Улс төрийн хилс хэрэгт олон мянган иргэдийг хилсээр хэлмэгдүүлсний төлөө Монголын төр ард түмнээсээ уучлал хүсэж, амь насаа алдсан хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн мөнхжүүлэх, улс төрийн хэлмэгдүүлэлтийн хор уршгийн талаар хойч үеийнхэнд таниулах, санан дурсах зорилгоор Монгол Улсын Их Хурал 1996 оноос эхлэн жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр” болгон орон даяар хүндэтгэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэснээс хойш өдгөө 29 дэх жилдээ золгож байна.
Энэ өдөр Данригданжаалин хийдэд хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалд зориулж 108 зул бадрааж, Санжид молом, Санжаа гүнлаа, Ганжуур, Маанийн ерөөл зэрэг ном хурууллаа. Уг арга хэмжээнд аймгийн Засаг дарга Б.Бат-Эрдэнэ, Хэрлэн сумын Засаг даргын орлогч Б.Лхагвасүрэн болон хэлмэгдэгсдийн үр хүүхдүүд оролцлоо.
2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулинд өөрчлөлт орсоны дагуу Дорнод аймгаас нийт 166 иргэнд 8.2 тэрбум төгрөгийн нөхөх олговрыг олгоод байна.
2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр буюу “Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр” тохиолдуулан 1-р сургуулийн түүх, нийгмийн ухааны багш нар сурагчдад эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор ахлах ангийн сурагчдад “Улс төрийн хилс хэлмэгдүүлэлт” сэдвээр хичээл зааж, ярилцлага өрнүүлсэн.Үүнд: Ахлах ангийн 532 сурагчдаас 12-р ангийн 121 сурагч, 11 дүгээр ангийн 187 сурагч, 10 дугаар ангийн 149 сурагч нийт 457 сурагчийг хамруулсан.
Мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас МУИС-ийн Дорнод салбар сургууль болон Политехникийн коллежийн оюутнуудын дунд “Хэлмэгдүүлэлт ба түүний хор уршиг” сэдвээр уулзалт ярилцлага зохион байгууллаа.
Түүнчлэн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдтэй хамтран “Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх ногоон төгөл” байгуулах зорилгоор 3-р багт байрлах Үндэстэн ястны цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж, арчлалт хамгаалалтад байнга анхаарч ажиллаж байна.