Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГҮН ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ

2023-01-27

Еркетайн Дөрветхан
/1944-2023/
Ардын боловсролын салбарт бие сэтгэлээ зориулан он удаан жил үр бүтээлтэй ажилласан Монгол Улсын гавьяат багш Еркетай овогтой Дөрветхан 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр зуурдаар таалал төгсөж ар гэр, эрдмийн нөхөд, шавь бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.
Е.Дөрветхан нь 1944 онд Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын “Ховд голын эрэг” гэдэг газар төрсөн. 1957 онд Баяннуур сумын бага сургуульд, 1963 онд Өлгий сумын 10 жилийн I дүгээр дунд сургуулийг тус тус суралцаж төгссөн. 1963 онд ЗХУ-ын Свердловск хотод Уралын Техникийн сургуулийн цахилгаан инженерийн ангид элсэн суралцаж байсан. 1965 онд цэргийн албанд татагдан мото-буудлагын I дүгээр бригад болон танкийн хороонд алба хаасан ба 1965-1970 онд эх орно хамгаалахаар танкийн салаа, ротын даргаар ажилласан байна. 1970-1971 онд Баяннуур сумын 10 жилийн сургуульд математикийн багшаар ажиллаж байгаад 1971-1975 онд Улсын Багшийн Дээд сургуульд элсэн суралцаж Математикийн багш мэргэжилтэй төгсжээ.
1975-1979 онд Өлгий хотын 10 жилийн I дүгээр сургуулийн хичээлийн эрхлэгч, захирал, 1979-1990 онд 10 жилийн II дугаар сургуулийн хичээлийн эрхлэгч, 1990-1996 онд Боловсролын хэлтэс болон Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, 1996-2000 онд Баян-Өлгий аймаг дахь Монгол-Туркийн хамтарсан сургуульд зөвлөх багш, математикийн багш, 2000-2004 онд Өлгий сумын Засаг дарга бөгөөд Өлгий хотын захирагч, 2005-2006 онд аймгийн III дугаар ахлах сургуульд багш, 2006-2012 онд “Билге-Тегин” бүрэн дунд сургуулийн захирал, 2013 оноос Монголын Ахмад багш нарын холбооны аймаг дахь зөвлөлийн тэргүүн, аймгийн Боловсрол Шинжлэх ухааны газрын зөвлөхөөр үр бүтээлтэй ажиллаж байсан ба 1992-2012 онуудад аймгийн Ахмадын хорооны тэргүүлэгчээр 20 жил сонгогдон ажиллаж байсан. Мөн Монголын багш нарын анхдугаар болон II, III, VII дугаар зөвлөгөөнд төлөөлөгчөөр оролцож байсан.
 
Монгол Улсын гавьяат багш Е.Дөрветхан нь боловсролын салбарт тасралтгүй 52 жил ажиллаж, ажилласан хугацаандаа хүүхэд, залуучуудад өндөр боловсрол олгохын зэрэгцээ тэднийг ажилч хичээнгүй, эх оронч хүмүүжилтэй болгох, ажил амьдралд бэлтгэж сургах талаар маш их идэвх зүтгэлтэй ажилласан бөгөөд багш, сурагчдын дунд өндөр нэр хүндтэй ахмад сурган хүмүүжүүлэгч байлаа.
 
Ахмад багш Е.Дөрветхан 1-6 дугаар ангийн математикийн сурах бичгийг монгол хэлнээс казах хэлнээ орчуулан, Хавтгайн геометрийн томьёоны лавлахыг, сонгодог 100 бодлогын бодолтыг туурвисан нь багш, сурагчдын ширээний ном болсон. Мөн 100 гаруй лекц, яриа, өгүүлэл болон аймгийн Боловсролын салбарын товч түүхийг 2021 оныг дуустал хамруулан эмхэтгэн бичсэн юм.
Хүндэт ахмад багш Е.Дөрветхан аймгийн хэд хэдэн Ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн эрхлэгч, захирлаар ажиллах хугацаандаа ажлын амжилтаараа аймгийн хэмжээнд тогтмол эхний байруудад шалгарч байсны зэрэгцээ удирдлага зохион байгуулалт, материаллаг баазыг бэхжүүлэх, суралцагчдын сурлага болон багшлах боловсон хүчин бэлтгэхэд жинтэй хувь нэмэр оруулсныг төр засгаас өндрөөр үнэлж Ардын боловсролын тэргүүний ажилтан, Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч тэргүүний ажилтан, Өлгий хотын хүндэт иргэн, Ардын хувьсгалын ойн медальууд, Төрийн дээд шагнал “Алтан гадас” одон, Монгол Улсын “Гавьяат багш” цолыг 2009 онд хүртээсэн юм.
 
Эрхэм багш Е.Дөрветханы чин шударга зан, хөдөлмөрч хүнлэг чанар, эгэл даруу, нөхөрсөг гэгээн дүр нь хамт олон, найз нөхөд, түүний мянга мянган шавь нарын зүрх сэтгэлд үүрд мөнхрөх болно.
 
Монгол Улсын гавьяат багш Е.Дөрветхан багшийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
 
Баян-Өлгий аймгийн ИТХ, Аймгийн ЗДТГазар
 
 
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1322
514 / 39%
419 / 32%
189 / 14%
200 / 15%