Баян-Өлгий аймгийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, ЗДТГ, Прокурорын газар болон Цагдаагийн газар хамтран аймгийн ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн даргын ивээл дор “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, инноваци нэвтрүүлэх нь” сэдэвт аймаг, сумдын удирдлагуудыг оролцуулан нэгдсэн сургалт, зөвлөгөөн зохион байгууллаа.
Сургалт, зөвлөгөөнд аймгийн Прокурорын газрын орлогч прокурор А.Турдибек, Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, дэд хурандаа Э.Анхбаяр, урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Ж.Жанболат, ГХУСАЗСЗ хариуцсан мэргэжилтэн Х.Маргулан болон аймаг, сумдын удирдлагууд оролцов.
Зөвлөгөөнөөр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын ач холбогдол, сайжруулах арга зам, тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэж, нэгдсэн зөвлөмж гаргалаа.
Үүний дараа Цагдаагийн хошууч Ж.Жанболат, Х.Маргулан нар сумдын нутаг дэвсгэрт үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг иргэд олон нийт, төрийн болон төрийн бус байгууллагатай түшиглэн зохион байгуулах, иргэд олон нийтэд холбогдох хууль тогтоомжийг сурталчлах зорилгоор “Гэмт хэрэг, зөрчилгүй сум” шалгаруулах аян зарласныг мэдэгдэж холбогдох материалыг сумдын удирдлагуудад гардуулан өглөө.
Аяныг аймгийн ИТХ, ЗДТГ, болон Цагдаагийн газар хамтран зарласан бөгөөд аяны хугацааг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хооронд зохион байгуулахаар тогтоожээ.
Хэрэв энэхүү аяныг сум орон нутагтаа үр дүнтэй, идэвх зүтгэл гарган зохион байгуулж ажилласан бол тухайн сумын удирдлагуудыг Мотоцикл, Компьютерээр, Зургын аппаратаар шагнахаар болсон байна.