Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрэмжит үндэсний бөхийн аймгийн аварга шалгаруулах тойргийн барилдаан энэ сарын 14-15-ны өдрүүдэд явагдаж, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын харьяат бөх аймгийн заан М.Аманбек 23 даваа, нэг унаагаар түрүүлээ.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тойргийн барилдааныг аймгийн ИТХ, Биеийн тамир, спортын газар хамтран зохион байгуулсан байна.
Барилдаанд аймаг, сумын алдар цолтой 25 бөх хүч үзэн зодоглосноос тус аймгийн Алтай сумын харьяат аймгийн заан С.Бат-Үүл 22 даваа, хоёр унаатайгаар хоёрдугаар байр, Ногооннуур сумын харьяат бөх аймгийн начин Д.Бейбит 20 даваа, дөрвөн унаатайгаар гуравдугаар байрт тус тус шалгарлаа.
Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд урамтай барилдаж, үзэгч олноо баясуулсан бөхчүүдэд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, аймгийн Засаг даргын орлогч, аймгийн Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ш.Хавал нар шагнал гардуулж, баяр хүргэлээ.