Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН БАГШ НАРЫН НАМРЫН БАГА ХУРАЛ БОЛОВ

2014-08-28

Баян-Өлгий аймгийн Багш нарын  намрын  бага хурал  2014.08.28-ны өдөр Өлгий хотод болж өндөрлөв.
Бага хуралд  төрийн болон хувийн хэвшлийн  нийт  43 сургуулийн захирал, сургалтын менежер,  төвийн сургуулиудын багш нарын төлөөлөгчид,  цэцэрлэгийн эрхлэгч оролцов.
Аймгийн  ИТХ-ын дарга Б.Лазатхан, Аймгийн ЗДТГ-ын дарга Т.Манкей,  Нийгмийн  бодлогын  хөгжлийн хэлтсийн дарга С.Ерия  нар бага хуралд оролцогчдод  мэндчилгээ дэвшүүлж, 2014-2015 оны хичээлийн жилд  боловсролын салбарынхны  анхаарбал зохих  зарим зүйлийг сонордуулж, цаашдын  ажил үйлсэд амжилт  хүсэв.
Аймгийн  Боловсролын  газрын дарга К.Имаммагзам «Аймгийн  боловсролын салбарт 2013-2014 оны хичээлийн жилд дэвшүүлсэн зорилтын хэрэгжилт, 2014-2015 оны хичээлийн жилд  дэвшүүлэх зорилтын тухай» илтгэл  тавьж хэлэлцүүлэв. Тэрээр илтгэлдээ:  Аймгийн боловсролын салбар нь  төр, засгийн шинэчлэлийн  бодлогын  хүрээнд  эрх зүйн  шинэ орчинд ажиллаж, 2013-2014 оны хичээлийн жилд дэвшүүлсэн зорилтуудаа  амжилттай биелүүлэн, менежментийг сайжруулах,  сургалтын   ая тухтай орчинг бүрдүүлэх талаар  багагүй ахиц дэвшил гарсан  жил болсныг  онцлон тэмдэглэв.  Тус хичээлийн жилд аймгийн боловсролын салбарт  Улсын төсөв, сайдын багц болон  ОНХС-аас  6,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт  хийгдсэн нь өнгөрсөн оныхоос  2,8 тэрбумаар  их бөгөөд  уг хөрөнгө оруулалтаар   хэд хэдэн сургууль, цэцэрлэг, дотуур байрны   шинэ барилгын ажил эхэлж, 10 гаруй сургууль, цэцэрлэг, дотуур байрны их засварын ажил хийгдсэн байна.  Хичээлийн шинэ хөтөлбөр буюу  лабораторын сургалтыг туршилтын журмаар  Өлгий сумын 3 дугаар бүрэн дунд боловсролын  сургуулийн  бага ангиудад нэвтэрүүлсэн  нь амжилттай  хэрэгжсэн  ба  шинэ хичээлийн жилд  дунд ангиудад нэвтрүүлэхээр төлөвлөж  байгаа юм байна.  Түүнчлэн  2014 онд   бүрэн дунд  боловсролын  «Шейх Зайд»  хувийн хэвшлийн  сургууль,  СӨН-ны болон  бага боловсролын «Эрдэм» цогцолбор сургууль, «АЙВОМ»  хувийн хэвшлийн  цэцэрлэг  шинээр үд хаалгаа нээсэн нь   аймгийн боловсролын салбарын  цар хүрээ өргөжиж  байгаагийн  илэрхийлэл гэж болох юм.     
2014-2015 оны хичээлийн жилд  аймгийн нийт 43 сургуульд  22096 сурагч,  аймгийн төвийн 14 цэцэрлэгт 6363, сумдын цэцэрлэгүүдэд 3818  буюу СӨН-ны боловсролд  10181  хүүхэд хамааруулахаар төлөвлөсөн нь  одоогийн байдлаар  давж биелэгдэх  төлөвтэй байна.  Үүнээс бага ангид 11251, дунд ангид  7193, ахлах ангид 4129 сурагч хамрагдах бөгөөд  2507 хүүхэд 1-р ангиийн босго алхаж,  12 жилийн  сургалтанд  анх хамрагдсан  6 настнуудаас  энэ хичээлийн  жилд   420 сурагч  12-р ангийн анхны төгсөгчид болох юм байна.  

Бага хурлаас Аймгийн боловсролын салбарын 2014-2015 оны хичээлийн жилийн зорилтуудыг тодорхойлов. Үүнд:


1.  Бага, суурь, бүрэн дунд боловсролын түвшинд үндэсний шинэчилсэн хөтөлбөрийг турших, хэрэгжилтийг түгээн дэлгэрүүлэх
2.    Хүүхдийн авъяасыг бүх талаар нээж, хөгжүүлэхэд багш, эцэг эх, олон нийттэй хамтран ажиллах
3.    Номыг бүтээлчээр унших соёлыг түгээн дэлгэрүүлэх, анги бүрийг номын сантай болгох
4.    ЕБС, хүүхдийн цэцэрлэг бүрийн багшийг хөгжүүлэх танхимтай болгох
5.    Насан туршын боловсролын төв, нэгжийн сургалтыг жинхэнэ утгаар зохион байгуулж,  сургалтын орчинг сайжруулах
6.  ЕБС-ийн сурагчдыг  батлагдсан загварын дүрэмт хувцасаар жигдрүүлэх ажлыг  эцэг эх, олон нийтийн оролцоотой сайжруулж 60 хувьд хүргэх
7.    ЕБ-ын сургуулиудын номын сангийн орон байр, орчин нөхцлийг сайжруулах
8.    Багш нарын мэргэжил боловсролыг дээшлүүлэх, эх хэлний болон монгол хэлний боловсролыг сайжруулах
9.    ЕБС, хүүхдийн цэцэрлэгийн  гадаад  болон дотоод эрүүл, аюулгүй орчинг сайжруулах.

Багш нарын бага хурал дээр  Өлгий сумын  лаборатори  3-р сургуулийн  сургалтын менежер И.Хайрым  «Бага боловсролын үндэсний  шинэчилсэн  цөм хөтөлбөрийг  туршин  хэрэгжүүлсэн ажлын үр дүн, цаашид авах арга хэмжээний тухай» мэдээлэл хийсэн нь   нийт  багш, сурган хүмүүжлэгчдэд  ач тустай, санаа авууштай   мэдээлэл боллоо.

Бага хурлаас   «Аймгийн багш нарын ёс зүйн зөвлөл»-ийг Аймгийн ЗДТГ-ын  НБХХ-ийн дарга С.Ериягаар ахлуулан 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулав.

Аймгийн  ИТХ-ын  Хэвлэл мэдээллийн ажилтан З.Рысбек

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9564
7876 / 82%
1045 / 11%
307 / 3%
336 / 4%