Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ИРГЭНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

2014-09-01

Иргэний эрүүл мэндийн даатгал нь нэг талаас даатгуулагчдад эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээ үзүүлэхийн тулд байгууллага, иргэдээс хуулийн дагуу шимтгэл хураагаад тэдэнд эрүүл мэндийн байгууллагаар дамжуулан эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүргэдэг өвөрмөц тогтолцоо, нөгөө талаас эрүүл мэндийн даатгалын санхүүжилт нь Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу өвчтөний эмчилгээний зардалд эрүүл хүмүүсийн даатгалын мөнгийг ашиглах эв санааны нэгдлийн зарчимд тулгуурладаг тогтолцоо юм.
Манай улс эрүүл мэндийн төсвийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, эрүүл мэндээ хамгаалахад иргэн бүрийн ухамсартай оролцоог бий болгох зорилгоор эрүүл мэндийн даатгалыг 1994 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Түүнээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Бас хууль тогтоомж холбогдох дүрэм, журам ч байнга өөрчлөгдөж ирлээ. Өнөөдрийн байдлаар манай орны хүн амын 80 гаруй хувь нь эрүүл мэндийн даатгалд хамрагдаж байна.
Гэсэн хэдий ч хууль эрх зүйн орчны өөрчлөлтөөс болж 2005-2006 онд эрүүл мэндийн даатгалын сангийн эрүүл мэндийн нийт зардалд эзлэх хувь 26-аас 18 хуюв болтлоо буурлаа. Бас дээрх хугацаанд төсвийн нийт зардалд эзлэх эрүүл мэндийн зардал 5-аас 3 хувь болтлоо буурсан байна. Энэ нь улс орны төсвийн нийт зардлын 6-гаас доошгүй хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулах тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж манай оронд хэрэгжихгүй байгааг харуулж байна.
Улсын Их Хурлын гишүүдээс Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр бэлтгэсэн Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь эрүүл мэндийн даатгалд оролцогч талууд болох Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Эрүүл мэндийн яам, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, Эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөлийн эрх үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, нэгдсэн нэг удирдлагатай болгон эрүүл мэндийн даатгалын бодлого, зохицуулалтад улс төрийн шийдвэр давамгайлж ирснийг өөрчилсөн гэж үзэж байна.
Мөн түүнчлэн эрүүл мэндийн даатгал нийгмийн хамгааллын тогтолцоонд явж ирсэн 14 жилд даатгалын сангуудын нэгдсэн удирдлагын зардлыг бууруулж байсан сайн талтай ч эрүүл мэндийн даатгалын удирдлага, зохион байгуулалт, санхүүжилтийн арга нь эмнэлгийн тусламж үйлчилгээний чанартай уялдсан үр дүнтэй нэгдсэн тогтолцоо болгоход чиглэгдсэн. Эрүүл мэндийн даатгал янз бүрийн хэлбэр, агуулгаар дэлхийн улс орнуудад амжилттай хэрэгжиж байгаа баялаг туршлагад үндэслэн төслийг боловсруулсан болно.
Иргэний эрүүл мэндийн салбарын нийт зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас өгч байгаа хөрөнгийн эзлэх хувь нэмэгдэхийн хэрээр эрүүл мэндийн салбарын эдийн засаг эрүүлжиж, иргэдийн эрүүл мэндийнхээ төлөө тавих анхаарал, нийгмийн өмнө хүлээн хариуцлага дээшилнэ гэж үзэж байна.
Иргэний эрүүл мэндийн даатгалын бодлого, зохицуулалтын хүрээнд эрүүл мэндийн даатгалын дунд болон урт хугацааны бодлого, стратегийг тодорхойлох, эрүүл мэндийн даатгалын бие даасан тогтолцоог бүрдүүлэх, эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанартай уялдуулах, оролцогч талуудын үүрэг хариуцлагыг тодорхой болгох, даатгалтай иргэнд эмнэлэг, эмчээ сонгох бололцоог олгох, эрүүл мэндийн даатгалыг нь төр хариуцаж байгаа иргэдийн бүтэц, төлбөрийн хэмжээг үндэслэлтэйгээр тогтоох зэрэг дэвшилтэт өөрчлөлтүүдийг төсөлд тусгасан болно.
Эрүүл мэндийн даатгалын байгууллагын үүрэг, хариуцлага, чадавхи дээшилж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар сайжирч, даатгуулагчдын сэтгэл ханамж дээшлэх болно. Засгийн газар эрүүл мэндийн салбарын санхүүжилтэд төсөв болон эрүүл мэндийн даатгалын сангаас оруулж байгаа хөрөнгө, төлбөртэй тусламж үйлчилгээний зохистой харьцааг бий болгох нь шинэчлэлийн гол зорилт гэж үзэж байна.
Мөн эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн дийлэнх хэсэг хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд бус эмчлэхэд чиглэгдэж байгааг өөрчлөхөд анхаарсан болно.
Эдгээр асуудлыг шийдвэрлэснээр хувь хүнийг эрүүл мэндээс шалтгаалсан санхүүгийн эрсдэлээс хамгаалах, эмнэлгийн тусламж, үйлчилгээг иргэн бүрт тэгш хүртээх, чанарыг сайжруулах тухай эрүүл мэндийн салбарын үндсэн зорилтыг хангах нөхцөл бүрджээ.


ХУУЛЬ САНААЧЛАГЧ