Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Малын чанар, үржлийн ажлыг сайжруулах аймгийн хөтөлбөр батлагдлаа

2015-06-09

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 06 сарын 9-ний өдрийн хурлаар "Малын чанар, үржлийн ажлыг сайжруулах аймгийн хөтөлбөр"-ийг хэлэлцэж, тэргүүлэгчид сайн боловсруулсан, сайн хөтөлбөр болж гэж үнэлэн санал нэгтэйгээр баталлаа. Улсаас болон мал эмнэлгүүд малын эрүүлжүүлэлтийн тал дээр ихээхэн анхаарч байгаа ч, малын чанар үржлийн талыг орхигдуулаад байгаа билээ. Манай аймгийн хувьд мал сүргийнхээ тоо толгойгоор улсдаа тэргүүлээд байгаа хэдий ч бэлчээрийн даац, үлийн цагаан огтоно, байгаль цаг уур зэрэг олон шалтгаанаар малаа чанаржуулах, сайн үүлдэрийн малыг бий болгох, сайн үржлийн арьс шир, мах, сүүний чиглэлээр малыг суурин маллах, фермжүүлэх ажил нэн шаардлагатай байгаа билээ.
"МАЛЫН ЧАНАР, ҮРЖЛИЙН АЖЛЫГ САЙЖРУУЛАХ АЙМГИЙН ХӨТӨЛБӨР"
Нэг. Нийтлэг үндэслэл
  1. Мал аж ахуйн өнөөгийн байдал

2014 оны эцэст аймгийн нийт өрх 26809, хүн ам 92896 болж өслөө. Мал бүхий 17219 өрхийн 13858 нь малчин өрх бөгөөд энд 26591 малчин байна. Аймгийн дотоодын нийт бүтээгдхүүний 63,8 хувийг хөдөө аж ахуйгаас үйлдвэрлэлээ. Хүн амын мах, сүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээрээ хангадаг цагаан идээгээрээ алдартай хэдий ч үйлдвэрийн аргаар бэлтгэсэн мах 8.5 хувь, сүү 15 хувийг эзэлж байна.

Мал сүргийн тоо өссөөр тэмээ 1205, адуу 303931, үхэр 502569, хонь 2229497, ямаа 1130413, нийт 4293216 толгой болж улсдаа тэргүүллээ. Сүүлийн хоёр жилд малын тоо 889980 толгойгоор буюу 26.1%-иар, жилд дунджаар 13.0%-иар өссөн. Мөн хоёр жилийн дунджаар оны эхний нийт малын 35%-тай тэнцэх 1322.1 мянган төлийг 96.0%-иар бойжуулж, оны эхний нийт малын 20.4% буюу 731.1 мянган толгой малыг аж ахуйн эргэлтэнд оруулж, 196.2-94.1 мянган мал хорогдож 94.2 – 97.5%-иар мал сүргээ онд орууллаа. 2006 онд буюу 10 жилийн өмнө нийт малын дотор тэмээ 0.08%, адуу 5.0%, үхэр 9.6%, хонь 42.0%, ямаа 43.2% байсан бол 2015 онд   тэмээ 0.03%, адуу 7.1%, үхэр 11.7%, хонь 51.9%, ямаа 29.3%-ийг эзэлж мал сүргийн төрөл хоорондын зохистой харьцаа сайжирч байгааг улам бүр сайжруулна. Хээлтэгч малын хувийн жин бодод 33.7%, богт 44.5%, нийт сүрэгт 42,9%-ийг эзэлж байгаа нь зохих хэмжээнээс бодод 11.3%, богт 5.5%, нийт сүрэгт 2.1%-иар доогуур байгааг сайжруулна.

Нийт малын 0.9%-ийг эзлэх 36.9 мянган хээлтүүлэгч малтай бөгөөд нэг хээлтүүлэгчид ноогдох хээлтэгчийн тоо бодод зохистой хэмжээнд, хонинд 34, ямаанд 22-оор хэтэрч тохироо алдагдан 8128 хуц, 3283 ухна, 88 бух, нийт 11502 хээлтүүлэгч дутагдалтай байгаа нь мал сүргийн чанарт муугаар нөлөөлж байгаа. Мөн нийт хээлтүүлэгч малын 11% нь стандартын шаардлага хангахгүй байна.

Тамир үүлдрийн хэсэг, Хотонт үржлийн хэсгийн хонь,Тэрхийн бор сарлаг, Сэлэнгэ үүлдрийн үхэр зонхилсон цөм сүргийн мал 312.6 мянган толгойд хүрч нийт малын 7.3 хувийг эзэлж байна.

Хонин толгойд шилжүүлснээр 8508866 толгой мал аймгийн нийт нутгийн 67.7 хувийг эзэлдэг 3744059.2 га бэлчээрт бэлчээрлэж байна. Нэг хонин толгой малд 0.79 га бэлчээр шаардлагатай атал 0,44 га бэлчээр мөн 1 га бэлчээрт 1.26 хонин толгой мал бэлчвэл зохих атал 2,27 хонин толгой мал ноогдож байна. Одоо байгаа малд 6751600 га бэлчээр шаардагдаж 3007541 га бэлчээр дутагдаж даац энэ хэмжээгээр хэтэрсэн. Мөн одоогийн бэлчээрт 4718540 хонин толгой мал бэлчих багтаамжтай учраас 3790326 хонин толгой малаар багтаамж хэтэрсэн. 2014 онд бэлчээрийн ургацын био массын хэмжээ 5.5 цн/га, өвлийн ургацад шилжүүлснээр 3.7 цн/га – аар тогтоогдож, аймгийн нийт бэлчээр нутгийн 48,3 хувьд нь даац хэтэрсэн судалгаа гарсан. Дээрх судалгаа тооцоогоор бэлчээрийн даац аймгийн дүнгээр 1.8дахин хэтэрсэн байна.

Өнөөдөр ган, зуд тохиолдвол мал сүрэг эрсдэлд ойрхон байна. Учир нь малын тоо өссөнөөс урьд нь ган зуд болоход ашигладаг байсан отрын нөөц нутаг ихэнх сумдад байхгүй болсны дээр бэлчээрийн талхлагдал газар авч, бэлтгэсэн нэмэгдэл тэжээлийн хэмжээ ган зудын аюулын өмнө хаана ч хүрэхгүй болно. Нэг хонин толгой малд 9.8 кг өвс бэлтгэж байгаа нь 7-хон хоногийн нөөц бөгөөд газрын гарц муудаж, малд ашигтай тэжээлийн ургамал хомсдож, ашиггүй ургамлын хувийн жин нэмэгдэж байна. Ийм нөхцөлд малыг аж ахуйн эргэлтэнд оруулан борлуулж, тоо толгойг одоогийн түвшинд барих буюу цөөлөх, малын чанар, ашиг шимийг сайжруулах замаар малчдын орлогыг тогтвортой нэмэгдүүлэх, мал аж ахуй эрхлэх байгалийн нөхцлийг урт хугацаанд тогтвортой хадгалах, бэлчээр хадлангийн талбайг зохистой ашиглан, нөхөн сэргээж, ургацыг нэмэгдүүлэх менежментийг хэрэгжүүлэх, таримал бэлчээр, отрын болон хашаалсан нөөц бэлчээр бий болгох,   тэжээлийн ургамал тариалалтыг нэмэгдүүлж үйлдвэр цехийг байгуулж дотоодынхоо хэрэгцээг хангадаг болох шаардлагатай байна.

19 суманд мал эмнэлэг үржлийн тасгийг байгуулж үржил бүртгэл хариуцсан тушмэлийг мал аж ахуйн талаар гарсан төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, хяналт тавих, зохицуулах, зохион байгуулах үүрэгтэйгээр ажиллуулж байгаа. Өнөөдөр 14 сумын МЭҮТ-т 14, МЭҮҮ- ний 4 нэгжид   тэтгэврийн насны 4 мал зүйч малын эмчээр, аймгийн ХХААГ-т 4, аймгийн Малчдын холбоо ТББ-д 2, ӨУБМААЭШ-ний хүрээлэнд 3, нийт 27 мал зүйч ажиллаж байгаа нь мал аж ахуйн үйлдвэрлэлийг шинжлэх ухааны үндэслэлтэй удирдан зохицуулах мэргэжилтний нөөц бага байна. Эндээс харахад малчид, мал үржүүлэгчдийн эрэлт хэрэгцээ шаардлагад нийцсэн мэргэжлийн ажил үйлчилгээг үзүүлэх, малын чанар сайжруулах, эрчимжүүлэх мэргэжлийн чадварлаг, дадлага туршлагатай боловсон хучнийг бүх сумдад бий болгох, үржлийн үйлчилгээний нэгжүүдийг байгуулж үржлийн ажлыг дагнуулан тууштай эрхлүүлэх шаардлагатай байна.

Байгалиас хараат байдлыг багасгах, эрсдэл даах чадавхийг нэмэгдүүлж, эрсдлийг бууруулах, цөм сүргээ түшиглэн шилмэл хээлтэгч хээлтүүлэгчийг бойжуулан тохироог хангаж нэг малаас ашиглах ашиг шимийг нэмэгдүүлэх, сүргийн зохистой бүтцийг бүрдүүлэх, бэлчээрийн даац багтаамжийг тохируулж чадавхийг зөв ашиглах, эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх, түүхий эдийг борлуулах сүлжээ, анхан шатны боловсруулалт хийх цех, боловсруулах үйлдвэрийг байгуулах нь чухал. Эдгээр шаардлагуудыг үндэслэн энэхүү хөтөлбөрийг боловсруулж байна.

2. Эрх зүйн үндэслэл

         Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс бодлогын баримт бичиг олныг гаргасан боловч тэдгээрийн хэрэгжилт манай аймагт төдийгүй улсын хэмжээнд сул байна. Малын чанар сайжруулах хөтөлбөр, эрчимжсэн аж ахуйг дэмжих хөтөлбөр, сүү, малын тэжээл зэрэг хөтөлбөрүүдийн үр дүн манай аймагт харагдалгүй хугацаа дуусч байгаа. Төрөөс малчдын талаар баримтлах бодлого, Малын үржлийн ажлын стратеги төлөвлөгөө, Монгол мал үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх үе шат үргэлжилж байна. Хэрэгжиж эхлэх үеийн эрч далайц жил тутам суларсаар бий болгосон чухал зүйлсийг үгүйсгэж тухайлбал: манай аймагт зарим сумдын Мал эмнэлэг үржлийн тасгийн мал зүйчийн орон тоог цомхотгож байна. Малын удмын сан эрүүл мэндийг хамгаалах тухай хууль болон малчдын талаар төрөөс баримтлах бодлогын шинэчлэл хийгдэхээр төсөл хэлэлцэгдэж байна. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа дээрх хууль, хөтөлбөр, төлөвлөгөө нь хөтөлбөр боловсруулах эрх зүйн үндэслэл болж байна.

                 Хоёр. Хөтөлбөрийн зорилго, тэргүүлэх чиглэл, зарчим, үржлийн чиглэл

 

         Мал аж ахуйг байгалийн болон уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн тогтвортой хөгжүүлэх, учрах эрсдэлт хүчин зүйлүүдийг бууруулах, мэргэжлийн албадын чадавхийг бэхжүүлэх, малын чанар ашиг шимийг нэмэгдүүлэх, эрчимжүүлэх боловсруулах үйлдвэрүүдийг байгуулах, экспортыг дэмжихэд хөтөлбөрийн зорилго оршино.

                 2.1. Дээрх зорилгыг хэрэгжүүлэхэд дараахь тэргүүлэх чиглэлийг баримтална.

         2.1.1. Цөм сүрэг гойд ашиг шимт малыг өсгөж, удамшлын чадавхийг дээшлүүлэн, үржлийн бүх малыг баталгаажуулан бүртгэлжүүлж, үржлийн бүртгэл мэдээллийн сан бүрдүүлж, тогтолцоог бий болгох.

         2.1.2. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн маркетинг, менежментийг сайжруулах, мал эмнэлэг үржлийн тасаг, үржлийн үйлчилгээний нэгжийг үржлийн чадварлаг мэргэжилтэн, чанартай багаж техник хэрэгслэлээр хангаж бэхжүүлэх.

         2.1.3. Мал сүргийн ашиг шимийг нэмэгдүүлэх үржил селекцийн ажлыг эрэлт хэрэгцээнд нийцүүлэн эрчимтэй явуулж, эрчимжсэн технологийг нэвтрүүлж биологийн төгс чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд өрсөлдөх чадавхийг сайжруулах, мал сүргийн толгойн тоог зохистой түвшинд байлгах.

         2.1.4.   Мал аж ахуйн бүтээгдэхүүн түүхий эдийг боловсруулах үйлдвэрүүдийг байгуулах.

         2.1.5. Зохистой ашиглах, нөхөн сэргээх, даац багтаамжийг тохируулахад чиглэсэн бэлчээрийн оновчтой менежментийг хэрэгжүүлэх.

         2.1.6. Тэжээлийн ургамал тариалж, үйлдвэрийн аргаар тэжээл үйлдвэрлэж дотоодынхоо хэрэгцээг хангах.

                   2.2. Хөтөлбөрийн үйл ажиллагааг дор дурдсан үндсэн зарчмуудад тулгуур лан хэрэгжүүлнэ.

         2.2.1. Мал аж ахуйн хөгжлийн бодлогыг төрийн бодлоготойтой уялдуулж, дэмжлэг авах.

         2.2.2. Байгаль, цаг уурын өөрчлөлт, нийгмийн хөгжлийн чиг хандлага, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн хөгжүүлэх.

         2.2.3. Малын чанарыг сайжруулж, сүргийн бүтцийг оновчтой болгон тогтвортой хадгалах.

         2.2.4. Аймаг сумын хэмжээнд үржлийн бүртгэл мэдээллийн санг бүрдүүлэн , сүлжээг бий болгож, мэдээллийг нээлттэй хүртээмжтэй байлгах.

         2.2.5. Малын чанар сайжруулах үржлийн ажил үйлчилгээг мэргэжлийн байгууллага, мэргэшсэн ажилтны удирдлага, дэвшилтэт технологи, мэргэжилд түшиглэн явуулах.

                   2.3. Мал сүргийг доорхи чиглэлээр сонгон үржүүлнэ.

           2.3.1. Тэмээг ноос, сүүн ашиг шимийг нэмэгдүүлэх, уналга эдэлгээний чиглэлээр шилэн сонгож цэврээр үржүүлхийн зэрэгцээ, Төхөм тунгалагийн хос зогдорт хүрэн үржлийн хэсгийн болон Ханын хэцийн хүрэн омгоор сайжруулна.

           2.3.2. Адууг мах, сүү, хурдны болон уналга эдэлгээний чиглэлээр шилэн сонгож цэврээр үржүүлхийн зэрэгцээ Хэнтий, Сухбаатар, Төв зэрэг аймгуудын шилмэл удам угшлаар сайжруулна.

           2.3.3. Нутгийн монгол үхрийг мах, сүүний, сарлагийг сүү, хөөврийн чиглэлээр шилэн сонгож цэврээр үржүүлхийн зэрэгцээ Сэлэнгэ үүлдрээр, Сарлагийг Тэрхийн бор, Ховд, Өвөрхангай, Баянхонгорын шилмэл сарлагаар сайжруулах, сүү махны чиглэлийн үүлдрүүдтэй нийлүүлж хайнаг гаргах, өндөр ашиг шимт цэвэр үүлдэрийн болон эрлийз үхрийг цэврээр нь төв суурин газрын ойролцоо үржүүлнэ.

           2.3.4. Хонийг мах-ноосны чиглэлээр шилэн сонгож цэврээр үржүүлэх, Хотонт үржлийн хэсэг, Тамир үүлдрийн хэсгийн хонины үүлдэрлэг байдал удмын санг хамгаалах, бататган сайжруулах, баяжуулан үндсэн сайжруулагчаар ашиглахын зэрэгцээ Үзэмчин, Барга, Баяд үүлдрээр сайжруулна.

           2.3.5. Ямааг ноолуур, сүү, махны чиглэлээр цэврээр нь шилэн сонгож үржүүлхийн зэрэгцээ Өлгийн улаан, Эрчмийн хар омгуудаар сайжруулна.

Гурав. Хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагаа

 

           3.1. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн маркетинг, менежментийг сайжруулна.

           3.1.1. Мал сүргийн нөхөн үйлдвэрлэлийг хөтөлбөрийн хугацаагаар төлөвлөж, хэрэгжүүлэх

           3.1.2. Үржлийн үйлчилгээний нэгжүүдийг бүх суманд байгуулж, мал үржлийн үйлчилгээг өргөжүүлэх

           3.1.3. Мал эмнэлэг үржлийн тасгуудыг бэхжүүлэх

           3.1.4. Мал цөөнтэй өрхүүдийг малжуулах ажлыг үржлийн бодлого зорилтуудтай уялдуулан хэрэгжүүлэх

           3.1.5. Хөдөө аж ахуйн биржээр мал, түүхий эд борлуулах онлайн арилжаанд оролцох

           3.1.6. Ноос, ноолуур, арьс шир, мах, сүү боловсруулах үйлдвэрийг байгуулж хөгжүүлэх

           3.1.7. Төслийн болон төрийн бус байгууллагууд, үржлийн аж ахуйн нэгжүүд, төрийн байгууллагуудын мал аж ахуй, малын үржлийн талаар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг уялдуулах

           3.1.8. Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангуулах, аймаг, сумдын аюулгүйн нөөцийн өвс тэжээлийг бүрэн бэлтгүүлэх ажлыг зохион байгуулах

           3.1.9. Гойд ашиг шимт үржлийн шилмэл малын   үзэсгэлэн худалдааг сум, аймагт чанартай зохион байгуулж, улсад өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцуулах

           3.2. Малын удмын сан, генетик нөөцийг сайжруулж, цөм сүрэг бүрдүүлнэ.

           3.2.1. Аймгийн нийт мал сүргийн доторхи үүлдэр, омог, хэвшлийн малыг шилэн сонгож, цэврээр нь үржүүлэх, эрлийзжүүлэн чанар ашиг шимийг дээшлүүлэх

           3.2.2. Үржилд ашиглаж байгаа хээлтүүлэгч, цөм сүргийн малд үзлэг, тооллого, хянан баталгаажуулалт хийх, тоо толгойг нэмэгдүүлэх, цөм сүрэг бүрдүүлэх

           3.2.3. Дутагдаж байгаа хээлтүүлэгчийг цөм сүргээсээ нөхөн тавьж бойжуулан баталгаа жуулж сүрэг сэлбэн хээлтэгч хээлтүүлэгчийн тохироог хангах

           3.3. Хээлтүүлгийн дэвшилтэт технологи, биотехнологийн дэвшлийг нэвтрүүлнэ.

           3.3.1. Бог малын хээлтүүлэгчийг мэргэжлийн ажил үйлчилгээний нэгжид ялган төвлөрүүлэх

           3.3.2. Хээлтүүлгийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, үржлийн лаборатори байгуулах

           3.4. Эрчимжсэн аж ахуйг хөгжүүлнэ.

           3.4.1. Малын ашиг шимийн чиглэлээр төрөлжсөн загвар фермерийн цогцолбор аж ахуйнууд ыг бий болгож цаашид өргөжүүлэн хөгжүүлэх

           3.4.2. Мал бордох загвар аж ахуйг байгуулж, өргөжүүлэх

           3.4.2. Гахай, шувуу, зөгийн загвар аж ахуйг хөгжүүлж, өргөжүүлэх

           3.5. Мал үржлийн болон түүхий эд бүтээгдхүүн үйлдвэрлэлийн бүртгэл мэдээл лийн сан бүрдүүлж, мэдээллээр хангана.

           3.5.1. Цөм сүргийн хээлтэгч, үржилд ашиглаж байгаа бүх хээлтүүлэгчид ялган тэмдэглэгээ хийж бүртгэл мэдээллийн санд оруулж бүртгэх

           3.5.2. Малын үржлийн бүртгэл мэдээллийн сан бүрдүүлэх

           3.5.3. Малчдын бэлтгэсэн түүхий эдэд урамшуулал олгох ажлыг зохион байгуулах

           3.5.4. Малчдыг нийгмийн даатгалд, мал сүргийг индексжүүлсэн даатгалд хамруулах ажлыг зохион байгуулах

           3.5.5. Малчдад жижиг дунд үйлдвэрлэгчийн гэрчилгээ, баталгааны тэмдэг олгох ажлыг зохион байгуулах

           3.6. Бэлчээрийн менежментийг сайжруулна.

           3.6.1. Аймгийн бэлчээрийн төлөв байдлын үнэлгээг хийж дүгнэлт гаргах, даац багтаамжийг тохируулах, нөхөн сэргээх

           3.6.2. Бэлчээрийн тодорхой хэсгийг улс, орон нутгийн тусгай хэрэгцээнд авч хамгаалах

           3.6.3. Бэлчээрт хөнөөл учруулж буй үлийн цагаан оготнотой байгаль орчинд халгүй дэвшил тэт арга технологи ашиглан тэмцэх ажлыг зохион байгуулах

           3.6.4. Бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор инженерийн хийцтэй худаг шинээр гаргах, сэргээн засварлах

           3.7. Тэжээлийн ургамал тариалалт, хадлан тэжээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ.

           3.7.1. Малын тэжээлийн нэг ба олон наст уураг энергийн агууламж өндөртэй ургамлыг тариалж, тэжээл үйлдвэрлэх,таримал хадлан болгох

           3.7.2. Тэжээлийн үйлдвэр, цех байгуулах

           3.8. Сургалт сурталчилгааг өргөжүүлэн хийнэ.

             3.8.1. Сумдын мал зүйч, үржлийн мэргэжилтнүүдийн аймгийн зөвлөгөөнийг жил бүр зохион байгуулж туршлага, мэдээлэл солилцох

             3.8.2. Малын ангилагч, шинжээч бэлтгэх сургалтанд сумдын мал эмнэлэг үржлийн тасаг болон үржлийн үйлчилгээний мал зүйч нарыг хамруулах

             3.8.3. Зохиомол хээлтүүлгийн техникч бэлтгэх сургалтанд мал зүйч мэргэжилтнүүдийг шинээр хамруулж, давтан сургах

           3.8.4. Мал зүйч мэргэжилтнүүдийг бодлогоор шинээр бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх, давтан сургах, мэргэшүүлэх чиглэлээр дотоод, гадаадад сургалтанд хамруулах

           3.8.5. Мал үржлийн ажил үйлчилгээ эрхлэгчид, мэргэжилтнүүдийг туршлага судлах дотоод, гадаадын аялалд оролцуулж мэдлэгийг нь дээшлүүлэх

           3.8.6. Малын чанар үржлийн ажилд үнэлгээ өгч, үржлийн ажлын зөвлөмж аргачлал, технологи боловсруулж малчид, мал үржүүлэглэгчдэд мэдлэг олгох сургалт сурталчилгаа явуулах

           3.8.7. Мал сүргийнхээ чанарыг сайжруулж,ашиг шимийг нэмэгдүүлэх, бэлчээрийг зохистой ашиглах, нөхөн сэргээх талаар амжилт гаргасан малчин, мал бүхий иргэн, аж ахуйн нэгж байгууллага, сум багийг жил бүр шалгаруулан урамшуулж арга туршлагыг нь түгээн дэлгэрүүлэх

Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа, хүрэх үр дүн

 

           4.1. Хөтөлбөр хэрэгжүүлэх үе шат, хугацаа

           4.1.1. Хөтөлбөрийг 2015- 2021 онд хоёр үе шатаар хэрэгжүүлнэ.

           4.1.1.1. Эхний үе шат 2015-2018 он

            4.1.1.2. Хоёр дахь үе шат 2015-2021 он

           4.2. Хөтөлбөрийн хүрэх үр дүн

           4.2.1. Мал сүргийн нөхөн үйлдвэрлэл зохистой хэмжээнд төлөвлөгдөн, мэргэжлийн удирдлагаар тогтмол хангагдаж, оролцогч талуудын ажил уялдаж, мал аж ахуйн үйлдвэрлэлийн маркетинг, менежмент сайжирна.

           4.2.2. Мал үржлийн ажил судалгаанд үндэслэн үржүүлгийн бүдүүвч төлөвлөлтийн дагуу мэргэжлийн түвшинд хийгдэж, сүргийн үүлдэрлэг байдал сайжирч, цөм сүрэг бүрдэж, ашиг шимийн хэмжээ нэмэгдсэнээр мал сүргийн удамшлын чадавхи дээшилж, удмын сан сайжирч чанартай өндөр ашиг шимт мал сүрэгтэй болно.

           4.2.3. Хээлтэгч, хээлтүүлэгчийн тохироог хангаж,богийн хээлтүүлэгчийг мэргэжлийн байгууллага мэргэжилтний мэдэлд шилжүүлж, үржүүлэг, хээлтүүлгийн дэвшилтэт үйлчилгээ болон үржлийн лаборотори бий болсноор мэргэжилд түшиглэсэн стандартын үйлчилгээ бий болно.

           4.2.4. Ашиг шимийн чиглэлээр төрөлжсөн загвар аж ахуйнууд бий болсноор мал амьтны үүлдэрлэг байдал, үйлдвэрлэлийн хэмжээ, чанар эрэлт хэрэгцээгээ даган сайжирч цаашдаа улам эрчимжиж өргөжин хөгжинө.

           4.2.5. Хээлтүүлэгч, цөм сүргийн малыг ялган тэмдэглэж үржлийн мэдээллийг бүртгэх, үйлдвэрлэсэн түүхий эд бүтээгдхүүн, малчдын урамшуулал, даатгал, үйлдвэрлэгчийн мэдээлэл зэргийг бүхэлд нэгдсэн мэдээллийн санд оруулснаар хэрэглэгчдийг хэрэгцээт мэдээллээр хангадаг үйлчилгээ бий болно.

           4.2.6. Бэлчээрийн төлөв байдлын үнэлгээг бодитой хийж бэлчээрийг нөхөн сэргээж, мал сүргийн бүтэц тоог тохиромжтой түвшинд барин бэлчээрийн даац багтаамжийг тохируулан оновчтой менежменттэй болно.

         4.2.7. Малын тэжээлийн ургамал тариалж хэрэгцээгээ хангадаг арга ажиллагаанд нийт малчдыг сургаж, өөрийн үйлдвэрлэлийн тэжээлээр аймаг өөрийгөө хангах, өвс тэжээлийн хэрэгцээнийхээ бодит тооцоог малчин бүр хийж хэрэгцээт хадлан, тэжээлээ бүрэн бэлтгэж чаддаг болно.

         4.2.8. Мэргэжилтнүүд, мал үржүүлэгчдийн мэдлэг чадварыг дээшлүүлснээр үржлийн ажил чанаржиж, арга технологи боловсронгуй болж, бүтээмж нэмэгдэнэ.

Тав. Хөтөлбөрийн удирдлага зохион байгуулалт

 

         5.1. Төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн түншлэлийн зарчимд тулгуурлан хөтөлбөрийг аймгийн хэмжээнд удирдан зохион байгуулах, зохицуулах үүргийг аймгийн Засаг дарга хариуцна.

         5.2. Хөтөлбөрийг аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг аймгийн Хүнс, Хөдөө Аж Ахуйн Газар, төслийн болон төрийн бус байгууллагууд, сумдын Мал эмнэлэг үржлийн тасаг, мал үржлийн үйлчилгээний нэгжүүд, үржлийн малтай малчид хариуцна.

Зургаа. Хөтөлбөрийн санхүүжилт

 

                   6.1. Хөтөлбөрийг дараахь эх үүсвэрээс санхүүжүүлнэ.

         6.1. Улсын болон орон нутгийн төсөв;

         6.2. Мал бүхий иргэдийн өөрийн хөрөнгө;

         6.3. Аж ахуйн нэгж байгууллагын хөрөнгө;

         6.4.Төслийн буюу олон улсын байгууллагын хөрөнгө;

         6.5.”Монгол мал” хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгө;

         6.6. Хөдөө аж ахуйн тусгай зориулалтын сангийн хөрөнгө;

         6.7. Бусад эх үүсвэр;

Долоо. Хөтөлбөрийн тайлан, хяналт шинжилгээ

         7.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг сумын Мал эмнэлэг үржлийн тасаг жил бүрийн 1-р сарын 10-ны дотор аймгийн ХХААГ-т, аймгийн ХХААГ 2-р сарын10-ны дотор аймгийн Засаг дарга ИТХ-д тус тус тайлагнана.

         7.2. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хяналт шинжилгээ үнэлгээг холбогдох хяналтын байгууллагууд, хэрэгжилтийн үр дүнд үнэлгээ өгөх ажлыг аймгийн Засаг дарга, ИТХ хариуцна.

         7.3. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц байдалд үнэлгээ өгч тодотгол хийнэ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%