ХЭЛМЭГДЭГСДИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ
Улс орон даяар Есдүгээр сарын 10-ны өдрийг Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэдэг билээ. Энэ хүрээнд Төв аймгийн Лүн суманд хилс хэргээр хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, ар гэр, төрөл төрөгсдөд нь хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа. Цэцэг өргөх ёслолын үеэр хэлмэгдсэн иргэдийн төрөл төрөгсөд сэтгэгдэлээсээ хуваалцсан юм. Иргэн С.Чунаг хэлсэн үгэндээ: “Тухайн үед миний өвөө гавж хүн байсан гэдэг. Гавж нарын хэрэглэдэг их том эмээл байж л дээ. Өвөөгийн хөрөнгийг хураана гээд хүмүүс ирэхэд манай аав ядаж эмээлийг нь аваад үлдэе гэж бодоод аргалын бүтээлэг доор хийж нуусан байсныг хөрөнгө хурааж явсан хүмүүс гавжийн эмээл хаана гээд хайсаар байгаад аваад явсан байдаг. Ингээд бодохоор тухай үед баривчлагдаж явсан хүмүүсийн ар гэрт юу ч үлдээдэггүй байсан юмуу даа. Цаашид хүнийг хилс хэрэгт гүтгэх явдал байхгүй байгаасай гэж хүсэж байна” хэмээсэн юм.