Өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан манай улсад суугаа Швейцарын Холбооны Улсын консул Габриела Шперли болон Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүгийн хэлтсийн дарга Жан Рето Канаул, хөгжлийн хөтөлбөрийн ажилтан Андриас Вебер, «Ногоон алт» төслийн зохицуулагч Ц.Энх-Амгалан, «Ла Менсаэ ил грэжэ» ТББ-ын төлөөлөгч Б.Лхагвачулуун нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан зочдод аймгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцууллаа. Дашрамд дурдахад Швейцарын Холбооны Улсын консул Габриела Шперлигээр ахлуулсан ажлын хэсэг Улаанхус сумын Хөх хөтөл багт тус улсын санхүүжилтээр баригдсан шинэ цэцэрлэгийн барилгатай танилцах мөн аймгийн бэлчээр ашиглагчдын холбооны ажил байдалтай танилцахаар ирсэн байна.
