Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас "Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг дэлхийн өдөр"-ийг угтан Өлгий хотын төв талбайд өдөрлөг зохион байгууллаа.
Аймгийн төвийн ерөнхий боловсролын багш, сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд болон сурагчид оролцов. Арга хэмжээний үеэр зохион байгуулагчид эцэг, эх, багш сурган хүмүүжүүлэгч, асран хамгаалагчдад хүүхдийг эерэг хүмүүжлийн аргаар буюу бие махбод, сэтгэл санааны хохирол учруулах, хүчирхийлэхгүйгээр хүмүүжүүлэх чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө өглөө. Мөн хүүхдүүдийг зөрчил, гэмт хэрэг үйлдэх, хохирогч болох, хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх тухай гарын авлага, товхимол, санамж тараалаа.
Түүнчлэн хүүхдүүд өнөөгийн нийгэмд өөрсдөд нь тохиолдож буй бэрхшээлүүд, тулгамдаж буй асуудлуудын тухай зурсан зураг, гаргасан ханын сониноо олон нийтэд танилцууллаа.
"Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг дэлхийн өдөр"-ийг анх 1998 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр АНУ-д "Хүүхдийг зодож шийтгэхгүй байя” уриан дор тэмдэглэж байжээ. 2001 оноос бусад улс орнууд нэгдэж дэлхий нийтийн хэмжээнд үйл ажиллагаа зохион байгуулж эхэлжээ. Харин манай улс энэхүү өдрийг 2008 оноос албан ёсоор тэмдэглэдэг болсон байна.
http://www.montsame.mn