Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Налайх дүүргийн ИТХ-ын долоодугаар хуралдааныг 2017 оны 12-р сарын 20-ны өдөр болгож хойшлууллаа

2017-12-18

Дүүргийн ИТХ-ын долоодугаар хуралдаан 2017 оны 12-р сарын 18-ны өдрийн 10 цагт 71,4 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Хуралдаанаар Налайх дүүргийн 2018 оны төсөв батлах, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2018 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт батлах, Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын 2018 оны төлөвлөгөө батлах тухай гэсэн асуудлыг хэлэлцэн батлах юм.

Хуралдааны үеэр 2016 оны орон нутгийн сонгуулиар 3-р хорооноос нэр дэвшиж, сонгогдсон боловч бүрэн эрх нь түр түдгэлзсэн 4 төлөөлөгч хүрэлцэн ирж, хуралдаанд оролцох хүсэлт гаргасан тул дүүргийн ИТХ-ын тэргүүлэгч Б.Сампилноров бүрэн эрх нь баталгаажаагүй 4 төлөөлөгчийн асуудлыг хуралдааны эхэнд хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй юм гэсэн санал гаргаж, 3-р хорооноос нэр дэвшсэн төлөөлөгчдийг хууль журмын дагуу асуудлыг нь шийдэж, хуралдааныг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзсэн юм.

Дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга А.Булбул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 2017 оны 12-р сарын 15-ны өдрийн 17:30 минутад хүлээн авсан албан мэдэгдлийг уншиж танилцуулсан юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 12-р сарын 15-ны өдрийн 5а/1514 тоот албан мэдэгдэлд Налайх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10-р сарын 21-ний өдрийн 12-р тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгож, тус тогтоолын 2 дахь заалтад өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нэр бүхий 4 иргэнийг дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож, түр үнэмлэх олгох, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөл боловсруулж, шинээр сонгогдсон дүүргийн ИТХ-д өргөн мэдүүлж, олон нийтэд мэдээлэхийг Налайх дүүргийн СОНГУУЛИЙН ХОРООНД ДААЛГАСАН БАЙНА. Иймд уг мэдэгдлийн хүрээнд 2017 оны 12-р сарын 18-ны өдрийн 1/310 тоот албан бичгийг Налайх дүүргийн ИТХ-аас Налайх дүүргийн Сонгуулийн хороонд хүргүүлсэн байна. Энэ үеэр МАН-ын бүлгийн дарга К.Сейтхан 2 санал гаргаж, 1-рт дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, 2-рт хуралдааны дэгийн дагуу намын бүлгийн завсарлага авах санал гаргаж, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн ихэнх нь дэмжиж 2 цагийн завсарлага авав.

Завсарлагааны дараа уг хуралдааны үеэр гарсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчид шуурхай хуралдаан зарлаж, 2 асуудлаар хэлэлцлээ. 1-рт Налайх дүүргийн ИТХ-д 2017 оны 12-р сарын 15-ны өдрийн 17:30 минутад хүргүүлсэн 5а/1514 тоот албан мэдэгдлийн талаар хэлэлцэж, тэргүүлэгчид 3-р хорооноос сонгогдсон төлөөлөгчдөд хүндэтгэлтэй хандаж, уг асуудлыг хуулийн дагуу дүүрэг, нийслэлийн Сонгуулийн хороонд хандаж, албан ёсны шийдвэрийг авах хэрэгтэй бөгөөд түр үнэмлэх гардуулж, хуралдаанд өргөн барих асуудал нь дүүргийн ИТХ-ын бүрэн эрхийн асуудал биш юм. Иймд дүүрэг, нийслэлийн төв Сонгуулийн хороонд албан бичгээр хандаж, Сонгуулийн тухай хуулийн 34.1.11-т заасан шийдвэрийн биелэлтийг ханган ажиллах, Сонгуулийн хорооны албан ёсны шийдвэрийг авч, эдгээр төлөөлөгчдийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 2-рт дүүргийн ИТХ-ын долоодугаар хуралдааны товыг хэлэлцэж, 3-р хорооны 4 төлөөлөгчийн асуудлаар гаргасан шийдвэрийг хүлээн авч, хуралдаанд оролцуулах эрхийг хангах шаардлагатай тул хуралдааны товыг 2017 оны 12-р сарын 20-ны өдөр болгож хойшлуулан, Налайх дүүргийн 2018 оны төсөв батлах ,Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2018 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт батлах, Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын 2018 оны төлөвлөгөө батлах, дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай гэсэн асуудлыг хэлэлцэхээр боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3928
2725 / 69%
719 / 18%
240 / 6%
244 / 6%