Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөрт
УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ, ТҮҮНИЙ ХОР ХОЛБОГДОЛ, ХЭЛМЭГДЭГСДИЙГ ЦАГААТГАХЫН УЧИР
Улс төрийн хэлмэгдүүлэлт, түүний хор холбогдол
Хэлмэгдүүлэлт гэдэг үгийг “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”-д хүнийг хилс хэргээр гүтгэж, бие махбод, сэтгэл санааны зовлонд унагах гэсэн утга бүхий үгийн үйлийн үр дүнг заасан нэр, хүнийг элдэв зүйлээр хяхан, хилс хэрэгт гүтгэх үйл явц хэмээн тайлбарлажээ.
Эл утгаараа улс төрийн хэлмэгд үүлэлтийн аль ч хэлбэр нь хүчирхийллийн шинжтэй байдаг бөгөөд энэ нь иргэдээ улс төрийн хэрэгт хилсээр холбогдуулан мөрдөх, баривчлах, байцаах, шийтгэх төрийн хүчний байгууллагын үйл ажиллагаагаар илэрдэг хүний эрхийн зөрчил юм.
Улс төрийн болон үндэс угсаа, эдийн засгийн зэрэг олон шалтгаанаар нийгмийн гишүүдээ хэлмэгдүүлж хохироож байсан үзэгдэл дэлхийн улс орнуудад гарсаар ирсэн бөгөөд энэ нь XX зуунд өргөн хүрээтэйгээр илэрсэн ажээ. Фашистын Герман улс хүмүүсийг үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхах үзлийг хөөрөгдөж, еврей нарыг үндэстний хувьд хавчин мөрдөж, алж устгаж байсан бол ЗХУ тэргүүтэй социалист тогтолцооны хүрээнд өрнөсөн улс төрийн хэлмэгд үүлэлтийн уршгаар гэм зэмгүй олон арван сая хүн хэлмэгдэж хохирчээ. Олон нийтийн “Мемориал” байгууллагын тооцоогоор 1917-1985 онд Орос оронд 10-12 сая хүн улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн бөгөөд зөвхөн тухайн үеийн ЗХУ-ын Дотоод явдлын яамны сайд Ягодагийн зуслан Бутово дахь буудлагын талбайд олон үндэстний 70 гаруй мянган хүнийг хилс хэрэгт буудан хороосны дотор Ерөнхий сайд А.Амар, П.Гэндэн, Улсын Бага Хурлын дарга Д.Догсом, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Д.Лувсаншарав зэрэг Монголын төр засаг, цэрэг армийн зүтгэлтэн хэдэн зуун иргэн алтан амиа алдсан ажээ.
Түүнчлэн Камбожийг шашингүй, хөрөнгөтөнгүй, язгууртангүй, түшмэдг үй жинхэнэ коммунист улс болгох гэсэн Улаан кхмерчүүд 1976 онд төрийн эрхийг булаан аваад ердөө гуравхан жилд долоон сая орчим иргэдийнхээ гурван сая гаруйг нь хэлмэгд үүлснээс хоёр сая хүнээ шууд устгасан эмгэнэлт хэрэг саяхных.
XX зуунд Зөвлөлт Холбоот Улсын дагуул байдалтай оршиж байсан Монгол орон улс төрийн хэлмэгд үүлэлтийн хар шуурганд бас өртөж, 30 гаруй мянган иргэнээ хэлмэгдүүлсэн юм.
Ардын журамт цэрэг болон ЗХУ-ын “Аялан байлдах корпус”-ын цэргийн тэргүүн ангиуд Нийслэл Хүрээнд орж ирээд 1921 оны долдугаар сарын 10-20-нд Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууны тэргүүн зэргийн тайж, Сангийн яамны сайд агсан Цэвээн тэргүүн хэмээгдэх Лувсанцэвээн зэрэг хүм үүсийг барон Унгерны талын хүн гэж баривчилснаас Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлт гараагаа авсан гэж үзэх үндэстэй.
Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлтийг шалтгаан, хүрээ, эзэн бие, мөн чанар, үр дагаварын үүднээс нь эхлэл үе (1921-1924 он), өрнөл үе (1925-1932 он), оргил үе (1932-1939 он), бууралт үе (1940-1955 он), сүүлч үе (1956-1989 он) гэсэн таван хэсэгт бүлэглэн үзэж болно.
Хэлмэгдүүлэлт Монголын нийгмийн бүх давхаргыг хамарч, түүнд нам төрийн удирдах зүтгэлтэн, цэргийн дарга нар, тайж ноёд, лам нар, жирийн иргэд өртсөн. 1937 оны аравдугаар сарын 2-ны өдөр байгуулагдсан Х.Чойбалсан даргатай Онцгой бүрэн эрхт комисс хэмээх шүүхээс гадуурх байгууллага 1939 оны дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэлх хугацаанд 50 удаа хуралдаж, улс төрийн хэрэгт баривчлагдсан 25824 хүнийг хувьсгалын эсэргүү, гадаадын тагнуул хэмээх хэргээр таслан шийдвэрлэснээс 20474 хүнийг буудан алах, 5103 хүнийг 10 жил 240 хүнийг 10 жил, хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэжээ. Бүгд 17 мянга орчим лам хувраг шийтгэгдсэнээс 14000 гаруйг нь шууд буудан хороосон байна.
1950-иад оноос 1980-аад оныг хүртэл үргэлжилсэн улс төрийн хэлмэгдүүлэлтийн үед хүмүүсийг үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхах, олон ургальч үзэл санааг хаан боогдуулах, тэдний үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хязгаарлаж, “Сэхээтний төөрөгдөл”, “Намын эсрэг бүлэг”, “Монгол Зөвлөлтийн найрамдлын эсрэг” гэх мэт элдэв нэр хаяг өгч, нутаг заан суулгах, хүнд нөхц өлд ажиллуулах, захиргааны элдэв аргаар хяхах зэргээр гадуурхан хэлмэгд үүлж байсан билээ.
Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлтийн үйл явц, хэрэгжсэн арга, гарсан үр дагавар нь тухайн түүхэн цаг үеийн байдлаас шалтгаалж өөр өөрийн гэсэн онцлогтой байсан ажээ. 1921-1940-өөд он хүртэлх хугацаанд Монголд өрнөсөн хэлмэгдүүлэх ажиллагаанд гол төлөв бие хүний нь хувьд устгах, олон жилээр гянданд хорих хэлбэр давамгайлж байсан бол 1950-1980-аад онд хүмүүсийн хууль ёсны эрх, эрх чөлөөг хязгаарлах, сэтгэл санааны дарамт учруулах, нэр хүндийг нь гутаах, ажил албан тушаалаас нь хууль бусаар халах, нутаг заан суулгах зэргээр зүйл бүрээр хяхан хавчих явдал түгээмэл байжээ.
Монгол оронд хэрэгжиж байсан хөгжлийн хувьслын зарчим 1930-аад оны улс төрийн хэлмэгд үүлэлтийн уршгаар алдагдаж, ард түмний эрх ашигт нийцэж байсан ардчилсан шинжтэй өөрчлөлт гажуудан, Монгол Улс зөвлөлт хэв маягийн социалист нийгэм байгуулах туршилтын талбар болон хувирчээ.
Улс төрийн их хэлмэгдүүлэлтийн уршгаар БНМАУ-ын хууль тогтоох дээд байгууллага Улсын Бага Хурал, эрх баригч МАХН-ын удирдах байгууллага хэвийн үйл ажиллагаа явуулах бүрэлдэхүүнгүй болтлоо хядлагад өртөж, Монгол оронд улс төрийн авторитари, тоталитари дэглэм хуваарьгүй ноёрхох болсон юм. Зах зээлийг баримжаалсан эдийн засгийн хөгжлийн явц тасалдаж, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоонд шилжсэнээр улс орны хөгжил яваандаа удаашрахад хүрчээ.
Монголын 30 гаруй мянган эр хүн хэлмэгдэлд өртөн хорогдсон нь тус улсын хүн амын хүйсийн харьцаа, хүн амын нөхөн үржихүйд сөрөг үр дагавар учруулжээ. Шинээр үүссэн сэхээтний давхраа хүнд цохилтод өртсөнөөс түүнийг дахин бэлтгэх шаардлагатай болсон юм.
Монголын түүх, соёл, уран барилгын асар их ололт, хэдэн зууны турш бүтээн туурвисан соёлын их өв сүйрэлд автаж, Монголын нийгмийн оюун санааны амьдрал, шашин суртахуун, уламжлалт зан заншилд асар их гарз хохирол учирсан байна.
Үндэсний уламжлал, өв соёлын залгамжлалыг үгүйсгэн тасалдуулж, үндэс язгуураа гэсэн эх оронч үзэл санааг "үндсэрхэг үзэл" хэмээн хавчин хяхаж, шударга зарчимт шүүмжлэл, бүтээлч санал, санаачилга гаргагчдад "сэхээтний төөрөгдөл" гэх мэт нэр хаяг оноон хэлмэгдүүлж, олон ургальч үзэл, чөлөөт сэтгэлгээг хязгаарлан боогдуулж байсны улмаас хүн амын дунд идэвхгүй, үлбэгэр дорой байдал, бэлэнчлэх сэтгэлгээ төлөвшихөд хүрчээ.
Хэлмэгдэгсдийг цагаатгахын утга учир
Иргэддээ хилс хэрэг тулган шийтгэсэн үйлдлийг илчлэх, улс төрийн талаар хэлмэгдсэн хүмүүсийг цагаатгаж, нэр төрийг нь сэргээх талаар Монголын төрөөс арга хэмжээ авсаар иржээ. “Лхүмбийн хэрэг” гэгчид холбогдон хилс шийтгэл хүлээсэн зарим хүмүүсийг 1936 онд Үндэсний хувьсгалын 15 жилийн ойн баярын үеэр шоронгоос сулласан нь хэлмэгдсэн хүний нэр төрийг сэргээх гэсэн анхны оролдлого байв. Улс төрийн хэргээр шийтгэгдсэн хүмүүсийн асуудлыг хянан үзэх талаар МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчдийн хурлаас 1939 оны дөрөвдүгээр сард гаргасан шийдвэрийн дагуу Дотоод Явдлын Яамны дэргэдэх Тусгай Комисс 1939- 1945 онд 2300 гаруй хүнд холбогдох хэргийг дахин шалгаж, хэрэгсэхгүй болгосон нь улс төрийн талаар хэлмэгдэгсдийг цагаатгах үйлсэд чухал алхам болжээ. 1952 онд Х.Чойбалсан, 1953 онд И.В.Сталин нас барснаар БНМАУ-д нэг хүний дарангуйллын дэглэм сарниж, улс төрийн уур амьсгал харьцангуй зөөлрөн хамтын удирдлагын зарчим сэргэж эхэлсэн тэр үед МАХН-ын удирдлагын зүгээс 1930-1940-өөд оны нийтийг хамарсан баривчилгаа, залхаан цээрлүүлэлтийн хор уршгийг арилгах асуудлыг хөндөж, зарим нэгэн бүлэг хэргийг хянан үзэх санаачилга гаргаж байв. МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны 1955 оны тавугаар сарын 18-ны өдрийн хурлаар “Порт Артурын хэрэг” гэгчийг шалгасан комиссын илтгэлийг хэлэлцээд түүнд холбогдож шийтгэгдсэн хүмүүсийг суллах, мөрдөн байцаалтад хууль бус арга хэрэглэхийг зөвшөөрсөн өмнөх үеийн шийдвэрийг хүчингүй болгох арга хэмжээ авчээ.
И.Сталиныг тахин шүтэж байсныг илчлэн шүүмжилсэн ЗХУКН-ын XX Их Хурлын шууд нөлөөний дор 1956 оны дөрөвдүгээр сард хуралдсан МАХН-ын Төв Хорооны IV бүгд хурал нэг хүнийг тахин шүтсэний улмаас хувьсгалт хуулийг зөрчиж байсан явдлыг нарийвчлан шалгаж илрүүлэх шийдвэр гаргасан юм. МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны 1956 оны дөрөвдүгээр сарын 21-ний тогтоолоор улс төрийн зарим хэргийг хянан үзэх комисс байгуулсан бөгөөд тус комисс ДЯЯ-наас 1932-1947 онд шийдвэрлэсэн гол хэргүүдтэй танилцаж, 1940-өөд оны эхээр хэлмэгдсэн Намын Төв Хорооны Нарийн бичгийн дарга Б.Баасанжав нарын 36 хүнийг цагаатгасан байна.
1957 оны долдугаар сард хуралдсан МАХН-ын Төв Хорооны VI бүгд хурлын шийдвэрээр Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дэргэд шинэчилэн байгуулагдсан Цагаатгах ажлыг эрхлэх комисс 1937-1947 онд Дотоод Яамны үйл ажиллагаанд гарсан завхарлын асуудлыг нарийвчлан шалгаж, 1930-аад онд хилс хэрэгт ял шийтгүүлсэн 294 хүнийг цагаатгажээ. Гэвч энэ комисс хүмүүсийг ангийн харъяаллаар нь ялгаварлах өрөөсгөл хандлага баримталж тайж ноёд, түшмэд, лам нарын хэргийг шалган цагаатгахаас түдгэлзсэн байна.
ЗХУ-д улс төрийн хилс хэргээр шийтгэгдсэн Монгол Улсын Ерөнхий сайд асан А.Амар, Улсын Бага Хурлын орлогч дарга Д.Лосол зэрэг нам, төрийн зүтгэлтэн, цэргийн дарга 32 хүний хэргийг 1956-1960 онд ЗСБНХУ-ын Дээд Шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгон цагаатгасан боловч тэр тухай мэдэгдэл, тодорхойлолтыг Монгол улсад ирүүлээг үй байсан тул БНМАУ-ын Прокурорын газраас Зөвлөлтийн эрх бүхий байгууллагуудад албан ёсны хүсэлт тавьсаны дагуу А.Амар, П.Гэндэн, Д.Догсом, Д.Лосол, Д.Лувсаншарав нарыг цагаатгасан тухай “маш нууц” мэдэгдлийг тус улсаас 1960 онд ирүүлжээ. Энэ мэдэгдлийг үндэслэн Ардын Их Хурлын Тэрг үүлэгчдийн дэргэдэх Цагаатгах ажлыг эрхлэх комиссын тогтоолоор дээрх хүмүүсийг “хувьсгалын эсэрг үү” хэрэгт холбогдолгүй болгон цагаатгажээ.
Х.Чойбалсанг тахин шүтсэний хор уршгийг арилгах шийдвэрийг 1962 онд хуралдсан МАХН-ын Төв Хорооны II бүгд хурлаас дахин гаргасан боловч улс төрийн хэлмэгдүүлэлтэд биечлэн оролцсон хүмүүс нам, төрийн удирдлагад хэвээр байсан нь цагаатгалын ажлын явц, өрнөлтөд сөргөөр нөлөөлсөн юм. 1962 оны хоёрдугаар сарын 8-нд хуралдсан МАХН-ын Төв хорооны Улс төрийн Товчооны хурал Цагаатгах ажлыг эрхлэх комиссын ажил дууссан гэж дүгнээд түүнийг татан буулгаж, ажил үүргийг нь Улсын Дээд Шүүх болон НАХЯ-нд шилжүүлсэн байна. Энэ үеэс хойш хэлмэгдэгсдийг цагаатгах ажлын явц, далайц ихээхэн суларчээ.
БНМАУ-ын Ерөнхийлөгчийн 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн зарлигаар Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссыг байгуулснаар улс төрийн хэрэгт шийтгэгдэгсдийн хэргийг шалгах, хэлмэгдэгсдийг цагаатгах ажиллагаа эрс идэвхижсэн юм. Одоогийн байдлаар улс төрийн хилс хэргээр хэлмэгдсэн 31 гаруй мянган хүн цагаатгагдаад байна. Харин улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн хэрэг материалыг шалган цагаатгах ажил үргэлжилсээр байгаа учир 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болсон Цагаатгалын хуулийн хугацааг сунгах шаардлагатай байгааг анхаарууштай.
Хэлмэгдэгсдэд учирсан хохирлыг барагдуулах, нэр төрийг сэргээн сурталчилах, дурсгалыг мөнхжүүлэх асуудалд Монголын төр онцгой анхаарч ирэв. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музей (1996 он), дурсгалын хөшөө (1997 он) тус тус байлуулагдсан ба нийтийг хамарсан их баривчилгаа эхэлсэн 1937 оны есдүгээр сарын 10-ны өдрийг 1996 онд “Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр” болгон хуульчилснаар жил бүр хэлмэгдэгсдийг бүх нийтээрээ дурсч, хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтов. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийг 1998 оны эхэнд Монгол Улсын Их Хурал батлан гаргажээ.
Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн Судалгааны төвөөс улс төрийн хэлмэгдүүлэлтийн учир шалтгаан, хор уршиг, үр дагаврыг тусгасан 70 орчим ном, товхимол, баримтат кино гаргаж, эрдэм шинжилгээний олон хурал зохион байгуулснаас гадна улс төрийн хэлмэгдэгсдийн намтрыг цуврал 18 боть болгон хэдэн мянган хувиар хэвлүүлж, Монгол орон даяар түгээсэн бөгөөд энэ ажил цаашид ч үргэлжилнэ.
Хэлмэгдэгсдийг цагаатгах, нэр төрийг сэргээн сурталчлах, дурсгалыг мөнхжүүлэх ажилд Салбар комиссууд, Монгол Улсын Дээд Шүүх, Улсын Ерөнхий Прокурорын Газар, Тагнуулийн Ерөнхий газар, Үндэсний Төв Архив чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэнийг тэмдэглэх нь зүйтэй.
Улс төрийн хэлмэгдэгсдийг цагаатгах, хэлмэгдүүлэлтийн асуудлыг нягтлан судлахын учир утга нь улс төрийн хэлмэгдүүлэлтийг дахин гаргуулахгүй байхад оршино.
ЦАГААТГАХ АЖЛЫГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ
САЛБАР КОМИСС
САЛБАР КОМИСС