Мерси Кор Монгол ОУБ-аас Цаг агаарын мэдээллийг түгээж, орон нутагт гамшгийн төлөвлөлт болон эрсдэлийг бууруулах, малчид болон орон нутгийн эдийн засагт тохиох зудын эрсдэлийг бууруулахад туслах, мал маллагааны тогтолцоог урт хугацаанд тогтвортой байлгах, мал сүрэгтэй холбоотой нөхөн сэргээх үйл ажиллагааг төлөвлөж хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Гамшгийн Эрсдэлийг Бууруулахад Уламжлалт болон Шинжлэх Ухааны Аргыг Ашиглах нь 2” төслийг хэрэгжүүлж байгаа юм.
Уг төслийн хүрээнд мал эмнэлгийн үйлчилгээг дэмжих зорилгоор тус аймгийн Алтай, Буянт, Дэлүүн, Толбо Улаанхус, Цэнгэл сумдад “Мал эмнэлгийн зориулалттай зөөврийн хашаа хүлээлгэн өгөх” үйл ажиллагааг өнөөдөр аймгийн төв талбайд зохион байгууллаа.
Тус үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан АНУ-ын ОУХА-ийн дэргэдэх Гамшигт нэрвэгдсэн орнуудад тусламж үзүүлэх газрын төлөөлөгчид Рик Корлей, Жонатан Бейкер, Мерси Кор ОУБ-ын “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь 2" төслийн менежер н.Энцэцэг, н.Энхтуяа, Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нургулан, Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ахмад З.Азат Мерси кор ОУБ-ын аймаг дахь зохицуулагч Х.Жумагүл нар болон төслийн зорилтот 7 сумын Мал эмнэлэг үржлийн албаны дарга, эмч мэргэжилтнүүд оролцсон юм.
Энэ үеэр Мерси Кор Монгол ОУБ-ын "Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-2" төслийн хүрээнд хийгдэж байгаа онцлох ажлуудын талаар төслийн менежер Б.Энхтуяа, танилцуулга хийв. Мөн үүний дараа аймгийн удирдлагууд АНУ-ын ОУХА-ийн дэргэдэх Гамшигт нэрвэгдсэн орнуудад тусламж үзүүлэх газрын төлөөлөгчид Рик Корлей, Жонатан Бейкер нарын орон нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах, мал маллагааны тогтолцоог бэхжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлэн аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнаж, төслийн зорилтот 7 суманд мал эмнэлгийн зориулалттай зөөврийн хашаа хүлээлгэн өгч, батламжыг гардууллаа.
