МОНГОЛ УЛСЫН ИРЭЭДҮЙН ӨВ САНГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН
ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
Баялгийн санг байгуулах үндсэн зорилго нь нөхөн сэргээгдэхгүй байгалийн баялгийн өгөөжийг өнөө болон ирээдүй үед тэгш хүртээх, энэхүү хуримтлуулж буй мөнгө хөрөнгөө байнга өсөн арвижих сан болгон ирээдүй хойч үед өвлүүлэх, гадаад зах зээлийн мөчлөгөөс хамаарсан уул уурхайн орлогын хэлбэлзлийн төсөвт үзүүлэх нөлөөллийг бууруулах зэргээр орлогын хуваарилалт, мөнгөний бодлого, төсвийн бодлого, макро эдийн засгийн хэрэгсэл болгон ашиглах, макро эдийн засгийн менежментийн ухаалаг тогтолцоо бүрдүүлэхэд оршдог.
Зохистой удирдаж чадвал байгалийн баялаг, ашигт малтмалын орлого нь бага орлоготой, ашигт малтмал олборлогч улс орнуудын эдийн засгийн хөгжилд нааштай томоохон боломжуудыг олгодог. Хөгжиж буй улс орнуудын хувьд байгалийн баялаг эдийн засаг, улс орны хөгжлийн гол үндэс байх боломжтой хэдий ч тухайн улс орны удирдлагын буруу шийдвэр, хэт явцуу ашиг сонирхлын улмаас бодит амьдралд энэ нь нийтийн сайн сайхны төлөө гэхээс цөөн хэдэн хүний ашигтай амьжиргааны үндэс болж, улс орон нь ядууралд хүрэх, байгалийн баялаг ихтэй орнууд баялаг багатай орнуудаас хөгжил дэвшил нь хоцрох, хүний хөгжлийн үзүүлэлтүүд улам дордох нь түгээмэл бөгөөд үүнийг “байгалийн баялгийн хараал” хэмээн нэрлэдэг. Байгалийн баялаг нь ерөөл, бас хараал болсон эсрэг тэсрэг хоёр туйлын жишээг Норвеги ба Науру, Нигер Улсуудаар авч үздэг. Байгалийн хий, газрын тосны баялагтаа тулгуурлан хөгжин дэвжсэн Норвеги Улс өнөөдөр дэлхийн хамгийн баян, өндөр хөгжилтэй орны нэг болоод байхад, нэгэн цагт нэг хүнд ногдох ДНБ-ээрээ дэлхийн хамгийн өндөр орлоготойд тооцогддог байсан Науру арлынхан арлаа орхин нүүж дүрвэхтээ тулж, харин уран, газрын тос, алмаз, нүүрсний асар их баялагтай Нигер Улс өдгөө дэлхийн хамгийн ядуу, дорой буурай хөгжилтэй төдийгүй дайн самууны хөлд нэрвэгдсэн дэлхийн хамгийн аюултай орон болоод байна.
Манай улс уул уурхайгаас ихээхэн хамааралтай бөгөөд өнгөрсөн онд экспортын 89.2 хувь, төсвийн орлогын 17 хувь, ДНБ-ий 18.6 хувийг тус салбар бүрдүүлжээ. Монгол Улсад эрдэс баялгаас бий болсон их хэмжээний орлогыг ирээдүй хойч үеийнхэндээ үлдээх, урт хугацаанд баялгийг хуримтлуулах, арвижуулах бодлого, тогтолцоо үгүйлэгдэж байна.
Сүүлийн жилүүдэд Төв банкнаас мөнгөний тэлэх бодлогыг идэвхтэй явуулж байгаагийн зэрэгцээ төсөвт төвлөрөх эрдэс баялгийн орлого нэмэгдэхийн хэрээр улсын төсвийн орлого ихээхэн өсч, энэ хэмжээгээр төсвийн зарлагыг тэлж ирсэн. Энэ нь үнэ, ханш, инфляци хөөрөгдөх, макро эдийн засгийн тогтворгүй байдалд хүргэх, хямралд хүргэх, эдийн засгийг “хөөсрүүлж” улмаар “Голланд өвчин”-д нэрвэгдэх аюулын үүдийг үргэлжид нээлттэй байлгаж байна гэсэн үг юм.
Иймд өнөөдөр манайд үйлчилж буй макро эдийн засгийн менежментийн бодлого, арга хэлбэрийг ойрын хугацаанд өөрчилж Норвегийн макро эдийн засгийн удирдлага, менежментийн загвартай адил өөрийн загварыг бий болгон хэрэглэх шаардлага зүй ёсоор гарч байна. Монгол Улсын газрын хэвлийд байгаа их хэмжээний ашигт малтмал, эрдэс баялгийн олборлолтоос бий болох төсвийн орлогоос зарим хэсгийг ирээдүй хойч үеийнхэн, бидний үр хүүхдүүдэд үлдээх ёс суртахууны үүрэг, хариуцлага бидэнд байх ёстой гэж үзэж байгаа бөгөөд ухаалаг төр, эдийн засгийн шинэтгэл, бүтцийн өөрчлөлтийн өргөн хүрээтэй бодлогын хүрээнд энэхүү харилцааг зохицуулсан хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх цаг нь нэгэнт болсон байна.
Цаашид уул уурхайн салбарын орлогоос зарцуулагдах хэмжээг орлогын өсөлтийг дагалдуулан нэмэгдүүлбэл 2030 оноос төсвийн зарлагыг их хэмжээгээр танах сорилттой тулгарах тул уул уурхайн орлогын тодорхой хувиар хуримтлал үүсгэж эхлэх нь чухал юм. Иймээс ойрын ирээдүйд уул уурхайн ордуудын нөөц шавхагдаж эдийн засгийн эргэлтээс хасагдах үед эдгээрийн төсөвт төвлөрүүлж байсан хэмжээний орлогоос дутуугүй эх үүсвэрийг жил тутам өгөх санхүүгийн хөрөнгийн хуримтлалын тогтолцоо, механизм бий болгох шаардлага тулгарч байна.
Иймд мэргэжлийн судлаачдын зөвлөмж, бусад улс орны (Норвеги, Австрали, Шинэ Зеланд, Канад, Чили, Сингапур, Аляска, Солонгос г.м) Баялгийн сангийн хөгжлийн туршлага, хууль эрх зүйн зохицуулалтыг харьцуулан судлах замаар өөрийн орны онцлогт тохирсон суурь зохицуулалтыг бий болгож, уул уурхайн олборлолтоос орж буй орлогыг зөв менежментээр удирдах замаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д заасан “үндэсний баялгийг хүн ам, нийгмийн бүлэг болон өнөө ба хойч үеийнхэнд шударга, тэнцвэртэй хуваарилах” зарчмыг хэрэгжүүлэх зорилгоор Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг боловсрууллаа. Энэхүү хуулийн төсөл нь нийт 7 бүлэг 47 зүйлтэй байх ба төсөлд дараах үндсэн үзэл баримтлалыг тусгалаа. Үүнд:
Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл: Хуулийн зорилт, хууль тогтоомж, хуулийн үйлчлэх хүрээ, нэр томъёоны тодорхойлолт, сангийн хөрөнгийн удирдлагын зарчим болон түүнийг хэрхэн хэрэгжүүлэх талаар тусгалаа. Энэ хуулиар Ирээдүйн өв сангийн хөрөнгийн удирдлагатай холбогдсон харилцааг зохицуулах ба Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгийн удирдлага, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар, Хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон харилцаанд энэ хууль хамаарахгүй байхаар тусгав. Түүнчлэн, Сангийн удирдлагыг хэрэгжүүлэх Ирээдүйн өв сан корпорацийн онцлог зохицуулалтыг энэ хуулиар бусад нийтлэг асуудлыг Компанийн тухай хуулийг баримтлан ажиллахаар зохицуулав.
Хоёрдугаар бүлэг. Сангийн эх үүсвэр зарцуулалт: Сангийн хөрөнгийн эх үүсвэр нь ашигт малтмал олборлох, боловсруулах үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасны дагуу тэнцвэржүүлсэн журмаар тооцсон, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 70 хувь, төрд ногдох хувьцааны ногдол ашиг, төрийн өмчийн хувьцаа борлуулсны орлого, 2018 оноос эхлэн улсын төсөвт орох эрдэс баялгийн орлогын суурь жилийн орлогоос давсан хэсгийн орлогын 20 хувь болон бусад орлогоос бүрдэхээр, Сангийн хөрөнгийг 2030 оноос эхлэн сангийн цэвэр орлогын 20 хувийг улсын төсөвт шилжүүлэх замаар зарцуулахаар тусгав.
Гуравдугаар бүлэг. Сангийн хөрөнгийн удирдлага: Сангийн хөрөнгийн удирдлагыг мандатад заасны дагуу хэрэгжүүлэхээр, Мандатын төслийг Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж, түүний хэрэгжилтэд хяналт тавихаар, Мандатад өгөөжийн зорилтот түвшин, хөрөнгө оруулах хэрэгслийн төрөл, хөрөнгө оруулах хэрэгслийн төрөл тус бүрт байршуулах хөрөнгийн хувь хэмжээний дээд хязгаар, хөрөнгө оруулах орчин, валютын төрөл гэх мэт зүйлсийг тусгахаар зохицуулсан. Мөн Сангийн хөрөнгийн удирдлагын дараагийн шатны баримт болох хөрөнгө оруулалтын стратегийг уг хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх корпорацийн Удирдах зөвлөлөөс батлахаар төсөлд тусгалаа. Түүнчлэн, Сангийн хөрөнгийн удирдлагад тавигдах шаардлага болон зарим хориглох зохицуулалтыг мөн энэхүү бүлэгт тусгасан.
Дөрөвдүгээр бүлэг. Сангийн удирдлага: Сангийн хөрөнгийг удирдах байгууллагуудын бүтцийг тогтоож, тэдгээрийн албан тушаалтан болон ажилтанд тавигдах шаардлага, чиг үүргийн зохион байгуулалт болон эрх, үүргийг зохицуулсан. Сангийн ерөнхий удирдлагыг Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хэрэгжүүлнэ. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дэргэд орон тооны бус 3 гишүүний бүрэлдэхүүнтэй Зөвлөх баг ажиллах ба мэргэжлийн зөвлөгөө өгөх чиг үүрэгтэйгээр ажиллана. Мөн Удирдах зөвлөлийн үйл ажиллагаанд хяналт тавих эрх бүхий Хяналтын зөвлөлийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дарга, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус бүрийн сонгосон байгууллагуудаас сонгож ажиллуулахаар тусгалаа.
Тавдугаар бүлэг. Корпораци, түүний үйл ажиллагаа: Сан болон Засгийн газраас итгэмжлүүлсэн тохиолдолд Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх Корпорацийн бүтэц, зохион байгуулалт, хөрөнгийн удирдлагыг хэрхэн хэрэгжүүлэхийг зохицуулсан. Корпораци хөрөнгө оруулах шийдвэрийг мандат, хөрөнгө оруулалтын стратегийн хүрээнд, бусад байгууллага, албан тушаалтнаас хараат бус, бие даан гаргах ба Корпорацийн дүрмийг энэ хуульд нийцүүлэн Засгийн газар батална. Корпорацийн эрх барих дээд байгууллага болох Удирдах зөвлөл нь 5 гишүүнээс бүрдэнэ. Эдгээр гишүүдийг нэрсийн жагсаалтаас сонгосон Нэр дэвшүүлэх хорооны гишүүд сонгоно. Удирдах зөвлөл нь Аудитын хороо, Хөрөнгө оруулалтын хороотой байх бөгөөд шаардлагатай тохиолдолд бусад хороог байгуулж болно. Корпораци хөрөнгө оруулалтын, эрсдэлийн удирдлагын, дотоод хяналтын газартай байна. Корпорацийн өдөр тутмын удирдлагыг олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр сонгосон Гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлнэ. Гүйцэтгэх удирдлагын чиг үүргийг Компанийн хуульд зааснаар хувь хүн эсвэл багаар хэрэгжүүлэх бөгөөд үүнийг Удирдах зөвлөл шийдвэрлэнэ. Гүйцэтгэх удирдлага Удирдах зөвлөлийн зөвшөөрөлтэйгөөр сангийн хөрөнгийн зарим хэсгийг гэрээний үндсэн дээр хөндлөнгийн хөрөнгө оруулалтын менежментийн компаниар гүйцэтгүүлж, Хөндлөнгийн хөрөнгө оруулалтын менежментийн компани, кастодианы байгууллага болон Корпорацийн хооронд байгуулах гэрээг Удирдах зөвлөлөөс зөвшөөрөл авсны үндсэн дээр Гүйцэтгэх захирал байгуулахаар тусгалаа.
Зургадугаар бүлэг. Тайлагналт, ил тод байдал, хяналт: Сангийн үйл ажиллагааг тайлагнах, тайлангийн агуулга, ил тод байдал-олон нийтэд мэдээлэх, аудитын асуудлыг тусгасан. Корпораци Сангийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг улирал, хагас, бүтэн жилээр гаргах ба Төсвийн тухай хуулиар тогтоосон улсын төсвийн улирал, хагас, бүтэн жилийн тайлан гаргах цаглабрыг мөрдөх ба Улсын Их Хурал Сангийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг хэлэлцэн батална. Мөн Сангийн үйл ажиллагаатай холбогдох хуульд заасан мэдээллийг олон нийтэд заавал мэдээлж байхаар зохицуулсан.
Долдугаар бүлэг. Бусад зүйл: Энэ бүлэгт хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг албан тушаалаас халах, албан хаагчийг 5-10 жилийн хугацаанд төрийн албанд эргэж орох эрхгүйгээр халах, мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-350 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулах гэсэн 2 хэсэгт авч үзлээ. Эхний хэсэгт тухайн этгээдийг томилох эрх бүхий этгээд шийдвэр гаргахаар, хоёр дахь хэсэгт шүүгч, улсын байцаагч торгох шийдвэр гаргахаар хуулийн төсөлд тусгалаа. Мөн энэ бүлэгт хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчин төгөлдөр болох нөхцөлийг орууллаа.
Олон улсын туршлага: Хамгийн анхны баялгийн сан 1953 онд Бүгд Найрамдах Кувейт Улсад “Кувейтийн хөрөнгө оруулалтын зөвлөл” нэртэйгээр үүсгэн байгуулагдаж байсан байна. Түүнээс хойш 2013 оны байдлаар 50 гаран улсын 70 орчим баялгийн сан олон улсад үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээрээс идэвхитэй үйл ажиллагаа явуулж буй 34 сан байна. Олон улсад үйл ажиллагаа явуулж буй 14 сангийн хууль эрх зүйн орчинг судалснаас 57% нь тухайн сангийн тухай хууль батлагдсанаар, компанийн тухай хууль болон ерөнхийлөгчийн зарлигаар тус бүр 14%, үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ба Төсвийн хариуцлагын тухай хуулиар тус тус 1 сан байгуулагдсан байна.
Олон улсад үйл ажиллагаа явуулж буй баялгийн сангууд институцийн зохион байгуулалтын хувьд бие даасан ба бие даасан бус гэсэн ерөнхий хоёр хэлбэртэй байдаг. Бие даасан бүтэц гэдэг нь тухайн баялгийн сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэгч нь корпораци буюу хуулийн этгээд хэлбэрээр зохион байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулдаг. Харин бие даасан бус бүтэц нь баялгийн сангийн хөрөнгө эзэмшигчийн эрх тухайн улсын Сангийн яамны харьяа агентлагаар дамжин хэрэгждэг аж. Төв банкны ерөнхийлөгч буюу гүйцэтгэх удирдлагыг нь Сангийн сайд нь томилдог, Төв банк нь Сангийн яамандаа үүрэг хүлээж, тайлагнадаг Норвеги, Ботсвана зэрэг зарим орнуудад Баялгийн сангийн менежментийг Сангийн яамны харьяа агентлаг гэсэн агуулгаараа Төв банк нь хийж гүйцэтгэдэг байна. Олон улсад бие даасан зохион байгуулалтын хэлбэрээр үйл ажиллагаагаа амжилттай явуулж буй сангуудаар Кувейтын хөрөнгө оруулалтын агент, АНУ-ын Аляскийн байнгын сан, Азербайжаны газрын тосны сан, Австралийн Ирээдүйн сан, Хятад, Солонгос, Сингапурын Засгийн газрын хөрөнгө оруулалтын корпораци зэргийг нэрлэж болно. Харин бие даасан бус сангуудад Норвеги, Чили, Орос, Казахстан, Мексик зэрэг улсууд хамрагдаж байна.