Баян-Өлгий аймгийн Сонгуулийн хорооноос аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд сонгогчдын хамгийн олон санал авсан 39 нэр дэвшигчдийг Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай тогтоолыг аймгийн Сонгуулийн хорооны дарга А.Серикболат, нарийн бичгийн дарга Х.Бахыт болон сонгуулийн хорооны гишүүд 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бауыржанд өргөн барьлаа.
Ээлжит сонгуульд Монгол Ардын намаас 39, Ардчилсан намаас 39, Монгол Ардын Хувьсгалт намаас 13, бие даан нэр дэвшигч 5 нийт 96 нэр дэвшигч бүртгүүлж, хуулийн хугацаанд сурталчилгаагаа хийлээ.
Аймгийн сонгуулийн сонгогчдын нэрсийн жагсаалтад 59931 иргэн бүртгэгдэж 48336 нь буюу нийт сонгогчдын 80.65 хувь нь саналаа өгснөөс 23723 эрэгтэй 24613 эмэгтэй саналаа өгч хамгийн идэвхтэй буюу 26-40 насны 18681 сонгогч сонгуульд оролцсон байна.
Сонгуулийн дүнгээр Монгол Ардын намаас 59 хувь буюу 23 Төлөөлөгч, Ардчилсан намаас 38 хувь буюу 15 Төлөөлөгч, Монгол Ардын Хувьсгалт намаас 2.5 буюу 1 Төлөөлөгч тус тус аймгийн ИТХ-д шинээр сонгогдлоо. Сонгогдсон Төлөөлөгчдийн 34 эрэгтэй буюу 87 хувь 5 нь буюу 13 хувь нь эмэгтэй байна.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бауыржан сонгуулийг холбогдох хуулийн дагуу шуурхай зохион байгуулсан сонгуулийн хорооны баг хамт олонд талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсэв.
