ИТХ-ын дарга А.Бегарыс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалж, тэдэнд анхаарал хандуулдаг төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт хийлээ. Уулзалтад “Хөх бөмбөг” ТББ, “Энэрэл Жаргал Галуу” ТББ, “Гэгээ” аутизмын холбоо, Эцэг эхийн холбооны төлөөлөгчид оролцлоо.
Уулзалтаар эдгээр байгууллагуудын үйл ажиллагаанд тулгамдаж буй гол асуудлуудыг хэлэлцэв. Тухайлбал, орон байрны хүрэлцээ муу, хүний нөөц болон мэргэжлийн боловсон хүчний дутагдал зэрэг сорилтуудыг онцоллоо.
ИТХ-ын дарга А.Бегарыс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдэнд тэгш боломж олгох ажлыг дэмжин ажиллахын зэрэгцээ эдгээр төрийн бус байгууллагуудыг нэгдсэн системд нэгтгэн зохион байгуулалттай хамтран ажиллах санал гаргав. Тэрээр хүний хөгжлийг бодлогоор дэмжих нь аймгийн хөгжлийн суурь гэдгийг онцлон тэмдэглэж, холбогдох талуудад дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.
Уулзалтын үр дүнд эцэг эхчүүд болон төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулахаар шийдвэр гарлаа.