Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

МОНГОЛ ХЭЛНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

2014-09-01

Даяаршлын үйл явц улам өргөн цар хүрээг хамрахын хэрээр дэлхийн олон улс үндэстэн хэл, соёл, үндэсний уламжлалаа хадгалах, хамгаалах асуудалд  ихээхэн анхаардаг болж байна. Мэдээллийн технологийн эрчимтэй хөгжил эдийн засгийн өндөр хөгжилтэй орнуудад соёлоо түгээх илүү боломжийг олгож, улмаар цөөн хүн амтай улс үндэстнүүдийн хэл, соёл уусч бүдгэрэх аюул нэмэгдэж байна.

Манай улсад сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд монгол хэл бичгийн хэрэглээтэй холбоотой төрийн бодлого, зохицуулалт алдагдсаны улмаас иргэдийн, түүний дотор төрийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллагсдын монгол хэлний мэдлэгийн төвшин ихээхэн доройтсон, монгол хэлний зөв бичгийн дүрэм, толь бичгийн нэгдмэл байдал алдагдсан, бүх шатны боловсролын байгууллага дахь монгол хэлний сургалтын чанар муудсан, гадаад нэр томьёог монголчлох, үгийн санд шинэ үгийг бүртгэх ажил зогсонги байдалд орсон, гудамж, зам, талбай, албан байгууллагын нэр, хаягийг гадаад хэлээр бичих болсон, боловсролын зарим байгууллагад монгол хүүхдэд монгол хэлний хичээлийг заахгүй байгаа зэрэг монгол хэлний хэрэглээ, хөгжил, хамгаалалтай холбоотой олон сөрөг асуудал хуримтлагджээ.

Улсын Их Хурлаас 2003 онд баталсан, өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Төрийн албан ёсны хэлний тухай хуульд хэлийг нийгмийн харилцааны үндсэн хэрэглүүр болох талаас нь төдийлөн зохицуулаагүй, монгол хэлний хэрэглээг зөвхөн төрийн албан хэрэг хөтлөлтийн хэмжээнд авч үзэж хязгаарласан, Төрийн хэлний зөвлөлийн чиг үүрэгт зөвхөн нэр томьёотой холбоотой асуудлыг эрхлэхээр заасан, Монгол Улсын хэмжээнд монгол хэлийг хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх, хэм хэмжээ тогтоох, түүнийг батламжилж мөрдүүлэх зэрэг төрийн чиг үүрэг, хуулийг хэрэгжүүлэх төрийн байгууллагуудын үүрэг оролцоог тусгаагүй зэрэг олон дутагдал байгаа нь дээр дурдсан бэрхшээлтэй асуудлууд үүсч хуримтлагдах нэгэн шалтгаан болж байна.

Энэ байдлыг харгалзан үзэж, монгол хэлээ эзэмших, хэрэглэх, хамгаалах, улам боловсронгуй болгохтой холбоотой харилцааг зохицуулах зорилгоор Төрийн албан ёсны хэлний тухай хуулийн шинэчилсэн найруулга болох “Монгол хэлний тухай хууль”-ийн төслийг боловсрууллаа.

Нэг. Монгол хэлний тухай хуулийн төслийн бүтэц:

Хуулийн төсөл нь: Нийтлэг үндэслэл, Монгол хэлийг хэрэглэх, Бичиг үсэг сонгон хэрэглэх, Монгол хэлний зөв бичих дүрэм, толь бичиг, Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, хуулийн этгээдийн үүрэг, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Эрх бүхий судалгааны байгууллага, Хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага, Бусад зүйл гэсэн 9 бүлэг, 24 зүйлтэй.
Хоёр. Хуулийн төсөлд тусгасан зарчмын өөрчлөлт:
1.    Монгол хэлний тухай хуулийн үндсэн зарчмуудыг тодорхойлсон. Монгол хэл нь үндэсний соёлын үнэт өв, улс орны нэгдмэл байдал, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа болох үндсэн зарчмыг хуульчлахын сацуу монгол хэлийг хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх нь төрийн үүрэг, харин утга зохиолын хэм хэмжээ, зөв бичгийн дүрмийг дагаж мөрдөх нь иргэний үүрэг байх зарчмыг тусгалаа.
2.    Монгол хэлний хэрэглээний хүрээг тодорхойлсон. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр явуулж байгаа аливаа үйл ажиллагаа, албан хэргийг монгол хэлээр хөтлөн явуулахтай холбоотой харилцааг зохицуулав.
3.    Кирил болон үндэсний монгол бичиг үсгийн хэрэглээтэй холбоотой харилцааг зохицуулсан. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээд албан хэргээ кирил монгол бичгээр хөтлөн явуулахын зэрэгцээ үндэсний монгол бичгийн хэрэглээг өргөжүүлэх заалт оруулсан.
4.    Зөв бичих дүрэм боловсруулах, батламжлах нэгдмэл тогтолцоотой болно. Монгол Улсын хэмжээнд кирил монгол болон үндэсний монгол бичгийн зөв бичих нэгдмэл дүрэм боловсруулах, батламжлах онцгой эрхийг энэ хуулиар Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэн, энэ хуулиар шинэчлэн зохион байгуулагдах Хэлний бодлогын үндэсний зөвлөлд олгоно. Ингэснээр монгол хэлний хэм хэмжээ алдагдаж, олон өөр дүрэмтэй болсон өнөөгийн нөхцөл байдлыг засч залруулах боломж бий болно.   
5.    Төрийн байгууллага, хуулийн этгээд, иргэдийн хүлээх үүргийг тодорхойлов. Монгол хэлийг хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэхтэй холбоотой харилцаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, төрийн бүх шатны байгууллага, хуулийн этгээд болон иргэдийн хүлээх үүргийг нарийвчлан тусгаснаар энэ чиглэлд бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих механизм илүү тодорхой болж байна.  
6.    Хэлний бодлогын үндэсний зөвлөл. Төрийн хэлний зөвлөлийг өргөтгөн Хэлний бодлогын үндэсний зөвлөл байгуулж Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд ажиллуулахаар тусгасан. Хэлний зөвлөлийн бүтэц, зохион байгуулалт, эрх, үүргийг нарийвчлан зохицуулснаар “монгол хэлний манаач”-тай болох нөхцөл бүрдэж байна.
7.    Тусгай эрх бүхий судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэх үүргийг тодорхойлсон. ШУА-ийн бүтэц дэх монгол хэлний дүрэм боловсруулах, нэр томьёо орчуулах, эрдэмтдийн зохиосон толь бичиг монгол хэлний батлагдсан хэм хэмжээнд нийцэж байгаа эсэхийг магадлан дүгнэлт гаргах тусгай эрх бүхий хүрээлэнгийн чиг үүрэг, статусыг тодотгон тусгасан.
    Монгол хэлний тухай хуулийн төслийг боловсруулахдаа тулгамдсан болон шийдвэрлэх шаардлагатай асуудлын талаар өргөн хэмжээний судалгаа хийсний сацуу монгол хэл бичиг, хэл шинжлэлийн эрдэмтэн судлаачид, нийслэлийн болон орон нутгийн ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургуулийн монгол хэл, утга зохиолын багш нар, соёлын салбарын төлөөллийг өргөнөөр хамруулсан санал авах ажлыг зохион байгуулсан болно.
    
    Түүнчлэн ОХУ, БНХАУ, БНФУ, БНКазУ, Украйн зэрэг орны хэлний бодлого, хууль тогтоомж дахь хэлний хэрэглээ, хөгжил, хамгаалалтай холбоотой бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих механизм, холбогдох бусад зохицуулалтын талаар харьцуулсан судалгаа хийсэн болно.