Баян-Өлгий аймгийн багш нарын бага хурлыг өнөөдөр аймгийн М.Хурманханы нэрэмжит хөгжимт драмын театрт зохион байгууллаа. Бага хуралд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан, ЗДТГ-ын дарга Х.Тилеген боловсрол соёл урлагийн газрын дарга Х.Зауре болон аймгийн ЕБС-ийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, багш, ажилчид оролцлоо.
Тус багш, удирдах ажилтны зөвлөлдөх бага хурлын нээлтийн үйл ажиллагааг аймгийн Засаг дарга А.Гылымхан хийж багш нарт шинэ хичээлийн жилийн барын мэндийг хүргэн Төр засгийн болон аймгийн Засаг даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт тусгагдаж хийгдсэн ажлуудыг болон боловсролын салбарт хийгдсэн хөрнгө оруулалт, цаашид төлөвлөсөн ажлын талаар танилцуулж мэдээлэл хийлээ.
Үүний дараа аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан Багшийн хөгжлийн өнөөгийн байдал сэдвийн хүрээнд багш нарт хандаж үг хэлсэн бол Боловсрол соёл урлагийн газрын дарга Х.Зауре 2016-2017 оны хичээлийн жилд боловсролын шинэчлэлийн хүрээнд хийсэн ажлын тайлан мэдээг танилцуулав.
Мөн энэхүү хурлаар аймгийн багшийн ёс зүйн салбар зөвлөлийг 9 хүний бүрэлдэхүүнтэй шинээр байгуулж Боловсрол, соёл, шинжлэх ухааны спортын яамнаас 2017-2018 оны хичээлийн жилд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан цэцэрлэгийн багш, ажилтны оролцоотойгоор энэ хичээлийн жилийн зорилго, зорилтыг энэхүү бага хурлаар хэлэлцүүлэн баталж тодорхойлсон юм.
Түүнчлэн боловсролын салбарт үр бүтэлтэй ажиллаж чин үнэнчээр зүтгэсэн зарим ажилтан албан хаагч нарыг Салбарын яамны болон аймгийн ИТХ, Засаг даргын нэрэмжит шагналаар шагналаа.
Аймгийн ЗДТГ-ын ХМА
