АЙМГИЙН ИТХ-ЫН ДЭРГЭДЭХ ЦАГААТГАХ АЖЛЫГ
УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХСАЛБАР КОМИСС
УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХСАЛБАР КОМИСС
ЦАУЗБСК нь аймгийн ИТХ-ын даргын удирдлаган дор ажилладаг ба дотоод ажлыг Хурлын ажилтан Т.Саулегүл хариуцдаг.
ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ... ЦАГААТГАЛ..
Монгол улсад улс төрийн хэлмэгдүүлэлт ардын хувьсгалын дараахан 1922 оны үеэс эхэлж 1990 он хүртэл үргэлжилжээ. Энэ хугацаанд нийт 40000 гаруй хүн улс төрийн хилс хэрэгт холбогдсон гэх албан бус тоо мэдээ байдаг бөгөөд албан ёсны нэг баримт дурдахад улс төрийн хэлмэгдүүлэлт, залхаан цээрлэлтүүдийн оргил үе болох 1937 оны 9-р сараас 1939 оны 4-р сарын хооронд л гэхэд Онцгой бүрэн эрхт комисс бүгд 50 удаа хуралдаж 25824 хүний “хэргийг” эчнээ хэлэлцэж 20474 хүнд буудан алах, 5103 хүнд 10 жил хорих, 240 хүнд 10 жил хүртэл хорих ял оногдуулж, 7 хүнийг хэрэгт холбогдолгүй гэж суллажээ. Эдгээр 25817 хүнээс 4000 орчим хүний хэргийг 1939-1989 онд, үлдсэн 22000 хүний хэргийг 1991-1995 онд шалгаж цагаатгасан байна.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах ажил 1939 оны намраас 1945, 1956-1962 онуудад түр хугацаагаар явагдаж хурц асуудлууд хөндөгдсөн боловч, тэр үеийн улс төрийн үзэл бодлоос болж түгжигдмэл байдалд орж зогссон байна. Уг ажил 1989 оны сүүлчээр манай улс оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын нөлөөгөөр дахин сэргэж, 1990 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 56 дугаар зарлигаар 1930, 1940, 1950-иад оны үед улс төрийн хилс хэрэгт татагдаж, хэлмэгдсэн хүмүүсийн асуудлыг үргэлжлүүлэн судалж цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын Комиссыг байгуулж, улс төрийн хилс хэрэгт татагдаж “Онцгой бүрэн эрхт комисс”, “Тусгай комисс” зэрэг шүүхийн биш байгууллагаар шийтгэгдсэн хүмүүсийн хэрэг, түүнд холбогдогсдыг нэрсийнх нь дагуу, шүүхээр шийтгэгдсэн хүмүүсийн хэргийг өргөдөл гомдлын үндсэн дээр шалгаж шийдвэрлэх ба цагаатгагдагч, түүний гэр бүлийнхэнд тэтгэвэр тэтгэмж олгох, хэлмэгдэгчдийн талаар судалж түүхэн үнэнийг тогтоох, нэр төрийг сэргээх ажлыг зохион байгуулахыг энэ Комисст даалгасан байна. Энэ хугацаанд 31 гаруй мянган хүн цагатгагдаж, нийтийг хамарсан их баривчилгаа эхэлсэн 1937 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 1996 онд «Улс төрийн хэлмэгдэгчдийн дурсгалын өдөр» болон хуульчлагдаж, 1998 онд 1 дүгээр сард Монгол Улсын “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хууль анх удаа батлагдаж, 1999 оны 10 дугаар сард зарим нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.
Тус комисс нь одоо ч хэлмэгдэгчдийг цагаатгуулах, нөхөх олговор олгуулах ажлаа эрчимтэй явуулж байгаа бөгөөд 1922-1990 онуудад улс төрийн хилс хэрэгт шийтгэгдсэн 8000 шахам хүний хэргийг шалган, түүхэн үнэнийг тодруулахаар ажиллаж байна.
Энэхүү их хэлмэгдүүлэлтэнд манай аймгийн нутаг дэвсгэрт оршин сууж байсан 2000-аад хүн өртсөн гэх албан бус тоо мэдээ байдаг бөгөөд 1995 онд хэвлэгдсэн “Цагаан номд” зөвхөн 1937-1942 онд улс төрийн хэрэгт холбогдон хэлмэгдэж, 1941, 1942, 1958-1962, 1990-1995 онд цагаатгагдсан 550 гаруй хүний нэр орсон юм. Хурлын хэвлэл мэдээллицйн ажилтан З.Рысбекийн 2007 онд хэвлэгдсэн «Хэлмэгдэгсэд» хэмээх түүхэн судалгааны номд тухайн үед өнөөгийн Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт хамрагдаж байсан сумуудын нутаг дэвсгэрээс болон Ховд, Завхан, Говь-Алтай аймаг, Улаанбаатар хотоос баривчлагдсан (2006 он хүртэл цагаатгагдсан болон цагаатгагдаагүй) 1240 хүний тухай албан ёсны баримтууд хамрагдсан юм.
Түүнээс хойш одоо хүртэлх хугацаанд аймгийн ЦАУЗБ салбар комиссын оролцоотойгоор 180 шахам хүн цагаатгагдаад байгаа боловч нэлээд хүний хэрэг архивийн баримт олдоогүй болон бусад шалтгаанаар саатаж, тодорхой шийдвэр гараагүй байна.
МОНГОЛ УЛСЫН “УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ” хуулиас
3 дугаар зүйлээс: “УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГ” гэж — тухайн үеийн эргүүгийн хууль тогтоомжид заасан улс төрийн буюу төрийн эсрэг гэмт хэрэг, эрүүгийн хуульд шууд заагаагүй боловч намын эсрэг гэх хэргийг гүтгэлэг, бие махбодийн болон сэтгэл зүйн хүчирхийлэл, албадлага зэрэг хууль бус аргаар зохиомолоор бүрдүүлсэн хэргийг хэлнэ. “УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ” гэдгийг — хүнийг нийгмийн гарал, байдал, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлан нам, төр, нийгэмд аюултай этгээд гэж тооцож, улс төрийн болон төрийн эсрэг гэх гэмт хэрэгт хууль бусаар холбогдуулж, шүүх, тусгай, онцгой бүрэн эрхт комиссын болон нам, төрийн бусад байгууллагын шийдвэрээр баривчлан мөрдөх, эрүүгийн ял шийтгэл эдлүүлэх, шүүхээс гадуур нутаг зааж суулгах, хууль бусаар эрх, эрх чөлөөг нь хязгаарлах, хасах замаар амь нас, эрүүл мэнд, нэр төр, сэтгэл санаа, эд хөрөнгийн хохирол учруулсан бөгөөд зохиомол хэрэг, гүтгэлэгт үндэслэсэн албадалгын арга хэмжээ гэсэн утгаар ойлгоно.
5 дугаар зүйлээс: “УЛС ТӨРИЙН ХИЛС ГЭМТ ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧ” гэж — 1922-1926 он /”Шүүх цаазны бичиг” гарах хүртэл хугацаа/-д эрүүгийн ял шийтгэлийг шинэчлэн тогтоосон болон Ардын Засгийн газрын тогтоолууд, 1926 оны “Шүүх цаазны бичиг” /1929 онд нэмэн найруулсан/-ийн 7 дугаар бүлгийн 42-49 дүгээр зүйл, 8 дугаар бүлгийн 50-52 дугаар зүйл, 1934 оны “Шүүх цаазны бичиг”-ийн тусгай ангийн 1 дүгээр бүлгийн 42-50 дугаар зүйл, БНМАУ-ын Ардын СнЗ-ийн 1938 онд 1 дүгээр бүлэгт оруулсан нэмэлт, өөрчлөлт, 1942 оны “Эрүүгийн хууль”-ийн 55-69, 137 дугаар зүйл, 1961 оны “Эрүүгийн хууль”-ийн тусгай ангийн 1 дүгээр бүлгийн 45-52, 53-55, 57 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт шүүх, шүүхийг орлон ажилласан тусгай комисс, онцгой бүрэн эрхт комиссын шийдвэрээр хилсээр ял шийтгүүлсэн нь шүүхийн журмаар тогтоогдсон, ял шийтгүүлээгүй боловч энэ зүйлд дурдсан хэрэгт хилсээр холбогдон баривчлагдаж мөрдөгдсөн нь прокурорын тогтоолоор нотлогдсон, шүүх, тусгай болон онцгой бүрэн эрхт комиссоор хэлэлцэн шийлвэрлээгүй боловч улс төр, үзэл суртлын шалтгаанаар тухайн үеийн нам, төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр ажил, албан тушаалаасаа хууль бусаар халагдсан нь шүүхийн журмаар тогтоогдсон ХҮНИЙГ хэлнэ.
6 дугаар зүйлээс: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн гэж үзэж байгаа этгээдийг ЦАГААТГУУЛАХ ТУХАЙ ГОМДЛЫГ уг этгээд өөрөө буюу түүний гэр бүлийн аль нэг гишүүн /хэлмэгдэгчийн эхнэр буюу нөхөр нь түүнийг нас барсанаас хойш өөр хүнтэй гэрлэсэн эсэхээс үл хамааран, хэлмэгдэгч амьд байхад нь төрсөн болон үрчилж авсан, мөн хэлмэгдэгчийг нас барснаас нь хойш 10 сараас илүүгүй хугацаанд төрсөн хүүхэд, эдгээр хүмүүс байхгүй бол хэлмэгдэгчийн төрсөн эцэг, эх, ах, эгч, дүү, ач, зээ/, (10-зүйл) хууль ёсны төлөөлөгч, түүнчлэн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын Комисс, түүний орон нутгийн салбар гаргах эрхтэй.
24 дүгээр зүйлээс: “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тухай” /УТХХХЦТ/ хуулийн хэрэгжилтэд улсын хэмжээнд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах УЛСЫН КОМИСС, аймаг, нийслэлийн хэмжээнд аймаг, нийслэлийн САЛБАР КОМИСС, сум, хорооны хэмжээнд тухайн ЗАСАГ ДАРГА хяналт тавина. Улсын Комисс нь УТХХХЦТ хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлтийг нь хангуулах чиг үүрэг бүхий төрийн орон тооны бус байгууллага мөн. Улсын Комисс нь дарга, 8 гишүүний бүрэлдхүүнтэй бөгөөд Комиссын дарга нь УИХ-ын дэд дарга байна.Улсын Комиссын гишүүдийг Комиссын даргын өргөн мэдүүлснээр Монгол Улсын Ерөнхийлөгч томилж, Комиссын дүрмийг батлана.Улсын Комиссын нарийн бичгийн дарга орон тооны байна. Улсын Комиссын болон түүний ажлын албаны төсвийг Сангийн сайд батална. Аймаг, нийслэлийн Салбар комиссыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ. Улсын Комисс нь үйл ажиллагаагаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд тайлагнана.
11 дүгээр зүйлээс: Энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан эрх бүхий этгээд нь НӨХӨХ ОЛГОВОР гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлмэгдэгчийг цагаатгасан тухай эрх бүхий байгууллага /Улсын Дээд Шүүх, анхан шатны шүүх, Улсын Ерөнхий Прокурорын Газар/-ын шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгчийн оршин суугаа нутаг дэвсгэрт харъяалах анхан шатны шүүхэд гаргана.
13 дугаар зүйлээс: Улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн гэр бүлийн гишүүдэд болон хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчид, хэрэв хэлмэгдэгч нь нас барсан бол түүний гэр бүлийн гишүүдэд нэг сая төгрөгийн, бусад хэлмэгдэгчид 500000 төгрөгийн нэг удаагийн нөхөх олговор олгоно.
16 дугаар зүйлээс: Нөхөх олговор олгох тухай шүүхийн шийдвэрийг үндэслэн тухайн хүнд олгох нөхөх олговорыг сум, дүүргийн санхүүгийн хэлтэс, тасаг энэ хуулийн 13 дугаар зүйл, энэ зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу тооцож улсын төвлөрсөн төсвөөс олгох бөгөөд ЦАУЗБ аймаг, нийслэлийн салбар комисс хяналт тавина.
АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЦАГААТГАЛЫН САЛБАР КОМИССУУДААС ИРГЭДЭД ӨГӨХ АРГА ЗҮЙН ТУСЛАЛЦАА
Аймаг, нийслэлийн Цагаатгалын салбар комиссууд иргэдэд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгасан эсэх тухай мэдээлэл өгөх, цагаатгасныг нотлох баримт бичиг бүрдүүлэх, хуулийн 10 дугаар зүйлд заасан ёсоор нэхэмжлэх эрхтэй гэдгээ нотлуулан тогтоолгоход арга зүйн зөвлөлгөө өгөх, шаардлагатай бичиг баримтыг нь нэгдсэн журмаар холбогдох байгууллагаас нь авч хүлээлгэн өгөх ажлыг хариуцан зохион байгуулна.
Аймаг, нийслэлийн Цагаатгалын салбар комисс нь “Архивын лавлага”, улс төрийн хэлмэгдэгчийг цагаатгасан тухай шийдвэрийн хуулбар, цагаатгасан тухай “Гэрчилгээ”, “Ам бүлийн тодорхойлолт”-ыг иргэдийн хүсэлтээр холбогдох байгууллагаас нь гаргуулж өгнө.