Өнөөдөр Дорнод аймагт Дэлхийн багш нарын 24 дэх, Монголын багш нарын 52 дахь жилийн баярын өдөр болж байгаа бөгөөд тус арга хэмжээний хүрээнд баярын хурал аймгийн Хөгжимт драмын театрт боллоо.
Баярын хуралд аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох, Засаг дарга М.Бадамсүрэн, Засаг даргын орлогч Ш.Ёл, Хэрлэн сумын Засаг даргын орлогч О.Пүрэв-Очир болон бусад албаны хүмүүс, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн удирдлага, багш, ажилтнууд оролцлоо.
Энэхүү ёслолын арга хэмжээнд амжилт гаргасан шилдэг тэргүүний багш нарт төрийн шагналуудыг гардуулан өгөх ёслол болов.
Мөн боловсролын үйлчилгээний чанар хүртээмж, сургалтын чанарыг дээшлүүлэх, цэцэрлэг, сургуулийг хөгжлийн орчин болгох чиглэлээр аймгийн БОЛОВСРОЛ, СОЁЛЫН САЛБАР нь БСШУСЯ-ны үнэлгээгээр улсдаа шалгарч тэргүүлсэн амжилтыг үзүүлсэн.
Эх орны жаргалант ирээдүй, хойч үеийг мэдлэг, боловсролтой төдийгүй эрүүл чийрэг бие бялдартай, эерэг зан суртахуун, хүмүүжил, төлөвшилтэй, амьдрах ухаантай, эх оронч, үндэсний бахархалтай, дэлхийд өрсөлдөх чадвартай иргэн болгон төлөвшүүлэхийн төлөө өөрийн эрдэм боловсрол, авьяас билиг, хүч чадлаа дайчлан ажиллаж буй БАГШ Та бүхэндээ Дэлхийн багш нарын 24 дэх, Монголын багш нарын 52 дахь жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
ЭРДЭМ УХААН ТҮГЭН ДЭЛГЭРЧ, ЭХ ОРОН МААНЬ ХӨГЖИН ДЭГЖИХ БОЛТУГАЙ!