Өнөө
үед хүн төрөлхтний сэтгэлийг эмзэглүүлж буй гол асуудлын нэг бол –
байгаль экологийн тэнцвэрт байдал, уур амьсгалын өөрчлөлт, агаарын
бохирдол. түүнээс улбаалан
нийгэм, эдийн засгийн бүх салбарт нүүрлэж буй аюулын эрчийг
сааруулах, багасгах, урьдчилан сэргийлэх асуудал мөн билээ. Дэлхийн
өнцөг булан бүрт болж буй
гал, ус, цаг агаарын аюулт үзэгдлүүд, хуурайшилт, цөлжилт, ган гачиг,
осол гамшиг бүхний ихэнх нь хүний буруу үйл ажиллагаанаас үүссэн гэж
эрдэмтэн мэргэд үздэг. Энэхүү сэтгэл түгшээсэн асуудлыг оновчтой зөв
шийдвэрлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах олон арга, хэрэгслийн
нэгд моторгүй тээврийн хэрэгсэл буюу унадаг дугуй ашиглах явдал зүй
ёсоор тооцогддог байна. Хийн түлшээр явдаг эсвэл цахилгаан хөдөлгүүр
бүхий автомашин дэвшилтэт шийдэл хэдий ч унадаг дугуй нь мөнгө хэмнэх
зэрэг эдийн засгийн талаар ашигтай зэрэгцээ хүмүүн бидний эрүүл мэнд,
идэвхтэй амьдралын хэв маягт суралцахад ямагт эерэг нөлөө үзүүлж
байдаг. Түүнчлэн хөгжингүй орнууд дугуйн хэрэглээг – зах замбараагүй
өсөн нэмэгдэж буй шигүү хотжилт, төвлөрлийн толгойн өвчин болсон замын
түгжрэлийг арилгах, хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх, агаарын бохирдол,
хотын дуу шуугианыг багасгах, эрүүл ахуйг сайжруулах хамгийн зөв шийдэл
хэмээн үзэж хот төлөвлөлтийн салшгүй нэг хүчин зүйл болгон анхаарч
байдаг байна.
Нөгөө талаар дугуй унах нь хүний бие махбодийг эрүүлжүүлэх, чийрэгжүүлэхэд чиглэсэн бусад бүх дасгалын адилаар зүрхний фитнесс хийлгэх, венийн судасны өвчнөөс
сэргийлэх, мөн ташаа, өвдөг зэрэг үе мөчний гэмтлийг арилгах, жин
хасах, хэт таргалалтаас ангижрах, бодисын солилцоог сайжруулахад ач
тустай эмчилгээ болдог байна. Түүнчлэн дугуй байнга унадаг хүнд өвлийн
цагт ч ханиад хүрдэггүй бөгөөд байнга эрүүл чийрэг байхад хорт хавдраар
өвдөх магадлал эрс буурна. Дугуйгаар явах нь танд амралт бас бяцхан
аялал болж өгнө. Хөдөлгөөн хийх тусам биеийн эрч хүч нэмэгдэж, хийж
бүтээх урам зориг сэргэдэг байна.
Хот суурин газарт өндөр үнэтэй, шатахуун их хэрэглэдэг автомашин унаж мөнгө шатааж, байгаль орчноо бохирдуулж
байхын оронд моторгүй тээврийн хэрэгсэл ашиглаж байх нь хувь хүний
эдийн засгийн хэмнэлт, эрүүл мэндэд ч, байгаль экологийн тэнцвэрт
байдлыг хадгалах, уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдлыг сааруулах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд ч ач тустай болох нь үүнээс харагдаж байна.
Иймд,
дугуй унахын олон талт ач тусыг сайтаар ухамсарлаж, дугуй унах
хөдөлгөөнийг хот хөдөөгүй өрнүүлэхийг аймгийн нийт ард иргэд, төр,
захиргаа, албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэний нийгмийн
байгууллага хамт олон, иргэн бүрт УРИАЛЖ байна.
Хувь хүн, айл өрх, нэгж байгууллагуудад эдийн засгийн хэмнэлт, эрүүл чийрэг амьдрал бэлэглэх ээлтэй үйлсийн нэг болох ДУГУЙ УНАХ ХӨДӨЛГӨӨНД бүх нийтээрээ нэгдэцгээе!
Албан
байгууллага, аж ахуйн нэгж бүр байгууллагынхаа дэргэд «Дугуй
сонирхогчдын клуб», дугуйлан байгуулж байгууллага хоорондын болон олон
нийтийг хамарсан уралдаан тэмцээн, аялал зугаалга зохион байгуулж байхыг
хэвшил болзоцгооё!
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
