УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга А.Бакейн санаачлагаар улс эх орны ирээдүй болсон хүүхэд залуучуудын авьяас чадварыг нээн хөгжүүлэх, олимпизмийн
үзэл санааг сурталчлах, тив дэлхийд нутгийнхаа нэрийг дуурсгах шилдэг
тамирчдыг бэлтгэх зорилгоор Монголын Үндэсний Олимпын Хороо, Эрүүл мэнд,
спортын яам, Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөл, «Хөгжлийн эрч» клуб хамтран “Баян-Өлгий-2015” бага олимпийг 2015 оны 9 дүгээр сарын 11-14-ний өдрүүдэд Өлгий хотод “Спортын оргил өөд олуулаа” уриан доор зохион байгуулах гэж байна.
Тус
аймагт 1988 он хүртэл уламжлал болон зохион байгуулагдаж ирсэн уг
спортын арга хэмжээ нь түр тасалдсан ба цаашид 2 жил тутам тогтмол
явуулж байх тухай аймгийн ИТХ-аас тогтоол ч гарсан байна.
Бага
олимпд үндэсний бөх, жүдо, шатар, даам, сагсан бөмбөг, волейбол,
тогызкумалак, теннис, сур харваа, нийтийн биеийн тамир зэрэг спортын 10
төрлөөр аймгийн төвийн болон хөдөөгийн 12 сумын 26 баг, нийтдээ 1300
орчим тамирчин хүч үзэх бөгөөд 132 багц медалийн төлөө өрсөлдөх юм.
Бага олимпын бамбарыг аялуулах арга хэмжээ 2015 оны 8 дугаар сарын 27-ны
өдөр Өлгий хотоос эхэлсэн ба тус аймгийн 13 сум, 1 тосгоныг бүтэн тойрч
9 дүгээр сарын 11-ний өдөр нээлтийн ажиллагааны үеэр аймгийн төв стадионд хүрэлцэн ирнэ. Бамбар аялуулах арга хэмжээний үеэр бүх сумдад спортын тэмцээн уралдаанууд зохион байгуулагдаж байгаа юм байна.
