Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ТӨЛӨВЛӨГӨӨНД ОРООГҮЙ БАРИЛГУУД ДУЛААНД ХОЛБОГДСОНООР АЧААЛАЛ ҮҮСЧ БАЙНА

2017-11-28

“Эх голомтын илч” компаний захирал Ч.Өсөхбаяртай ярилцлаа.

 

-Танай компаний хувьд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангасан бэ? Ямар нэгэн доголдол гарч байна уу?

-Өвөлжилтийг манай аймаг харьцангуй хүнд давдаг. Учир нь өөрийн аймгийн нутагт нүүрсгүй учраас манайх нэг талдаа 402 км алслагдсан газраас нүүрс татдаг. Сүүлийн жилүүдэд цас зудтай өвөл болж, нүүрс тээврийн гол зам хаагддаг. Энэ зам хаагдсанаас болж нэг талдаа 638 км хол явж байж нүүрс татдаг. Үүнтэй уялдаад нүүрсний бэлтгэл нөөц тасрах, нүүрс тээвэрлэх хувийн машинууд зам хол учир явахгүй гэж цааргалах зэрэг хүндрэлүүд гардаг. Иймээс банкны өндөр хүүтэй зээл авч, цас ороогүй үед нүүрс татах ажлыг зохион байгуулж байна. Энэ жил ч мөн нүүрсийг урьдчилан татах ажил графикийн дагуу хийгдээд явж байна.

Бас нэгэн бэрхшээлтэй асуудал нь Эрчим хүчний тухай хуулинд орсон нэмэлт өөрчлөлтөөр манай үнэ тариф, бусад техникийн нөхцөлийн засварын зардал, тоног төхөөрөмжийн урсгал зардал зэргийг Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоодог болсон. Эрчим хүчний зохицуулах хороо жил болгон хуралдаад байдаггүй. Хуулиндаа ч тийм заалт байдаггүй. Гэтэл жил бүр барилга байгууламж,  орон сууц бусад үйлчилгээний төвүүд баригдаж, төлөвлөгөөнд ороогүй энэ мэт барилгууд дулаанд холбогдох болдог. Эдгээрийг дулаанд холбож байна гэдэг нь тоног төхөөрөмж өргөтгөх, зууханд шинээр ам нээх асуудлууд гарч ирдэг. Мөн зуухны барилга байшинг, шугам сүлжээг өргөтгөх асуудлууд техникийн нөхцөлөөр тогтоогддог. Тиймээс техникийн нөхцөлд орж ирээгүй объектуудыг халаах тохиолдолд техникийн болон санхүүгийн бэрхшээл гарч ирдэг. Үүнийг дан ганц манай байгууллага төдийгүй орон нутагтайгаа уялдаж, аливаа барилга байгууламж төлөвлөгөөтэй, доод тал нь зуны улирлыг алгассан юмуу жилээс хагас жилийн хугацаанд төлөвлөж, тоног төхөөрөмжөө өргөтгөх асуудлыг ярьж байгаа.

-Барилга байгууламж нэмэгдэхийн хэрээр дулаан хангамжийн тал дээр асуудал үүсч байна гэж байна. Зарим барилгыг дулаанд холбогдох боломжгүй гэсэн нөхцөлийг тавьж байгаа гэж дуулдсан. Заримыг нь тухайн барилгаас хөрөнгө гаргуулаад шийдсэн гэж байна. Тэгэхээр санхүүгийн асуудлаа шийдсэн тохиолдолд дулаан холболтыг хийж болоод байна уу. Хэдийгээр нэг удаа болгосон ч гэсэн дулааны шугам сүлжээнд ачаалал үүсгэх магадлалтай юу?

-Аливаа объектийг нэг удаадаа дулаанд холбож болно л доо. Нэг ёсондоо нөөц тогоогоо ашиглана гэсэн үг. Энэ нь цаг зуурын бэрхшээл тохиолдсон үед, гамшиг осол тохиолдлоо гэхэд ямар ч арга хэмжээ авах боломжгүй, нийтээр нь осолд хүргэнээ гэсэн үг. Нөөц тогоог ямар тохолдолд холбохыг журмандаа ч тодорхой заасан байдаг. Бид ч энэ журмаа мөрддөг. Тиймээс дулаан холбоход 1-рт тогоо, 2-рт шугам, 3-рт технологийн асуудлыг хаа хаанаа бодолцож гаргах ёстой. Тэрний зардлыг ч гэсэн орон нутагтаа зохицоод явах нь зүйтэй. Нийслэл болон  улсын хэмжээний туршлагуудыг харахад техникийн нөхцөлөөрөө гарах зардлуудыг нь бүрэн өгч байгаа. Тэр зардлаа баригдаж байгаа объектууд дээрээ нэмж тусгаж, төлөвлөж яваа. Энэ зарчмыг бид 2016 оноос эхлэн баримталж байна.

-Уурын зуухнуудын хүчин чадал ямархуу байгаа вэ? Ямар нэгэн доголдол үүсэх нөхцөл бий болсон, улсын хэмжээнд хамтарч шийдэх асуудал бий юу?

-Энийг бид бодлогоор шийдье гэж ярьж, тусгуулсан байгаа. Бидний нөөц тогоо л гэхэд аль социализмийн үед тооцоолоод хийчихсэн. Гэтэл сүүлийн үед орон сууц ихээр баригдаж байгаа тул нөгөө нөөцөө нөөц гэж үзэхүү гэдэг асуудал ч үүсч байна. Тиймээс бид хөрөнгийнхөө хэмжээгээр хэсэгчлэн хангах нөөц тогоог сүүлийн гурван жил дараалан хийж байна. Харамсалтай нь ганц хоёрхон жилийн дотор тэрийг шийдэх санхүүгийн эх үүсвэр байхгүй учраас алхам алхмаар шийдэж байна.

-Сүүлийн жилүүдэд баригдсан орон сууцнууд дээр дулаантай холбоотой ямар асуудлууд байна? Холбосны дараа шугам сүлжээнд нь доголдол гарах тохиолдол бий юу?

-Сүүлийн баригдсан дөрвөн барилга дээр ийм асуудал байна. Нийгмийн даатгалын барилга, цагдаагийн ажилчдын барилгуудын халаалт муу байгаа. Сүүлийн жилүүдэд баригдаж байгаа барилгууд дороо өргөх насостой байдаг. Гэтэл энэ өргөх насосууд нь ажиллахгүй байгаа тул эдгээр барилгууд халахгүй байгаа. Тэрийг халаах ямар ч нөхцөл байхгүй. Халаана гээд усны даралт температураа өсгөлөө гэхэд нөгөө 60-70-аад онд баригдсан барилга байгууламжуудынх нь дотоод шугам сүлжээ нь доголдож, ус алддаг. Дээд давхрын айлуудад ус алдаж, доод давхрын айлууд их хэмжээгээр хохирдог. Үүнийг орон нутгийн мэргэжлийн байгууллагуудтай ярьдаг ч шийдэж чадахгүй л байна.

-Танайх бол хувийн компани. Гэтэл газар доогуур байгаа шугам сүлжээ гэдэг бол аймгийн онцгой объект шүү дээ. Хэдийгээр хувийн компаний мэдэлд байгаа ч гэсэн энэ бол оршин суугчид, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн аюулгүй байдлын асуудал цаана нь байж байдаг. Энэ шугам сүлжээ тэртээ олон жилийн өмнөхөөрөө л байгаа юу? Танай зүгээс өргөтгөл, шинэчлэл хэр зэрэг хийсэн юм бол. Цаашдаа ч барилга байгууламж нэмэгдэнэ шүү дээ?

-Манай сүүлийн зургаан жилийн хийсэн ажил болох 1, 2-р зуухны шугамыг төвлөрүүлж хооронд нь холбох, 7, 14-р зуухны шугамыг холбох, 6-р зуухны шугамуудыг төвлөрүүлж нэгтгэх энэ ажлууд бол зуух тогоо барихаас илүү ажил юм. Цаашид аймагт дулааны станц баригдлаа гэхэд энэ олон жижиг зуухуудыг тэр чигээр нь биш зургаан том чиглэлд холбоно гэсэн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлагдсан ерөнхий төлөвлөгөө байдаг юм. Энэ төлөвлөгөөний дагуу энэ бүтээн байгуулалтын ажлыг хийсэн. Хүнд харагдахгүй ч хөрөнгө хүч их шаардсан энэ ажлыг хийснээр нэлээн том дэвшил гарч байгаа. Тиймээс эдгээр зуухуудын тоног төхөөрөмж дээр асуудал гарна уу гэхээс шугам сүлжээнд асуудал гараагүй байгаа. Цаашид үлдсэн 9 зуухыг яг энэ маягаар төвлөрүүлнэ гэж компаний төлөвлөгөөнд тусгагдсан. Энэ тухайгаа аймаг орон нутгийн удирдлагуудад жил жилдээ танилцуулаад явж байна.

-Дулааны станцын асуудал яригдаад нэлээд хэдэн жил болчихлоо. Дулааны станц барихад танай компаний оролцоо ч дуулдаж байсан?

-Дулааны станцтай болоход үндсэндээ хоёр том дэвшил гарна. Нэгдүгээрт утаа багасна. Энэ нь байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө багасна гэсэн үг. Хоёрдугаарт тоног төхөөрөмж шинэчлэгдэж, дулааны ачаалал авах даац нь ихэснэ.

Энэ бол зөвхөн манай аймгийн асуудал биш. Арван аймгийн асуудал. Бид анх Засгийн газартай дулааны төв шугам сүлжээг төрөөс барьж өгье, эх үүсвэрүүдээ хувийн компаниуд өөрсдөө барья, төрийн оролцоотой компаниуд нь төрөөс хөрөнгө оруулж барья гэсэн төлөвлөгөө гаргасан. Энэ төлөвлөгөөнд дөрвөн аймагт дулааны шугам барих зардал тавигдсан боловч Хөрөнгө оруулалтын яам татан буугдсанаас бүтэмжгүй болсон. Одоо бол энэ бодлого өөрчлөгдөөгүй боловч Техник эдийн засгийн үндэслэлийг Солонгос улсад боловсруулаад, үүний дагуу төрөөс хөрөнгө оруулах санаачилга гараад явж байгаа юм билээ.

-Орон сууцнууд баригдаж, хот төлөвлөлтөд өөрчлөлт орж байна. Олон давхар баригдсан орон сууцнуудаас уурын зуухны яндан нь өндөргүй байгаа учраас айлууд руу утаа орж, оршин суугчдын бухимдлыг төрүүлдэг. Баригдаж байгаа барилга, уурын зуухнуудын зохицолдлогоо гэж байна уу? Үүн дээр та хэр зэрэг санаачилгатай ажиллаж, сэтгэл хэр зовж байдаг юм бол?

-Бидний хувьд утааг багасгах ганцхан сонголт байна. Тэр бол зуухны ашигт үйлийн коэффицентийг багасгах. 100 тонн нүүрсний 50 хувийг эрчим хүч болгоод, 50 хувийг утаа угаар болгоод цацдаг. Үүнийг л багасгана гэсэн үг. Бид тогоонуудаа 70 хувийн ашигт үйлийн коэффиценттой тогоонуудаар сольж байгаа. Нүдэнд мэдэгдэхгүй байгаа ч утааны асуудал 30 хувь буурсан гэсэн тооцоо гарч байгаа.

Барилгын 24 айлын урдах 10 давхар орон сууцны айлууд руу утаа орох асуудал байдаг. Бид ч үүнийг мэддэг. Тэнд байдаг манай 4-р зуух 1960 хэдэн онд төлөвлөгдөж баригдсан социализмын үеийн зуух. Энэ зуухны өндрийн 30 хувиас өндөргүй барилга байшин барих ёстой. Гэтэл энэ зуухны дэргэд техникийн нөхцөлгүй барилгыг дураараа барьчихсан. Иймээс яндангийн утаа айлуудын цонхоор ороод байна гэхээсээ урьтаж, яндангийн дор яагаад техникийн нөхцөлгүй барилга бариулсан бэ гэдгийг мэргэжлийн байгууллагуудаас асуух хэрэгтэй. Энэ тухай бид олон дахин ярьж байгаа.

Энэ асуудал бас 4-р сургуулийн дэргэдэх 3-р зуухан дээр яригдаж байгаа. 3-р зуухны янданг өндөрлөх газар хувь хүн түлээгээ хураачихсан байгаа. Тэр түлээг зайлуулах шаардлагыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран удаа дараа өгсөн ч хүчрэхгүй байна. Үүнийг шийдчихвэл солих яндан нь бэлэн байгаа.

Ярилцсан О.Амарзаяа

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%