Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БАГШ НАРЫН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ

2015-10-02

Эрхэм хүндэт багш, сурган хүмүүжүүлэгчид, боловсролын салбарын нийт ажилтан, хүүхэд багачууд, эцэг эхчүүд ээ аймгийн үр хойчид боловсрол олгох үйл хэрэгт эрдэм мэдлэг, авъяас чадвар, ур ухаан, бүхий л  амьдралаа харамгүй зориулсан ахмадууд, бие сэтгэл, эрдэм оюунаа зориулан хүчин зүтгэж яваа эрдэмтэн, багш нар,  боловсролын салбарын ажилтан, албан хаагчид Та бүхэндээ Аймгийн ИТХ, түүний Тэргүүлэгчид, Аймгийн Засаг дарга, түүний Тамгын газар, иргэд хөдөлмөрчид, эцэг эх, шавь нарынхаа өмнөөс болон хувиасаа Монголын багш нарын баярын мэндийг хүргэж хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

Манай аймгийн орчин үеийн боловсролын салбарын үүсэл хөгжлийн түүх 1920-30-аад оноос эхлэлтэй бөгөөд энэ хугацаанд хөгжил дэвшлийн олон үеийг даван туулж, энэ оны хичээлийн жилд 21390 охид, хөвгүүдийг сурган хүмүүжүүлэх 43 сургууль, 35 цэцэрлэг, 1483 багш эгнээндээ багтаасан  нийгмийн тэргүүлэх, томоохон салбар болон төлөвшсөн нь та бидний бахархал мөнөөс мөн.

Боловсролын системийг хөгжүүлэн урагшуулах гол эх үндэс нь багш билээ. Иймээс БСШУЯамнаас зохион байгуулагдаж буй суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг аймгийнхаа хэмжээнд хэрэгжүүлэх сургалтанд бүх багш нар хамрагдсан нь сайшалтай хэрэг билээ. Тус тогтолцоо нь суурь боловсролын цөм хөтөлбөр, сурах бичиг, багшийн ном, хэрэгжилт - менежмент, үнэлгээний шинэчлэлийн талаар нэгдсэн ойлголт, мэдээлэлтэй болж, цөм хөтөлбөрийн агуулга, арга зүйн онцлогийг ээлжит хичээл, үйл ажиллагаа төлөвлөх, хэрэгжүүлэх, багшийн ажлын амжилтыг урагшлуулах, хичээл, сургалтыг дэмжих гол хөшүүрэг болж байна.

Өнгөрсөн 9-10 жилийн хугацаанд тус салбарт ажиллаж, халуунд нь халж, хүйтэнд нь хөрч явсан ахмад үеийнхэнийг ямагт алдаршуулж, хорвоогийн  мөнх бусыг үзүүлсэн  эрхэмүүдийн гэгээн дурсгалыг үрд мөнх дурсан санаж, амьд сэрүүн яваа буурал багш нартаа байнга хүндэтгэл үзүүлж, тэдгээрийн баялаг туршлага, үлгэр дуриалалтай  амьдралын замналаас суралцаж, дараагийн үедээ бухиалан өвлүүлж байх нь өнөөгийн бидний нандин үүрэг билээ.
Засгийн газар, аймгийн удирдлагын зүгээс сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч энэ ондоо Цэнгэл сумын төвд 75 хүүхдийн цэцэрлэг, Улаанхус сумын Хөх хөтөл багийн 150 хүүхдийн дотуур байр, мөн Улаанхус сумын Согог багийн дотуур байрыг хугацаанаас өмнө ашиглалтанд өгсөн бөгөөд Баяннуур суманд 100 хүүхдийн дотуур байрны барилга баригдаж саяхан ашиглалтанд орлоо.

Энэ онд манай аймагт БСШУЯамны сайдын багцнаас засварт – 140 сая төгрөг батлагдаж, Өлгий сумын 5-р бүрэн дунд сургуулийн дээврийн их засвар, мөн 5-р цэцэрлэгийн халаалтыг бүхэлдээ шинэчилж, 4-р 10 жилийн бүрэн дунд сургуулийн халаалтын их засварыг бүрэн хийж гүйцэтгэсэн болно.
Өлгий сумын 1 дүгээр  бүрэн дунд сургуулийн дутуу санхүүжилтийг улсын төсөвт суулгаж чадснаар одоо удахгүй биеийн тамирын заал ашиглалтанд орохоор болж байна.
Үүнээс гадна аймгийн ОНХС-н хөрөнгөөр концессийн гэрээгээр 2, 4, 9, 13-р багуудад шинээр 4 цэцэрлэг баригдан ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Ингэснээр сургууль, цэцэрлэгийн орон тоо нэмэгдэх ба үүнийг дагаад багш та бүхний ажлын ачаалал багасч, хүүхдийн сурч хөгжих орчин нөхцөл сайжирна.

Төр, засгийн шинэчлэлийн бодлогын хүрээнд эрх зүйн шинэ орчинд ажиллаж байгаа та бүхэн 2014-2015 оны хичээлийн жилд дэвшүүлсэн зорилтуудаа амжилттай биелүүлэн, менежментийг сайжруулах, сургалтын ая тухтай орчинг бүрдүүлэх, өсвөр залуу үеийнхэнд чанартай боловсрол олгох талаар шинэ шинэ амжилт гаргаж, улсын тэргүүний салбарын хэмжээнд хүрнэ гэдэгт итгэл төгс байна.

Хүүхэд бүрийн авъяасыг нэн илрүүлж, усалж, ургуулж тэднийг орчин цагийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах боломжийг бүрдүүлэн аймаг, улс орны нэрийг дэлхийд алдаршуулахын төлөө багш болгон хүчин чармайлт гаргаж, өөрсдийгөө боловсруулж, орчин үеийн дэвшилтэд технологи, ололтоос байнга суралцаж байхыг уриалж байна.
Багш Таны соён гэгээрүүлэхүйн их үйлсэд тань амжилт хүсэж, таны амьдрал эрүүл энх байж, эрдэм билгийн гэгээн гэрлээ түгээж явахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье. Эрхэм баян-Эрдэм ном дэлгэртүгэй!.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
ДАРГА                                   Б.ЛАЗАТХАН

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9564
7876 / 82%
1045 / 11%
307 / 3%
336 / 4%