Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"НАУРЫЗ" БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ

2016-03-21

Ассалаумағалайкүм, ардақты халайық, қымбатты Баян- Өлгийліктер!
Хүндэт Баян-Өлгийчүүд ээ.
Казах түмний уламжлалт Наурыз баяртайгаа эсэн мэнд, энх тунх золгож буй эрхэм хүндэт азай буурлууд, ахмад, дунд, залуу үеийнхэн Та бүхэнд олон зууны тэртээгээс өвөг дээдсээсээ уламжлагдан ирсэн  Казах үндэсний шинэ жилийн баяр - Наурыз баярын халуун мэндчилгээг дэвшүүлж, учран золгож буй Бичин жилдээ түмэн олноороо түвшин амгалан, гэр бүл, айл хотлоороо элэг бүтэн, элбэг дэлбэг, эвтэй найртай, хийморь цогтой байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

Хаврын баяр хэмээх Наурыз баяраар хүн бүр өөдрөг үзэл, эв нэгдэл, хайр хүндэтгэлийг бэлэгшээж, уур уцаарыг умартан, атгаг муу санаагүй, атаархал хорсолгүй, өр өглөггүй, сэтгэл түвшин угтдаг онцгой нэгэн баяр цэнгэл юм.

2009 оны 09-р сарын 30-ны өдөр ЮНЕСКО-д Наурыз баярыг дэлхийн соёлын биет бус өвөөр бүртгэсэн ба 2010 оны 05-р сарын 21-ний өдрийн НҮБ-ын шийдвэрээр Наурыз баярыг Олон улсын хэмжээнд өргөн дэлгэр тэмдэглэх болсон билээ.
Монгол Улсын төр, засаг ч гэсэн Наурыз баярыг онцлон үзэж, жил бүрийн 3-р сарын 22-ны өдөр өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэх тухай Монгол Улсын Их Хурлаас тогтоол гаргаснаар эх орны маань өнцөг булан бүрт амьдран аж төрж буй казах иргэд тухайн газар нутгийн үндэстэн ястнуудтай хамтран уламжлалт баяраа ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх, үндэсний өв уламжлал, зан заншил, урлаг соёлоо дээдлэн дэлгэрүүлэх өргөн боломж бүрдсэн юм.

Улиран одож буй хонь жил Монгол Улс, манай аймгийн хувьд өгөөж буянаа харамгүй хайрласан, амжилт бүтээлээр арвин, оюун санааны амьдралд ч багагүй эерэг өөрчлөлт гарсан, газар тэнгэр ивлэсэн, бороо хур ихтэй, байгаль дэлхий буян хишгээ харамгүй хайрласан өгөөмөр жил болж, бид бүхэн өнөөдөр бичин жилийн урин хаврын угтагч өдөр - Наурыз баяртайгаа эсэн мэнд золгож байна.
Өнгөрч буй хонин жилд өрх гэрт маань бүл нэмэгдэж, эрдэнэт мал сүрэг маань өсөн арвижлаа. Аймгийн нийгэм, эдийн засгийн бүхий л салбаруудын үйл ажиллагаанд багагүй ахиц, дэвшил гарлаа. Улс, аймаг орноо хөгжүүлэх Төр, засгийн бодлого амжилттай хэрэгжиж, шинэ соргог, бүтээн байгуулалтын олон арван ажлууд хийгдлээ.

Эрхэм хүндэт Баян-Өлгийчүүд ээ!
Та бүхэн Наурыз баярын чимэг болсон үндэснийхээ хосгүй баялаг өв уламжлал, урлаг соёл, зан үйлийн гайхам сайхныг үлгэрлэн харуулж, азай буурал, ахас дээдэс, зочид гийчиддээ дастарханаа дэлгэн, ачит мөнхийн ерөөл тавьж, «Наурыз көже», идээ будаагаар дайлан, эелдэг зочломтгой сэтгэлээрээ гүн хүндэтгэл үзүүлж, хурдан хүлгүүдээ уралдуулан, хүчит бөхөө барилдуулан, зон олноороо өнгө жавхаатай, сэтгэл тэнүүн сайхан наадаарай!

Ардақты ағайындар! Әз-Наурыз құтты болсын!
Ұлыс оң болсын, Ақ мол болсын! Кайда барса жол болсын, пәле- қала жерге енсін! Әр шаңыраққа Қыдыр дарып, құт қонсын! Ел іргесі тыныш, еңселеріңіз биік болып абыройларыныз аскактай берсин!

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА                                        Б.ЛАЗАТХАН

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9557
7873 / 82%
1042 / 11%
306 / 3%
336 / 4%