Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Г.Болор-Эрдэнэ:Энэ онд 6 зорилтын хүрээнд 226 ажил хийхээр төлөвлөсөн

2022-01-12

Увс аймгийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн явц, 2021 оны хөгжлийн төлөвлөгөөний үр дүн, цаашдын зорилгын талаар Аймгийн ЗДТГ-ын дарга Г.Болор-Эрдэнэтэй ярилцлаа. Өнгөрөгч онд “Орлогын бүтээн байгуулалт-Увс” хөтөлбөрийн хүрээнд 6 зорилт бүхий 153 ажил, арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллажээ.

-2021 оны хөгжлийн төлөвлөгөөний биелэлтийг 84,1 хувьтай гэж дүгнэсэн. Орлогын бүтээн байгуулалтын эхлэл ажил юу байв?

-Юуны өмнө “Увсын өнгө” сонин, сайтын уншигч та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Увс аймгийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх “Орлогын бүтээн байгуулалт-Увс” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд өнгөрөгч онд 6 зорилт бүхий 153 ажил, арга хэмжээг хэрэгжүүлэн ажилласан байна. Аймгийн 2021 оны хөгжлийн төлөвлөгөөний биелэлт 84,1 хувьтай гэж дүгнэгдсэн нь чамгүй амжилт байлаа. Засаг даргын мөрийн хөтөлбөрийн малгай зорилт болох орлогын бүтээн байгуулалтыг өрнүүлэх ажил нь өрх бүрийн амжиргааг сайжруулах, иргэдийг байнгын болон түр ажлын байраар хангахын тулд эдийн засгийн тэргүүлэх салбараа хөгжүүлэх, үйлдвэржилтийг бий болгоход чиглэгдсэн. Энэ хүрээнд хөдөө сумдтай уялдаа холбоотой ажиллаж, төлөвлөсөн ажлаа бодитой хэрэгжүүлэх замаар орлого бүтээх  ажлыг эхлүүлж чадсан. Увс аймгийн эдийн засгийн үндэс болсон мал аж ахуй, газар тариалан, мөн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, үүнд түшиглэсэн ажлын байр нэмэгдүүлэх, орлого бүтээх суурь ажлуудыг амжилттай гүйцэтгээд байна.

Ялангуяа “ Шинэ хөдөө-Увс” төслийн хүрээнд улсын төсвийн 650 сая төгрөгийн санхүүжилтээр 4 арга хэмжээ, ОНХС-ийн нэг тэрбум төгрөгийн санхүүжилтээр 18 ажил, арга хэмжээг хэрэгжүүлсэн. Тухайлбал Улаангом, Өндөрхангай сумдад сүү цагаан идээ боловсруулах цех, Тариалан суманд тэжээлийн цех, Өмнөговь суманд жижиг оврын тэжээл боловсруулах цех, Ховд, Сагил сумдад зөгийн аж ахуй байгуулагдсан. Мөн тариаланчдад хэрэгцээт тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, хор бордоо, ургамал хамгаалах бодисыг нийлүүлэх, шинэ төрлийн үрийн дэмжлэг үзүүлэх зэргээр тулгамдсан асуудлыг нь шийдэж ажилласан байна. Улаангом сумын 1-р баг, Тариалан сумын Тээлийн голд газар тариалан эрхэлдэг 168 иргэн, аж ахуйн нэгжийн 160 га талбайг цахилгаан эрчим хүчтэй холбосон зэрэг олон ажлыг дурдаж болно. Ийнхүү газар тариалангийн салбараа дэмжиж ажилласны үр дүнд чацарганы ургац 20 хувиар, арвайн ургац 50 хувиар нэмэгдсэн амжилттай байгаа.

Түүнчлэн мал аж ахуйн салбарын хувьд хургыг технологийн аргаар хөнгөлөх нь амьдын жин, махны гарцыг нь сайжруулах ач холбогдолтой учир зарим сумдад уг ажлыг туршилтаар зохион байгууллаа. Малын гаралтай түүхий эд боловсруулах чиглэлээр орон нутгийн гурван үйлдвэртэй хамтран ажиллаж, бүтээгдэхүүнийг  баруун аймгууд болон Тува улсын зарим иргэдэд нийлүүлж байна.

-Увсын брэнд бүтээгдэхүүнийг хөгжүүлэн хэрэглэгчдийн гар дээр хүргэж чадсан? Одоо дараагийн алхам юу вэ?

-Увс аймагт үйл ажиллагаа эрхэлдэг хоршоод, ЖДҮ эрхлэгчидтэй хамтран брэнд бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлд орчин үеийн инноваци шингэсэн технологийг нэвтрүүлэх, бүтээгдэхүүн хөгжүүлэх стандартыг хангах, брэндингийг бий болгоход зайлшгүй шаардлагатай ажлуудыг үе шаттай хэрэгжүүлсний үр дүнд Увсын брэнд бүтээгдэхүүний дээжийг хэрэглэгчдийн гар дээр хүргэж чадсан. Тодруулбал аймгийн ИТХ-аар брэндийн зөвлөлийг байгуулж, “UBC-brand”-ийн хөгжүүлэлтийг эхлүүлээд жил гаруйн хугацаа өнгөрч байна. Нэг стандартаар үйлдвэрлэгдэх анхны бүтээгдэхүүнээр “Хархираа арвайн гурил” үйлдвэрлэгч 6 аж ахуйн нэгжтэй хамран ажиллах санамж бичиг байгуусан ба эцсийн бүтээгдэхүүнээ гарган “Номин”-гийн бүх салбараар худалдаалж байна.

Өнөөдөр Увсын арвайн гурил, шар тос, зөгийн бал, мөн чацаргана, үхрийн нүдээр хийсэн бүтээгдэхүүн зэрэг үндсэн суурь бүтээгдэхүүнүүдийг брэндийн түвшинд хүргэх боловсруулалт амжилттай хийгдэж байна. Цаашид  гадна, дотны зах зээлийн эрэлтэд нийцсэн, иргэдийн ажил, амьдралын орлогын эх үүсвэрт түлхэц болсон үйлдвэрлэл болон хөгжих юм. Тухайлбал “Цагаан ултай гутлын кластер төв”-ийн зураг төсөв бэлэн болсон бол энэ онд барилгын ажил хийгдэхээр боллоо. Цагаан ултай гутлыг өрх бүрийн үйлдвэрлэл шингэсэн, орлогыг татсан брэнд бүтээгдэхүүн болгохын тулд чанар, хийцийг нь илүү сайжруулах замаар зах зээлийг нь өргөжүүлэх боломжтой гэж үзэж байна.

-Зарим сумдад шинэ төрлийн аж ахуйг байгуулсан. Уг ажлын үр дүн хэр байна?

-Шинэ төрлийн аж ахуйг хөгжүүлэх хүрээнд Увс аймагт зөгийн аж ахуй, тахианы аж ахуйг хөгжүүлэх эхлэлийг тавилаа. Ховд, Сагил сумдад 20 бүл зөгий бүхий аж ахуйг байгуулаад эзэнжүүлсэн ба өвлийн зоорийг нь бэлдэж өгсөн. Цаашид зөгийн аж ахуйг орон нутагтаа хөгжүүлэхтэй холбоотой зөвлөн туслах мэргэжлийн багшийг Улаанбаатар хотоос урьж ажиллуулсан. Нэмж хэлэхэд зөгийн аж ахуй гэдэг бол агаарт хийсэж байгаа мөнгийг хүний хэтэвчинд оруулж ирдэг гэсэн тодорхойлолт байдаг. Тухайн иргэн санаачилгатай байвал зарлагагүйгээр орлого олох боломжтой. Ер нь цаашид зөгийн балыг брэнд бүтээгдэхүүн болгох нөхцөлийг зуун хувь бүрдүүлнэ. Мөн Цагаанхайрхан суманд 140 гаруй тахиатай тахианы аж ахуйг байгуулсан ба өдгөө тус сумын сургууль, цэцэрлэгийг өндөгөөр хангаж байна.

Увс аймгийн хөрсөнд шинэ төрлийн хүнсний ногооны аж ахуйг хөгжүүлэх боломж бүрдсэн. Хүнсний ногоог жилийн 4 улиралд тариалахын тулд өвлийн зоорийн асуудлыг шийдэх, нарийн ногооны хэрэгцээгээ дотооддоо хангахын тулд тариаланчдыг хүлэмжээр хангах хэрэгцээ бий.

-Иргэдийн халааснаас гарах мөнгийг тухайн өрхөд үлдээнэ гэж байгаа. Тухайлбал эрүүл мэндийн салбарт энэ асуудал яригдах байх?

 -Хөдөө сумдын иргэд эмнэлэгт шинжилгээ өгөхийн тулд аймгийн төвийг зорьдог, иргэд зарим төрлийн үзлэг, хагалгааг хийлгэхээр Улаанбаатар хотыг зорих нь тэдэнд эдийн засгийн дарамт, чирэгдэл учруулдаг. Иймд энэхүү урсгалыг бууруулах шаардага бий. Иргэд амьдарч буй сум, орон нутагтаа шаардлагатай үзлэг шинжилгээ, эмчилгээгээ хийлгэх боломжийг нь бүрдүүлчихвэл тэдний халааснаас гарах мөнгө буурна гэсэн үг. Нэг ёсондоо иргэдийн зарлагыг багасгаж, халааснаас гарах мөнгийг нь өрх бүрд үлдээх зорилготой ажиллаж байна. Иймд эрүүл мэндийн салбарын түвшинд хүртээмжтэй, чанартай, чирэгдэлгүй үйлчилгээг хүргэхэд жил тутам үе шаттай ажил төлөвлөсөн. Нэн түрүүнд ходоодны уян дуран, рентген зөөврийн аппарат, PCR шинжилгээний аппартай болсон гээд тодорхой ахиц гарч байна.

Цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах бодлогын хүрээнд халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээний төлөвлөгөөг аймаг, сумын онцгой комисс, шуурхай штабаар хэрэгжилтийг ханган ажилласны үр дүнд халдварын тархалт багассан. Гэхдээ иргэн бүр халдвар хамгааллын дэглэмээ сайн баримтлах шаардлага байнга байгаа гэдэгт анхаарах хэрэгтэй.

-Үргэлжлүүлэн энэ оны зорилт, хийж хэрэгжүүлэх ажлын тухай товч мэдээлэл өгөхгүй юу?

 -Засаг даргын 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу 2022 оны ажлаа төлөвлөөд байна. Мөн л орлогын бүтээн байгуулалт зорилтыг малгай зорилтоо болгон үргэлжлүүлэн ажиллана. Нийт 6 зорилтын хүрээнд 226 ажил хийхээр төлөвлөсөн. Аймгийн эдийн засгийн тэргүүлэх чиглэлээр Орон нутгийн хөгжлийг дэмжих "Шинэ хөдөө" төслийг үргэлжлүүлэх, “Увс-Агро” хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн цогцолбор төслийг эхлүүлэх, “Гурил тэжээлийн үйлдвэр”-ийг төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд эхлүүлэх, Үр тариа хадгалах агуулах барих, Нэгдсэн нэг брэндийг сурталчлан таниулж, дотоодын худалдан авалтаар дэмжих, Боршоо олон улсын боомтын "Шалган нэвтрүүлэх цогцолбор"-ын шинэчлэлийн ажлыг дуусгах зэрэг томоохон ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Хөдөө аж ахуйн чиглэлээр боловсруулах үйлдвэр цехүүдийг ажиллуулах, таримал тэжээлийн тариалалтыг нэмэгдүүлэх, ХАА-н тоног төхөөрөмжөөр хангах, үйлдвэрлэл эрхлэгчдийг чадавхжуулах, Тогтвортой аялал жуулчлалын чиглэлээр  “Аялал жуулчлалын цогцолбор”-ын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх, Увс, Хяргас нуурын эргийн тохижилт хийх, гадаад  болон дотоодын жуулчдыг мэдээллээр хангах зэрэг олон ажлыг тусгасан.

Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Хоёр живаа харгаа” төслийг сум, байгууллага, ААН, иргэдийн оролцоотойгоор  хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдэд нээлттэй, ил тод, түргэн шуурхай хүргэх зорилгоор салбар бүрт “Дижитал аймаг” төслийг хэрэгжүүлнэ. Иймд Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу энэ оны  4 дүгээр сарын 1 гэхэд бүх ажлын тендэр зарлагдаж, эзэнжүүлэхээр төлөвлөөд байна. Хэдий цар тахал, шүлхий өвчний асуудал яригдаж байгаа ч аймаг орны хөгжил, хүн амын аж амьдралыг сайжруулахад чиглэсэн төсөл, ажил, арга хэмжээг цаг хугацаанд нь хэрэгжүүлэх, үр дүнг нь гаргах чиглэлийг баримталж байна.

-Ярилцсанд баярлалаа.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3932
2729 / 69%
719 / 18%
240 / 6%
244 / 6%