Аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан нар Сагсай сумын төвөөс 10 км-ийн зайтай “Рапс” тослог ургамлын тариалангийн талбайн үйл ажиллагаатай танилцлаа.
Энэхүү тариалангийн ажлыг БНХАУ-ын "Иш Минг" компани хөрөнгө оруулалтаар аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Сагсай сумын Засаг дарга С.Хонаев, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, “Азат” ХХК-ны захирал Х.Бердимурат нар хамтарч санаачлан эхлүүлсэн байна.
Рапс нь ногоон иштэй нимгэхэн шар цэцэгтэй тосны ургамлын нэг төрөл. Шар будаа шиг хэлбэртэй, хар өнгийн зүйл аж. Хуруугаараа имэрч үзэхэд доторх нь шар өнгөтэй юм. Үйлдвэрт оруулж шахахад 35 хувь нь хүнсний хэрэгцээний ургамлын тос болж, үлдсэн нь малын тэжээлийн гол түүхий эд болдог онцлогтой.
Одоогийн байдлаар тус сумын 240 га талбайд баруун аймгуудыг хангах хэмжээний Рапс, тосны ургамал тарьж, 53 хүнийг тухайн сумаас авч бүр болон түр улирлын чанартай ажлын байраар ханган ажиллуулж байгаа ажээ. Мөн ургац хураах шаардлагатай бүх төрлийн техник хэрэгсэл оруулж ирсэн бөгөөд энэ жил 150 тонн тосны ургамал хурааж авахаар төлөвлөгджээ.
