Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар "Зоорь" дэд хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа

Манай аймагт төмс, хүнсний ногоо тариалагч 947 , жимс жимсгэнэ тариалагч 350 иргэн аж ахуйн нэгж ажиллаж байгаа хөдөлмөрийн зах зээлийн 8,9 %-ийг эзэлж байна. Тус хөтөлбөр нь эдгээр тариалагчдын зах зээлд дахь байр суурийг батжуулж стандартын шаардлага хангасан зоорь, агуулахад хадгалсан  төмс хүнсний ногоо, жимс жимсгэнээр ард иргэдийг жилийн турш тогтвортой хангахад чиглэсэн үйл ажиллагааг төлөвлөсөн орон нутгийн хэмжээний төрийн бодлого, үйл ажиллагааны баримт бичиг юм.

Хэрэгцээ шаардлага:

1.    Одоо ашиглагдаж байгаа энгийн болон нүхэн зооринууд ихэнх нь стандартын шаардлага хангахгүй, агааржуулалт муу, агаарын температур хэлбэлзэл ихтэй, гар ажиллагаатай байгаа нь тариалан эрхлэгчдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна.

2. 2016 оны байдлаар төмс, хүнсний ногоо 521.8 га талбайд тариалж 6596.2 тн ургац хураан авсан.

3. Аймгийн хэмжээнд 2017 оны судалгаагаар 141 аж ахуйн нэгж, иргэний  2632 тн  багтаамжтай зоорь байна. /130 иргэний - 2387 тн багтаамжтай, 11 аж ахуй нэгжийн 245 тн багтаамжтай/

4.  Хүнсний хэрэгцээнд 7-10-р саруудад шинэ ургацын төмс,  хүнсний ногоо хэрэглэдэг бол 11-6 саруудад зориулалтын зооринд нөөцлөн хадгалсан ногоог хэрэглэдэг. Үндэсний статистикийн газраас гаргасан жишгээр аймгийн хүн амын хэрэгцээг тооцоход  төмс- 6295 тн,  хүнсний ногоо- 4406 тн, жимс жимсгэнэ- 5665 тн-ыг тус тус хэрэглэхээр  гарч байгаа бөгөөд одоо ашиглаж байгаа зоорины багтаамжийг 2016 оны ургацтай харьцуулахад 43%, хэрэгцээт ургацтай харьцуулахад 25% -тай байна.

5. Төмс, хүнсний ногооны зоорийг байрлалаар нь авч үзвэл: Хойд сумуудад  183 тн, баруун сумуудад  524 тн, урд сумуудад   255 тн, Улаангом суманд 1670 тн багтаамж бүхий зоорь байгаагаас нэг болон зургаа дугаар багуудад ихэнх нь байна.

6.     Манай аймгийн хувьд байцаа, сонгино, сармисыг хадгалах зориулалтын агуулахгүйгээс 90 гаруй хувийг гаднаас авдаг. Зарим тариаланч бага хэмжээгээр тарьж, гэртээ хадгалж, маш бага хэсгийг зах зээлд гаргаж байна. Зах зээлд 1кг сонгино, сармисны үнэ өндөр байна.

7.     Чацаргана тариалагчдын тоо 350-д хүрсэн ч хадгалах хөлдөөгч зоорины хүртээмж муугаас  хураасан жимсээ намар хямд үнээр өгөх эсвэл  ургац алдаж өвөл хурааж байна. Жилд 550-650 тн чацаргана хураадаг боловч хадгалах хөлдөөгч зоорины багтаамж  120 тн буюу хангамж 18% -тай байна.

8.     4-8-дугаар саруудад хүнсний ногооны үнэ өсдөг. Учир нь манайд ашиглаж байгаа зоориуд  дулааны хэмийг зохицуулах боломжгүй.

Хөтөлбөрийн зорилго нь:

Тариаланч, аж ахуйн нэгжүүдийн хүч хөдөлмөр зарцуулан тариалсан жимс жимсгэнэ, төмс хүнсний ногоог тоо болон чанарыг нь алдагдуулахгүйгээр нөөцлөн хадгалж хүн амын хэрэглээнд үнийн хэлбэлзэл багатай нийлүүлэх нь энэ хөтөлбөрийн гол зорилго юм.

Зорилт:

1.    Зоорь, агуулахын ашиглалтыг сайжруулах

2.     Төмс, хүнсний ногоо хадгалах зоорины хангамжийг 60%, сонгино сармис, байцааны агуулахыг – 50%,  жимс жимсгэнэ хадгалах хөргөлттэй зоорины   хангамжийг – 50%-д хүргэх

3.    Зоориудыг механикжуулах ажлыг зохион байгуулах

4.    Борлуулалтын сүлжээг хөгжүүлэх, үнийг тогтворжуулах

Нэгдүгээр зорилтын хүрээнд:

Ажлын хэсэг гарган одоо ашиглаж байгаа зоорь, агуулах, хөлдөөгч зоорины нөхцөл байдлыг судалж дүгнэлт гаргах,  хийгдэх засвар үйлчилгээг тодорхой болгох

Ашиглалтыг сайжруулахын тулд зоорийг олон тасалгаатай болгох, олон төрлийн таримлыг нэг дор хадгалах боломжийг бий болгох, таримал бүрийн хадгалах  горимын талаар сургалт зохион байгуулах, мэргэжлийн багшаар хичээл заалгах

Загвар зоорийг сонгон үзүүлэх, дотоод болон гадаадын зоорь, агуулахын бүтэц зохион байгуулалт, ашиглалтын байдалтай танилцуулж туршлага солилцох

Засвар үйлчилгээ хийх шаардлагатай зоорины  өртгийг тогтоож,  эзэмшигч иргэн зөвшөөрвөл хөнгөлөлттэй зээлд хамруулах

Зоорь агуулахын ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг жил болгон зохион байгуулахыг мэргэжлийн байгууллагад чиглэл өгөх, ариутгах бодисын хэрэгцээг тодорхойлон захиалга  хийж,  зоорь эзэмшигчдэд холбож өгөх

Хоёрдугаар зорилтын хүрээнд:

Төмс хүнсний ногоо, сонгино сармис, байцаа, жимс жимсгэнэ, чацаргана, хүлэмжний таримал тус бүр дээр хэрэгцээний судалгааг гаргах

Энгийн зоорь, механикжсан зоорь, агуулах, гүн хөлдөөгч зоорины тус бүр дээр мэргэжлийн байгууллагаар ажлын зураг, төсөв гаргуулах, иргэн аж ахуйн нэгжүүдэд санал хүргүүлэх

Төмс, хүнсний ногооны зоорины хангамжийг 60%-д хүргэхийн тулд энгийн зоорь – 200 тн /4ш/, механикжсан зоорь – 300 тн /3ш/, сонгино, сармис, байцааны агуулахын хангамжийг 50%-д хүргэхийн тулд 100 тн /10ш/,   гүн хөлдөөгч зоорийн хангамжийг  50%-д хүргэхийн тулд – 200 тн /20ш/- ыг барьж   эзэмшиж ашиглахыг хүссэн иргэдийн дунд төслийн уралдаан зарлаж шалгаруулан ЖДҮ хөгжүүлэх сан, арилжааны банктай холбож өгөх,

Аймгийн хүн амын нягтаршлыг харгалзан үзэж төмс хүнсний ногоо, сонгино сармисны зоорь агуулахын байрлал, хийц, хэмжээг тодорхойлох, 70%-ийг аймгийн төвд, үлдсэн 30%-ийг  бүсийн гол суманд баригдахаар төлөвлөх

Гуравдугаар зорилтын хүрээнд:

Байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, хөргөлт - халаалтын технологитой зоорь, агуулахыг нэмэгдүүлэхийн тулд ТИС, Коллежийн болон мэргэжлийн багш нарыг урьж  санал солилцох, хичээл сургалт явуулах

Механикжсан зоорины аж ахуй хөгжсөн газар явж  танилцах,  туршлага солилцох

“Ухаалаг зоорь - Шинэ санаа” сэдэвт уралдаан зарлан дүгнэх, урамшуулах, амьдралд хэрэгжүүлэх

Дөрөвдүгээр зорилтын хүрээнд:

Жилд 2 удаа /хавар, намар/ бүх зоорь агуулахад үзлэг шалгалт хийж чанар, ашиглалтыг  сайжруулах арга хэмжээ авах, хүнсний ногоо хэвийн хадгалагдаж байгааг хянах

Хэрэгцээт  ургацыг хангалттай нөөцлөх ажлыг зохион байгуулах, зоорь агуулахын мэдээллийг интернетэд байрлуулах

Зооринд хадгалагдаж байгаа таримлын гарал үүслийг шалгах, тоо хэмжээг бүртгэх,

Хадгалагдаж байгаа ногооны талаар мэдээлэл хийж нийлүүлэгч талуудад сурталчлах, холбож өгөх

 

 

 

 

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3932
2729 / 69%
719 / 18%
240 / 6%
244 / 6%