ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2023 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТӨСЛИЙГ БАТАЛЛАА
УИХ-ын чуулганы 2022.11.10-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр Монголбанк дангаараа болон Засгийн газар, СЗХ-той хамтран хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний зорилтын хамтаар батлав.
Монголбанк Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн хүрээнд 2023 онд дараах зорилтуудыг авч хэрэгжүүлнэ. Үүнд:
Мөнгөний бодлогын хүрээнд
- Хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцыг 2023 онд нэг оронтой тоонд, дунд хугацаанд +/-2 нэгж хувийн интервалд 6 хувийн орчимд тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлогыг зах зээлийн зарчимд тулгуурлан хэрэгжүүлнэ
- Санхүүгийн системд хуримтлагдаж болзошгүй эрсдэлийн шинжилгээ, мониторингийг сайжруулах, эрсдэл хуримтлагдахаас сэргийлэхэд чиглэсэн макро зохистой бодлогын арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлнэ.
- Төв банк олон нийттэй харилцах харилцаандаа ил тод, нээлттэй байдлын зарчим баримталж, олон улсын сайн туршлагыг өөрийн орны онцлогт нийцүүлэн хөгжүүлж, ашиглана.
Банкны салбарын тогтвортой байдлын хүрээнд:
- Банкны салбарын хяналт шалгалт, зохицуулалтын арга хэрэгсэл, үнэлгээний аргачлалыг олон улсын жишиг, зарчимд нийцүүлэх, бодлого, арга хэмжээг үргэлжлүүлнэ.
- Эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг нэвтрүүлэх хүрээнд банкны салбарын макро стресс тестийн аргачлалыг боловсронгуй болгож, системийн болон тухайлсан банкны эрсдэлийн үнэлгээг нэвтрүүлнэ.
- Банкны салбарын зээлийн эрсдэлийн зардлыг бууруулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүхийн шийдвэрийн үр дүнтэй байдлыг сайжруулах, харилцагчийн хууль ёсны эрхийг хамгаалах чиглэлээр хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлыг үргэлжлүүлнэ.
Санхүүгийн захын дэд бүтэц, түүний институтийг бэхжүүлэх хүрээнд:
- Дотоод, гадаад төлбөр тооцоог хэвийн үргэлжлэх нөхцөлийг бүрдүүлнэ. Санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Үндэсний төлбөрийн системийн эрх зүйн зохицуулалтыг сайжруулж, төлбөрийн хэрэгслийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжиж, олон улсын зарчмын дагуу төлбөрийн системийн хяналтыг хэрэгжүүлнэ.
- Иргэд болон бичил, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд санхүү, эдийн засгийн суурь мэдлэг олгох ажлыг үргэлжлүүлнэ.
- Монголбанкны бодлого, үйл ажиллагаанд их өгөгдлийг ашиглах бэлтгэл ажлын хүрээнд мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн үе шаттайгаар хөгжүүлнэ.
- Монгол Улсын гүйлгээнд хүчин төгөлдөр ашиглаж буй мөнгөн тэмдэгтийн эдийн засгийн үр ашиг бүхий зохистой бүтцийг судалж, танилцуулна.