Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн тухай

2014-10-17 15:14
ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсын аж үйлдвэр, гадаадын шууд хөрөнгө оруулалт, экспорт, улсын болон орон нутгийн төсвийн орлогод жинтэй хувь нэмэр оруулж байгаа уул уурхайн салбарыг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийн тогтвортой байдлыг хангах зорилго бүхий эрхзүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэх шаардлагатай байгаа билээ. Улсын Их Хурал өмнөх чуулганаараа Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль зэрэг бодлогын баримт бичгүүдийг хэлэлцэн баталсан. Түүнчлэн алтны худалдаанд ил тод байдлыг хангах, улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор алтны үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэсэн зохих өөрчлөлтийг Ашигт малтмалын тухай хуульд оруулсан болно.
Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод нийцүүлэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа.
Хэдийгээр хөрөнгө оруулалтын орчинг таатай болгох чиглэлээр шинэ хууль, дүрэм, журмууд батлагдаж байгаа боловч, эрдэс баялгийн салбарын түүчээ болсон геологи хайгуулын салбарт гадаад, дотоодын шинэ хөрөнгө оруулалт орж ирэхгүй байна. Учир нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль, Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хууль, “Талбайг нөөцөд авах тухай” Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 191 дүгээр тогтоол зэрэг хууль тогтоомжуудын улмаас хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохгүй болж хайгуулын ажилд дорвитой шинэ хөрөнгө оруулалтыг татаж чадахгүй байна.
Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль нь заавал хэрэгжих учиртай төрийн бодлогын баримт бичиг мөн боловч хэрэгжүүлэх явцад зарим нэг хүндрэл үүсч байна. Тухайлбал, хуулийн үйлчлэл хамаарах талбайг солбицлоор тогтоох, мөн нөхөх олговорыг хэрхэн шийдэх гэх зэрэг болно. Түүнчлэн хайгуулын ажилд оролцдог өрмийн, геофизикийн зэрэг мэргэжлийн компаниудын үйл ажиллагаа зогсонги байдалд ороод байна.
Ашигт малтмалын хэтийн төлвийг тодорхойлох, геологийн суурь мэдээллийг бий болгох зорилготой судалгааг улсын төсвийн хөрөнгөөр дэлхийн бараг бүхий л улс орон гүйцэтгэж байгаа бөгөөд Австрали, АНУ, Канад Улсын туршлагыг судалж үзэхэд жилдээ 20 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалтыг энэ чиглэлд зарцуулдаг байна. Энэхүү суурь судалгаанд үндэслэн хувийн хөрөнгө оруулалт геологи хайгуулын салбарт хийгддэг байна. Судалгаанаас харахад 1 сая ам.долларыг улсын төсвөөс суурь судалгаанд зарцуулан хэтийн төлөвтэй талбай ялган, геологийн суурь мэдээллийг бэлтгэснээр тухайн талбайд хайгуулын ажилд 3-5 сая ам.доллар хувийн хөрөнгө оруулалтаар хийгдэж, эдийн засгийн үр ашигтай орд илрүүлэн, нөөцийг бүртгэснээр өнөөгийн үнэ цэнэ, үнэлгээ нь 120-150 сая ам.доллар болж нэмэгддэг байна. Австрали Улс 2008-2012 онд 8 төсөл хэрэгжүүлэхэд 500 сая ам.доллар зарцуулж 12 тэрбум долларын үнэлгээ бүхий ордуудыг илрүүлэн тогтоосон байна.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь 6 зүйлтэй байх ба 1 дүгээр зүйлд Түгээмэл тархацтай ашигт малтмалыг тусгай хуулиар зохицуулах, олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс босгосон хөрөнгийн мэдээллийг холбогдох төрийн байгуулагаас авч мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нутгийн захиргааны байгууллагатай байгуулах гэрээ, ордыг ашиглах техник-эдийн засгийн үндэслэлийн боловсруулалтын чанар сайжруулах, боловсруулагчийн үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, ашигт малтмалын баялаг, нөөцийн тухай нэр томъёог олон улсын жишгээр хуульчлах, Засгийн газар, төрийн захиргааны төв, төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүргийг тодорхой болгоход чиглэгдсэн зохицуулалтыг тусгав.
Хуулийн төслийн 2 дугаар зүйлд Ашигт малтмалын тухай хуулийн тодорхой заалтуудад нэмэлт оруулах үг, нэр томьёог тусгалаа.
Хуулийн төслийн 3 дугаар зүйлд улсын төсвийн хөрөнгөөр эрэл, хайгуул хийсэн стратегийн ач холбогдол бүхий ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээг улсын төсөвт ачаалалгүйгээр эдийн засгийн үр өгөөж, ашгийн түвшинг харгалзан тооцоонд үндэслэн тогтоох, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийг боломжит бүх хувилбараар дэмжих, тусгай зөвшөөрлийн төлбөр, нутгийн захиргааны байгууллагатай харилцах, мэдээ тайлан гаргах, төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх, хуулийн нэр томъёо, мэдээ, тайлан гаргахтай холбоотой хүлээлгэх хариуцлага зэрэг Ашигт малтмалын тухай хуулийн хэсэг, заалтыг өөрчлөн найруулахаар, төслийн 4 дүгээр зүйлд Ашигт малтмалын тухай хуулийн зарим үг, тоо, нэр томъёог өөрчлөх, төслийн 5 дугаар зүйлд Ашигт малтмалын тухай хуулиас хүчингүй болгох зүйл, заалтыг, 6 дугаар зүйлд дагаж мөрдөх хугацааг тус тус тусгав.

Энэхүү хууль батлагдсанаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт тусгагдсан геологи, уул уурхайн салбарын зорилтууд хэрэгжих эрх зүйн үндэс бүрдэж, улмаар улс орны нийгэм эдийн засагт доорх эерэг үр дүн гарна гэж үзэж байна.

Нийгмийн үр дагавар:
-Төрөөс геологийн салбарт баримтлах нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд геологийн судалгаа, шинжилгээ, мэдээллийн нэгдсэн сантай болно;
-Орон нутгийн зүгээс ашигт малтмалын чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг дэмжих дэмжлэг, аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажиллах сонирхол нэмэгдэнэ;
-Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, уурхайн хаалттай холбоотой үйл ажиллагаа нь хариуцлагатай уул уурхайн зарчимтай "Олон талын оролцоог хангах, ил тод байх, хуулийг дээдлэн сахих, байгаль орчин, хүний аюулгүй байдлын өмнө хариуцлага хүлээх, ирээдүйн хөгжилд хөрөнгө оруулах, үр өгөөжтэй байх, хүмүүнлэг ёс зүйтэй байх, дэвшилтэт технологид суурилсан байх" нийцэх боломжтой болно;
-Ашигт малтмалын ордын нөөцийг хаягдалгүй иж бүрэн ашиглана;
-Стратегийн ач холбогдол бүхий орд болон бичил уурхайтай холбогдож нийгэмд эерэг ойлголт бий болно;
-Салбарт орох хөрөнгө оруулалт болон баялгийн сан арвижих, экспортолж байгаа ашигт малтмалын боловсруулалтын түвшин дээшилснээр нэмүү өртөг эх орондоо үлдэх, экспортын орлого нэмэгдэх, боловсруулах үйлдвэрт тэргүүний техник технологи нэвтрэх, хөдөлмөр эрхлэлт эрс нэмэгдэх зэрэг эерэг үр дүн гарна.

Эдийн засгийн үр дагавар:
-Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг төрөөс зөвшөөрөгдсөн газар нутагт олгосноор хөрөнгө оруулалт нэмэгдэж, ашигт малтмалын нөөц арвижиж эдийн засгийн чадавхи, дархлаа сайжрах нөхцөл бүрдэнэ;
-Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн үйл ажиллагаанд шаардлагатай бараа, ажил, үйлчилгээ авах, туслан гүйцэтгэгч сонгоход тэргүүн ээлжинд Монгол Улсад бүртгэлтэй татвар төлөгч аж ахуйн нэгжид давуу эрх олгодог болсноор дотоодын аж ахуйн нэгжүүдийн орлого ашиг нэмэгдэнэ;
-Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын үр дүнд хэтийн төлөв бүхий талбай илэрвэл ашигт малтмалын олборлох үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч орнуудын туршлагад үндэслэн тухайн талбайд эрэл, үнэлгээний ажлаар мэргэшсэн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжээр нэмэлт ажлыг гэрээний үндсэн дээр хийлгэж үнэ, цэнийг нэмэгдүүлж, дуудлагын худалдаагаар хайгуулын тусгай зөвшөөрлийг олгодог болсноор улсад энэ салбараас орох орлого нэмэгдэх нөхцөл бүрдэнэ;
-Мэргэшсэн мэргэжилтэн, шинжээч болох эрхийг үндэсний болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, геологи, уул уурхайн салбарын төрийн бус байгууллагаас олгодог болсноор ашигт малтмалын нөөц, ордын нөөцийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар гүйцэтгэдэг болно. Мөн ашигт малтмалын болон ордын нөөц, техник эдийн засгийн үндэслэлийг мэргэшсэн шинжээчдээс бүрдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хүлээн авдаг болсноор эдгээр асуудалтай холбогдсон маргаанд төрийн байгууллага хариуцлага хүлээхгүй байх боломж бүрдэнэ;
-Эрдэс баялгийн салбарын бодлого, хууль эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр хууль санаачлагчид судалгаанд үндэслэн зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус Бодлогын зөвлөлтэй болсноор хөрөнгө оруулалт ихээр шаардагддаг, үнийн хэлбэлзэл ихтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг олборлох үйлдвэрлэлийн салбарын эрх зүйн орчин урт хугацаанд тогтвортой байх нөхцөл бүрдэнэ.

Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх зарчмыг мөрдөх зорилтын хүрээнд:
-Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчин, нөхөн сэргээлт, уурхайн хаалттай холбоотой үйл ажиллагаандаа үүрэг, хариуцлагаа гүйцэтгэхэд   эдгээр асуудлаар холбогдох төрийн захиргааны байгуулагад тогтмол мэдээлэл хүргэх ажилтантай байна;
-Тухайн ордыг ашиглах техник-эдийн засгийн үндэслэлдээ уурхайн бүтээгдэхүүнийг орон нутаг, улсын болон олон улсын чанартай замд хүргэх замын төрөл, уурхайн нөхөн сэргээлт, хаалтад шаардагдах зардлыг тусгадаг болно;
-Хуулийн төсөлд зааснаас бусад тодорхой бус шалтгаанаар уурхайн бүтээн байгуулалт, уулын үйлдвэр, баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг холбогдох төрийн байгуулагад урьдчилан мэдэгдэлгүйгээр зогсоож олон хүмүүсийг ажилгүй, цалингүй болгох нийгмийн хариуцлагагүй үйлдэл гаргасан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэдэг болно;
-Геологи хайгуулын ажлыг бүрэн хийдэг болгохын тулд хайгуулын тусгай зөвшөөрлийг авсан өдрөөс хойш 3 жилийн хугацаанд уг зөвшөөрлийг бусдад бүхлээр нь болон хэсэгчлэн шилжүүлэхгүй байх, мөн энэ өдрөөс хойш 3 дэх жилд хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 10 хувийг, 6 дэх жилд үлдсэн талбайн 20 хувийг буцаан өгдөг болсноор ашигт малтмалын баялгийн нөөц, ордууд шинээр нээгдэнэ гэж үзсэн болно;
-Хариуцлагатай уул уурхайн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зарчмын хүрээнд аж ахуйн нэгж нь олборлосон, баяжуулсан, хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа боловсруулах үйлдвэрт тэргүүн ээлжинд, зах зээлийн үнээр нийлүүлэхэд хамтран ажилладаг болно;
-Хариуцлагатай уул уурхайн тэргүүний техник, технологид суурилсан байх зарчмыг баримтлах зорилгоор холбогдох төрийн захиргааны байгуулагаас баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх журмыг баталж мөрдүүлдэг болно;
-Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хариуцлагатай уул уурхайн ирээдүйн хөгжилд хөрөнгө оруулах, хүмүүнлэг, ёс зүйтэй байх зарчмыг баримтлахын тулд байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд сайн дурын үндсэн дээр дэмжлэг үзүүлэх асуудлуудыг тусгасан гэрээ (гэрээний загварыг Засгийн газар батална)-г орон нутгийн удирдлагатай байгуулдаг болно;
-Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хайгуулын ажлын тайлан болон уулын ажлын төлөвлөгөө, техник-эдийн засгийн үндэслэлд тусгасан болон бусад зорилтуудын хэрэгжилтийг сайжруулах зорилгоор эдгээртэй холбогдсон үнэн зөв мэдээллийг хууль тогтоомжид заасан хугацаанд холбогдох төрийн захиргааны байгууллагад ирүүлэхтэй холбогдсон үүрэг хариуцлагыг тодорхой болгосон болно;
-Улсын төсвийн хөрөнгөөр эрэл хайгуул хийсэн Стратегийн ач холбогдол бүхий ордыг ашиглахад улсын төсөвт ачаалалгүйгээр төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох нөхцөл бүрдэнэ;
-Төрийн захиргааны байгууллагаас аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олгоход бүрдүүлэх материал, аж ахуйн нэгжээс хууль тогтоомжинд заасны дагуу ирүүлэх мэдээллийг цахим хэлбэрээр авдаг болно.
Хуулийн төсөл батлагдсанаар Монгол улсын геологи, уул уурхайн салбарын бүтээмж, өрсөлдөх чадвар нэмэгдэж, хөрөнгө оруулалт ихээр шаардагддаг энэ салбарын эрх зүйн орчин урт хугацаанд тогтвортой байх нөхцөл бүрэлдэж, хөрөнгө оруулалт нэмэгдэж, улмаар энэ салбарын улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулах хувь нэмэр өсч, цаашид эдийн засгийн тогтвортой өсөлт хадгалагдах боломж бүрдэж, иргэдийн амьжиргааны түвшин тогтвортой дээшилнэ гэж үзэж байна.
Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжтой нийцэж байгаа бөгөөд энэ хуультай холбогдуулан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг тус тус боловсрууллаа.
Уул уурхайн яамнаас боловсруулсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шинжээчид болон яамны хамтарсан ажлын хэсэг ажиллаж, саналыг тусгасан.
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Тусгай хамгаалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн удаа хэлэлцэн Засгийн газрын гишүүдээс хуралдаан дээр гаргасан саналыг хэлэлцэн, улмаар хуулийн төслүүдийг дэмжин Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтсон болно.

Хуулийн төслүүд, холбогдох материалыг хавсаргав.
               
ЗАСГИЙН ГАЗАР



2014-10-17 15:14

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд