ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ
ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬ
/Шинэчилсэн найруулга/
/Шинэчилсэн найруулга/
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДЭМЖЛЭГ
ҮЗҮҮЛЭХ БОЛОН ИРГЭНИЙ БУСАД ХЯНАЛТ ТАВИХ
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДЭМЖЛЭГ
ҮЗҮҮЛЭХ БОЛОН ИРГЭНИЙ БУСАД ХЯНАЛТ ТАВИХ
21 дүгээр зүйл.Иргэний зөвлөл
21.1.Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий 5-7 иргэний төлөөллөөс бүрдсэн орон тооны бус Иргэний зөвлөл аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд байна.
21.2.Засаг дарга Иргэний зөвлөлийн үйл ажиллагааг удирдаж, хяналт тавихгүй бөгөөд түүний хараат бус байдлыг хангах үүрэгтэй.
21.3.Иргэний зөвлөлийн гишүүнээр энэ хуулийн 21.4-т заасан шаардлагыг хангасан, тухайн нутаг дэвсгэрт сүүлийн таван жил оршин сууж байгаа, оршин суух бүртгэлтэй, Монгол Улсын иргэнийг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гурван жилийн хугацаагаар томилно.
21.4.Иргэний зөвлөлийн гишүүн нь сүүлийн таван жил цагдаа, прокурор, шүүгчээр ажиллаж байгаагүй, ашиг сонирхлын зөрчилгүй Монгол Улсын иргэн байна.
21.5.Иргэний зөвлөл хараат бус ажиллаж, тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих үүрэгтэй.
21.6.Иргэний зөвлөл доор дурдсан бүрэн эрхтэй байна:
21.6.1.цагдаагийн байгууллагын төсвийн төсөл, зарцуулалт, үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг сонсох;
21.6.2.цагдаагийн алба хаагчийн сургалт, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх үйл ажиллагаанд шинжлэх ухааны ололт, орчин үеийн техник, технологи, мэдээллийн сүлжээг нэвтрүүлэх бодлогын хэрэгжилтэд хяналт тавих;
21.6.3.цагдаагийн байгууллагын гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авах, бүртгэх ажилд хяналт тавих, тэдгээртэй холбоотой мэдээлэлд дүн шинжилгээ хийх;
21.6.4.цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх;
21.6.5.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг даргын хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулах.
21.7.Иргэний зөвлөл бүрэн эрхийнхээ хүрээнд иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон цагдаагийн төв байгууллагын дарга, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд тус тус санал, зөвлөмжөө хүргүүлнэ.
21.8.Иргэний зөвлөлийн даргыг зөвлөлийн гишүүд дотроосоо нэр дэвшүүлэн нууц санал хураалтаар гишүүдийн олонхын саналаар нэг жилийн хугацаагаар сонгоно.
21.9.Иргэний зөвлөлийн төсөв, гишүүдийн урамшлыг аймаг, нийслэлийн төсвөөс санхүүжүүлнэ.
21.10.Иргэний зөвлөлийн дүрмийг энэ хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
22 дугаар зүйл.Иргэний зөвлөлд хориглох зүйл
22.1.Иргэний зөвлөлд доор дурдсан үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
22.1.1.цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах үйл ажиллагаанд аливаа хэлбэрээр оролцох;
22.1.2.улс төрийн үйл ажиллагаа явуулах.