүй,
- Далд уурхайн явган хүний шатыг засаж тохижуулах, нуранги ихтэй хэсэгт урьд нь тавьсан чанараа алдсан бэхэлгээнүүдийг сольж, бат бөх бэхэлгээ тавих, далд уурхайд суурин өрөм ашиглах талаар мэргэжлийн байгууллагуудын зүгээс тавьсан албан шаардлагын биелэлт хангагдаагүй
- Уурхайн цахилгаан хангамжийн тохижилт чанарын шаардлага хангасан хэмжээнд хийгдээгүй
- Орд газрын төвийн хэсэгт нэвтэрсэн уулын ил ажлыг булж нөхөн сэргээлт хийгээгүй, талбайг харуул хамгаалалтгүй орхисноос болж 2011-2012 онуудад нутгийн иргэд хууль бусаар ашигт малтмал олборлож газрын гадаргыг эвдсэн байдлыг засаж тохижуулах,нөхөн сэргээлт явуулах талаар мэргэжлийн байгууллагуудын зүгээс удаа дараа шаардлага тавьж,тусгай зөвшөөрлийг цуцлуулах талаар холбогдох дээд газарт уламжилсан боловч өдий хүртэл тусгай зөвшөөрөл нь хүчин төгөлдөр хэвээрээ байна.
- Ногооннуур сумын ЗДТГ-тай ус ашиглах гэрээ хийсэн боловч усны төлбөрөө бүрэн төлөөгүй
- 2013 онд орон нутгаас ажиллуулсан зарим иргэдийн цалин хөлсийг бүрэн олгоогүй гэх мэт зөрчил илэрсэн байна.
Аймгийн ИТХ-аас нийтлэг зөрчил, дутагдлууд, цаашид авах арга хэмжээний талаарх санал гаргаж аймгийн Засаг дарга болон холбогдох газарт хүргүүлсэн. Үүнд:
1. Аймгийн хэмжээнд ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг боловч эзэмшил талбайд баталсан төлөвлөгөөний дагуу ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй хавсралтад дурдсан 8 байгууллагын үйл ажиллагааг ирэх оноос эхлүүлсэн асуудлыг аймгийн Засаг даргын зүгээс холбогдох дээд газруудад уламжлах,үйл ажиллагаа явуулаагүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлуулах арга хэмжээ авах.
2. Сумын удирдлага, холбогдох мэргэжилтнүүдийн зүгээс хуулиар олгосон эрхийн дагуу АМГазар УУЯамдуудтай холбоотой ажиллаж,тусгай зөвшөөрөл эзэмшиж буй ААНБ-тай холбоотой ажиллаж,үйл ажиллагааг эхлүүлэх,эвдсэн газрын хэвлийн нөхөн сэргээлтийн байдалд байнга хяналт тавин ажиллаж илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах талаар идэвх, санаачлаг гарган ажиллах
3. Орон нутгийн иргэдийн хяналтыг сайжруулах.
4. Бүх төрлийн татвар төлөлтөд тавих хяналтыг сайжруулах.
5. Уул уурхайн чиглэлээр ашиглаж буй химийн бодисын ашиглалт, хамгаалалт, бүртгэл, тооцоонд тогтмол хяналт тавих.
6. Мэргэжлийн байгууллагаар байгаль орчны аудит хийлгэх.
7. Ус ашиглалт болон хаягдал усны талаар хяналт тавих.
8. Аймаг, сум , орон нутагтай хамтарч ажиллах талаар жил бүр гэрээ хийж тодорхой асуудлуудыг тусгаж байх
9. Ажиллагсдын нийгмийн асуудлыг сайжруулах , хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах, цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар холбогдох байгууллагууд санаачлаг гаргах, хяналтыг сайжруулах гэсэн 9 төрлийн саналыг хяналт шалгалтад хамрагдсан ААН, байгууллагад хүргүүлсэн ба холбогдох арга хэмжээг авч хариу ирүүлж байгаа нь дээрх хяналтын ажлын ач холбогдлыг тодруулж өгсөн юм.
Цаашид Хороодын үйл ажиллагааг тогтмолжуулж ИТХ-ын үйл ажиллагааны нэг хэлбэр болгож хөгжүүлэх, эрх зүйн орчин бүрдүүлэх санал санаачилгын саналыг холбогдох газарт уламжлах, санал авах асуудлыг өрнүүлээд байгаа болно.
