Аймгийн Б.Хурманханы нэрэмжит хөгжимт драмын театрт Б.Хурметбекийн нэрэмжит Өлгий сумын лаборатори 3-р бүрэн дунд сургуулийн түүхт 50 жилийн ойд зориулагдсан баярын хурал боллоо. Энэхүү арга хэмжээнд аймгийн Засаг дарга А.Гылымхан, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга А.Серикболат, аймгийн ЗДТГ-ын нийгмийн бодлогын хэлтсийн дарга К.Бегжан, Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Х.Зауре болон тус сургуулийн удирдлагууд, багш, ажилчид, үе-үеийн ахмад багш нар, сурагчид, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.
Баярын арга хэмжээний үеэр тус сургуульд үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим багш ажилчид боловсролын салбарын болон аймгийн ИТХ-ын «Хүндэт жуух»-аар шагнагдлаа.
Одоо тус сургуулийн 45 бүлэгт 1230 сурагч суралцаж,83 багш,38 ажилтан ажиллаж байна. Нийт багш нарын 25 хувь нь магистр цолтой, 44,8 хувь нь «Тэргүүлэх» багш, 45,9 хувь «Заах аргач багш» зэрэгтэй байна.
