ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018-05-24 09:15
Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газартай хамтран замын хөдөлгөөний аюулгүй байдал, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор  “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа” сэдэвт зөвлөгөөнийг энэ сарын 18-ны өдөр Өлгий хотод зохион байгууллаа.

Зөвлөгөөнд аймгийн ЗДТГ болон Цагдаагийн газрын холбогдох албан тушаалтнууд, Авто тээврийн үндэсний төв, аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүд оролцож цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцлоо.

Арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Ш.Хавыл оролцож үг хэлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ: "2009-2017 оны хооронд аймгийн Цагдаагийн газарт зам тээврийн 377 осол хэрэг бүртгэгдэж 85 хүний амь нас эрстсэн, 139 хүн гэмтэж бэртсэн байна. Тийм учраас бид цаашид зам тээврийн ослыг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлыг цаг, нөхцөл байдалд тохируулан хийх шаардлагатай байгаа"-г онцоллоо.

Баян-Өлгий аймагт сүүлийн жилүүдэд тээврийн хэрэгслийн тоо өсч, аймгийн хэмжээнд 19 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгджээ. Зөвхөн Өлгий хотод 4000-6000 авто машин замын хөдөлгөөнд оролцдог байна. Тээврийн хэрэгслийг дагаж зам тээврийн осол, замын хөдөлгөөний зөрчил мөн нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа аж.

Тийм учраас тус зөвлөгөөнөөс бодлогын болон шийдвэр гаргах түвшний байгууллага, мөн хэрэгжүүлэн ажиллах төрийн болон төрийн бус байгууллагын хүрээнд зөвлөмж гаргахаар боллоо.

 

2018-05-24 09:15

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд