Казах ард түмний өвөрмөц ёс заншил, бүргэдээр ан хийх уламжлалыг гадаад, дотоодын иргэдэд сурталчлан танилцуулахаас гадна аялал жуулчлалыг өргөжүүлэх зорилготой уламжлалт “Бүргэдийн баяр”-ын 20 жилийн ойн арга хэмжээ өнөөдөр Баян-Өлгий аймгийн Бугат сумын Саят толгойд зохион байгуулагдсан ба тус арга хэмжээн хоёр өдөр үргэлжиллээ.
Тус Бүргэдийн баярын арга хэмжээнд Баян-өлгий аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан аймгийн Засаг дарга А.Гылымхан, ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле, БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, аймгийн Засаг даргын орлогч Ш.Хавыл, БОАЖ-ын сайдын зөвлөх П.Ганболд болон баруун таван аймгийн төлөөлөгчид оролцож баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Тэрээр Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан Бүргэдийн баярын арга хэмжээний нээлтийн ажиллагаанд оролцож хэлсэн үгэндээ: Бүргэдийн баярыг 1999 оноос хойш тэмдэглэж эхэлсэн бөгөөд энэ жил 20 жилийн ой тохиож байна. “Монгол улсад аялал жуулчлалыг хөгжүүлэх, нүүдэлчдийн уламжлалт зан заншил, соёлын өвийг гадаад, дотоодын иргэдэд сурталчлан таниулах зорилгоор энэхүү “Бүргэдийн баяр”-ыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.
Дэлхийд зөвхөн Казах, Киргиз үндэстэн бүргэдийг гаршуулан сургаж ан ав хийдэг юм. Энэхүү бүргэдээр ан хийх явдал түгээмэл дэлгэрч орчин үед ан агнуураас гадна аялал жуулчлалын арга хэмжээ болон өргөжиж байна.
Бүргэдийг дасган гаршуулах, ан авлах явдлыг гадаадын олон зуун жуулчид сонирхох болж жил бүр Бүргэдийн баяраар ирэх жуулчдын тоо өсөн нэмэгдэж байна. Үүний нэг жишээ нь энэ жилийн бүргэдийн баярт ирэх сонирхолтой гадаад жуулчдын тоо 8000 аас хол давсан бөгөөд үүнээс онгоцны тээвэрлэлтийн боломжоор 2500 гаруй жуулчид оролцож байна. Иймд бид цаашид газар дээрх баялаг болсон аялал жуулчлалыг хөгжүүлэх, жил бүр ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, мөн Баян-Өлгий аймгийг аялал жуулчлалын 4 дэх бүс болгох талаас нь ажиллах болно хэмээн онцлон хэллээ.
Түүнчлэн Бүргэдийн баярыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй бүргэдчидийг 20 жилийн ойн баярын тэмдгээр энгэрийн мялааж Талархал гардууллаа.
Онцлон хэлэхэд энэ жилийн "Бүргэдийн баяр"-ын арга хэмжээнд 150 гаруй биргэдчид оролцож байгаа ба морины тоноглолтой бүргэдчин шалгаруулах уралдаан, бүргэдийг алсаас дуудах, амьтны чихмэлд буулгах, амьд ан бариулах, тэмээн уралдаан, көкпар буюу тулам булаалдах зэрэг төрөл бүрийн тэмцээнийг зохион байгуулагдаж байгаа аж.
