Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

2014-08-29

    Хууль тогтоомжоор эрх олгосны дагуу төрийн байгууллага, албан тушаалтнаас иргэн, хуулийн этгээдийн    үйл ажиллагаанд тавьж байгаа бүх төрлийн хяналтыг нэг стандартад оруулах, мэргэжлийн хяналтыг тодорхой шалгуурын дагуу цэгцэлж, шаардлагагүй хяналтыг зогсоох, хяналтыг үр дүнтэй болгох, эрсдэлд суурилсан хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор “Хяналтын тухай хууль”-ийн төслийг шинээр  боловсрууллаа.    

    Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Монгол Улсын Их Хурлаас 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 34 дүгээр тогтоолыг баталсан бөгөөд энэ тогтоолын хавсралтын 2.4-д “Төрийн байгууллагын хүнд суртлыг багасгах, тусгай зөвшөөрлийн тоог эрс цөөлөх чиглэлээр Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулж, өргөн мэдүүлэх” чиглэл өгснийг хуулийн төслийг боловсруулахдаа баримталсан болно.

    Уг хуулиар иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих эрх зүйн үндсийг тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэх нийтлэг зарчим, үндэслэл, шалгалт хийх журам, шалгуулагч этгээдийн эрх ашгийг хамгаалахтай  холбогдсон  харилцааг зохицуулна.

    Хуулийн төсөл нь     52 зүйл бүхий дараах 8 бүлэгтэй:

    - Нийтлэг үндэслэл;
    - Хяналтын үйл ажиллагаа, эрсдэлийн үнэлгээ, хяналтын хуудас;  
    - Иргэн, хуулийн этгээдийн аж ахуйн үйл ажиллагаатай холбогдсон эрх, үүрэг;
    - Хяналтын байгууллагын чиг үүрэг,  улсын байцаагчийн  эрх, үүрэг;
    - Хяналтын байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа;
    - Нийтийн аюулгүй байдлын хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгуул-лагын чиг үүрэг, удирдлагын  тогтолцоо;
    - Шалгалт;
    - Бусад зүйл.
    
    Хуулийн төсөлд дараах зарчмын шинжтэй асуудлыг тусгасан:

1/Хяналтыг хэрэгжүүлэх үүрэг бүхий аливаа этгээд /салбарын болон яамны харьяаллыг үл харгалзан/ аж ахуйн үйл ажиллагаанд тавих хяналт шалгалтыг хэрэгжүүлэхдээ энэ хуульд заасан хяналт шалгалтын үндсэн зарчмыг баримтлах бөгөөд тусгайлсан харилцааг тухайн салбарын хуулиар зохицуулахаар тусгалаа.
 Ингэснээр төрөөс хэрэгжүүлж буй аливаа хяналтыг  ерөнхий нэг стандартын дагуу, эрсдэлд суурилсан зөвлөн туслах зарчмаар хэрэгжүүлэх, төрөөс хэрэгжүүлж буй хяналтуудын уялдаа холбоог хангах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлж байгаагаараа чухал ач холбогдолтой.

    2/Төрөөс хэрэгжүүлэх хяналтын чиглэлүүдийг нэрлэн тусгаж, салбарын хуулийн дагуу  шинээр хяналтын чиглэл бий болгодог байдлыг зогсооно. Ингэснээр аливаа хуулиар шинэ төрлийн хяналтыг бий болгох, энэхүү хуулиас гадуур буюу хуульд заасан ерөнхий зарчмаас өөрөөр төрийн аливаа байгууллага, албан тушаалтан хяналтыг хэрэгжүүлэхийг таслан зогсоох бөгөөд шинээр бий болгох хяналтыг зөвхөн энэ хуульд шинээр нэмж тусгах замаар хуульд нийцсэн зарчмаар хэрэгжүүлэх боломжтой болно.  

    3/ Зохих шаардлага хангасан төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодыг хяналтын үйл ажиллагаанд оролцуулах чиглэлээр хуулийн төсөлд тусгалаа. Тухайлбал, Хяналтын байгууллага эрсдэлийг тодорхойлох, эрсдэлийн дүн шинжилгээ хийх, эрсдэлийг бууруулах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх болон хяналтын байгууллагаас зөвлөн туслах, мэдээллээр хангах үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр  мэргэжлийн төрийн бус  байгууллага, шинжээч, мэргэжилтнээр хийлгэх, мэргэжлийн зөвлөгөө өгөх үйл ажиллагааг дээр дурдсан байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр хуулийн төслийн 9, 10 дугаар зүйлд тусгалаа.

    4/Улсын байцаагчийн сахилга, ёс зүйн хариуцлагыг дээшлүүлэх, тодорхой болгох, зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шалгуулагч этгээдийн эрхийг хамгаалах хүрээнд улсын байцаагчийн ёс зүйтэй холбоотой заалтуудыг хуулийн төслийн 24 зүйлд  улсын байцаагчийн хориглох зүйлд дараах байдлаар  тусгалаа.

Шалгуулагчийн  зардлаар аялах, жуулчлах зэрэг  аливаа хэлбэрээр шан харамж авах, шалгуулагч этгээдтэй үгсэн хуйвалдах, ая тал засах, зөрчил, түүний шалтгаан нөхцөл, нотлох баримтыг нуун дарагдуулах, дутагдлыг хаацайлах, нотлох баримтаар тогтоогдоогүй байхад ашиг хонжоо олох, хувийн өш хонзон авах зорилгоор шалгуулагч этгээдийг  буруутгах, дарамт шахалт үзүүлэх, бусдад давуу байдал олгох, бодит байдалд нийцэхгүй дүгнэлт гаргахыг улсын байцаагчийн үйл ажиллагаанд хориглоно.

    5/Иргэн, хуулийн этгээд нь өөрийн ажил, үйлчилгээ, бүтээгдэхүүний  аюулгүй байдлыг хангах  чиглэлээр дотоод хяналтын журам тогтоож ажиллах, эрсдэлийн үнэлгээ хийх, байнгын хяналт тавих, илэрсэн зөрчлийг арилгах, мэдээллийн сан бүрдүүлнэ.
 
6/Хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчны аюулгүй байдалтай холбогдсон хяналтуудыг нэгдсэн хяналтын байгууллага хэрэгжүүлэх, бусад хяналтыг холбогдох яам, агентлаг хэрэгжүүлнэ.  

    7/Хяналт, шалгалт, захиргааны хяналт, танадалт судалгаа зэрэг нийтлэг нэр томъёонуудыг олон улсад хэрэглэгддэг агуулга, жишгээр шинээр тодорхойлж, хяналтын үйл ажиллагаануудыг нарийвчлан тогтоож, хяналтын байгууллага, албан тушаалтан зөвлөгөө өгөх замаар хяналтыг хэрэгжүүлнэ. Шалгалт нь улсын төсөвт орлого бүрдүүлэх зорилгогүй бөгөөд хууль тогтоомжийн биелэлтийг хэрхэн хангаж ажиллах талаар шалгуулагч этгээдэд хангалттай мэдээлэл, зөвлөгөө өгсний дараа зөрчил арилаагүй бол  захиргааны хариуцлага ногдуулах арга хэмжээг авах зарчмыг баримтална.

    8/Хяналтын давхардлыг бууруулах, аж ахуйн үйл ажиллагаанд учруулах дарамтыг багасгах, хяналтыг хяналттай хэрэгжүүлэх зорилгоор нэг жилд тухайн аж ахуйн нэгжид  төрийн аливаа байгууллагаас хийх хяналтын үргэлжлэх нийт хугацааг тогтоолоо. Ингэснээр нэг аж ахуйн нэгжид төрийн аливаа байгууллагаас олон чиглэлийн хяналтыг давхардаж болон дараалан хийх, хяналтын нэг байгууллагаас тухайн аж ахуйн нэгжид олон хоногоор үргэлжилсэн, сунжирсан шалгалт хийх зэргийг хязгаарлаж, хяналтыг үр ашигтай, эрсдэлд суурилан төлөвлөх шаардлага хяналтын байгууллагад тавигдана.

    9/Хяналт хэрэгжүүлэх эрх бүхий төрийн байгууллагуудын хяналтын үйл ажиллагаа, мэдээллийн уялдаа холбоог хангах, хяналтын байгууллагын үйл ажиллагааны талаар иргэдийн санал бодлыг танадах, хяналтын байгууллагуудын хяналт шалгалтын төлөвлөгөөг уялдуулан зохицуулах үүднээс Шадар сайдын дэргэд Зөвлөл ажиллана.

    10/Хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулах, шалгалтыг  давхардуулахгүй байх, нэг шалгуулагчийн үйл ажиллагаанд  хийх шалгалтын хугацааг хэтрүүлэхгүй байх, эрсдэлийн үнэлгээ хийхдээ бусад салбарын эрсдэлийн мэдээллийг ашиглах зэрэг  зорилгоор хяналтын мэдээллийн нэгдсэн  сан байгуулахаар төсөлд тусгалаа. Уг мэдээллийн санг хяналт хэрэгжүүлэгч байгууллагууд үйл ажиллагаандаа ашиглах болон түүнийг бүрдүүлэх үүргийг хүлээнэ. Түүнчлэн хяналтын байгууллага тус бүр хяналтын онцлог, чиглэлээс шалтгаалан өөрийн мэдээллийн сантай байна.

    11/Шалгалтыг төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, гүйцэтгэлийн, хил дээрх үзлэг шалгалт гэж ангилан шалгалт тус бүрийг хийх үндэслэл, үргэлжлэх хугацаа, дүгнэх, мэдээлнэ.

    12/Шалгалтын үйл ажиллагааны үе шатыг тогтоож, үе шат бүрд хэрэгжүүлэх ажиллагаа, ажилбарууд, үргэлжлэх хугацааг нарийвчлан тогтоолоо. Ийнхүү шалгалтын үйл ажиллагаа, ажилбаруудыг нарийвчлан тогтоосноор нэг талаар хяналтыг хэрэгжүүлэгч этгээдийн үйлдэл, үйл ажиллагаа хуульчлагдаж, нөгөө талаар хяналтын үйл ажиллагааг дур зоргоор буюу өөрийн үзэмжээр явуулах байдлыг зогсооно.

    13/Шалгуулагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс хяналтын үйл ажиллагаа, хяналтыг хэрэгжүүлэгч этгээдийн үйл ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах, гомдлыг шийдвэрлэх, хариу өгөх ажиллагаа, хугацааг тухайлсан зарим тохиолдлуудад ялгаатай, нэг бүрчлэн тогтоолоо.
    14/Хяналтын үйл ажиллагаатай холбоотой иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг, болон хяналтын нэгдсэн байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн үндэс, тогтолцоо, улсын байцаагчийн эрх, үүрэг, түүнд хориглох зүйлийг  зохицуулав.

    15/Шалгалтын явцад зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аюулыг таслан зогсоох зорилгоор эд зүйлийг ажлын долоон өдрөөс илүүгүй  хугацаагаар битүүмжилэх, битүүмжлэлийг лац, ломбо, тэмдэг тавих, зураасаар тэмдэглэх, гэрэл зураг авах, дүрс бичлэг хийх зэрэг боломжтой хэлбэрээр бэхжүүлнэ.

    16/Хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон, түүнчлэн осол аюул гарч болох тохиолдолд холбогдох ажил, үйлдвэрлэл, худалдаа, барилга, байгууламж, машин, тоног төхөөрөмжийн ашиглалтыг улсын байцаагч бүхэлд нь буюу хэсэгчилэн түр зогсоохдоо зөвхөн хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчинд ноцтой хор уршиг учруулсан буюу учруулах бүрэн боломжтой тухайн хэсгийг нь ажлын 14 өдрөөс илүүгүй хугацаагаар зогсооно.

    Нэгдсэн хяналтын байгууллага нь нэгдсэн хяналтын асуудал эрхэлсэн  Засгийн газрын гишүүнээр ахлуулсан Удирдах зөвлөлтэй байх бөгөөд бүрэлдэхүүнд нь  Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, нэгдсэн хяналтын төв байгууллагын дарга, эрүүл мэнд, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, хүрээлэн буй орчин, хөдөлмөр, эдийн засгийн хөгжлийг хариуцсан төрийн захиргааны төв байгууллагуудын төлөөлөл, нийслэлийн Засаг дарга, уул уурхай, хөдөө аж ахуй болон үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдүүдийн төлөөлөл, хүрээлэн буй орчин, хэрэглэгчдийн иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлийг тус тус оруулна.

    Нэгдсэн хяналтын байгууллагын гүйцэтгэх удирдлагыг нэгдсэн хяналтын байгууллагын дарга хэрэгжүүлэх бөгөөд тухайн дарга нь улсын байцаагчийн эрхийг хэрэгжүүлэхгүй.

    Нэгдсэн хяналтын төв байгууллагын хяналтын нэгжийн бүтэц салбарын улсын ерөнхий байцаагчаар ахлуулсан хяналтын  газруудад  хуваагдах бөгөөд орон нутаг дахь нэгдсэн хяналтын байгууллагын хяналтын нэгжид  салбарын улсын ахлах байцаагчаар ахлуулсан  улсын байцаагчид  ажиллана.   

    Энэ хуулийн төслийг боловсруулах хүрээнд Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа бүх хуулийг шинжлэн үзэж, эдгээрээс 83 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэн холбогдох хуулийн төслүүдийг боловсруулсан  болно.

     Хяналтын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг батлан хэрэгжүүлэхэд улсын төсвөөс нэмэлт хөрөнгө шаардагдахгүй.  


ХУУЛЬ САНААЧЛАГЧИД