Аймгийн ИТХ-ын ээлжит V хуралдаанаас өчигдөр аймгийн 2018 оны төсвийг хэлэлцэж баталлаа. Орон нутгийн нийт орлогыг 7,2 тэрбум төгрөгөөр буюу 2017 оны тодотгосон төлөвлөгөөнөөс 521,5 сая төгрөгөөр нэмэгдүүллээ. Уг орлогын 94,1 хувийг татварын орлогоос, 5,9 хувийг татварын бус орлогоос бүрдүүлэхээр тусгалаа.
Харин орон нутгийн төсвийн зарлагыг 23,6 тэрбум төгрөг байхаар тооцлоо. Энэ нь өнгөрсөн жилтэй харьцуулахад нийт дүнгээр 4,8 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт аж. Үүнд нийгмийн халамжийн болон орон нутгийн хөрөнгө оруулалтын арга хэмжээний зардлууд нэмэгдсэн нь нөлөөлжээ.
Мөн Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийн хэмжээ 2017 оны тодотгосон түвшингээс 193,4 хувиар нэмэгдэж, 4,9 тэрбум төгрөгөөр батлагдлаа. Үүнээс 2,5 тэрбум төгрөгийг сумдад хүн амын тоо, алслагдсан байдал, нутаг дэвсгэрийн хэмжээг харгалзан хуваариллаа.
http://montsame.mn/
