АЙМГИЙН ИТХ-ЫН ТАНИЛЦУУЛГА

2014-09-29 14:10
1939 оны 6 дугаар сард Монгол Улсын тэргүүн, маршал Х.Чойбалсан казах, урианхайчуудын аж байдалтай танилцаж, Толбо, Сагсай, Улаанхуст болсон хөдөлмөрчдийн хуралд оролцон, өрх тусгаар аймаг байгуулахтай холбоотой ард иргэдийн санал бодлыг сонссоны дүнд1940 оны 6 дугаар сарын 22-ноос 7 дугаар сарын 5-ны өдрүүдэд хуралдсан Улсын VIII Их Хурал “Казахын ба Урианхайн ард түмний хүсэлт эрэлтийн ёсоор Ховд аймгийг хувааж казах, урианхайн үндэстний нэгэн аймаг болгохыг Улсын Бага Хуралд даалгасугай” гэсэн тогтоол гаргажээ. Үүний дагуу 1940 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаас гаргасан 37 дугаар тогтоолд: 
1.Казах, урианхай ард түмэний тусгаарлан шинэ аймаг байгуулах, тухайн бэлтгэл ажлыг хариуцан гүйцэтгэж зохион байгуулах комиссыг 7 хүнээр тогтоон байгуулах...
...б/ Аймгийн Их Хурлыг хуралдуулах явдал дээр бэлтгэл болгон баг, сумдын хурлыг хуралдуулан төлөөлөгчдийг сонгуулах, мөн хэрэгтэй газарт нь энэхүү хурлуудаар баг, сумын тэргүүлэгчдийг сольж сонгох болмой.Мөн хурлуудаар аймгийн нэр ба аймгийг хаана төвлөрүүлэх тухай хэлэлцэж, саналыг аймгийн Их хурлаар оруулбаас зохимой. Энэхүү хурлуудын төлөөлөгчдийг сонгохдоо Үндсэн хуулиар заасан хэмжээнүүдийг баримталбал зохино...»  гэжээ Энэ тогтоолын дагуу 1940 оны 8 дугаар сарын 5-нд болсон Ховд аймгийн харъяа 10 сумын дарга, нам, эвлэлийн үүрийн дарга, хурал, захиргааны тэргүүлэгчид болон аймаг байгуулах комиссын  хамтарсан  анхдугаар хуралдааны тогтоол ёсоор Ховд аймгийн яамнаас сум бүрт тусгай төлөөлөгчид гаргаж, тэд нарын удирдлагаар 10 сум, 71 багт сум, баг, намын үүрүүдийн хурал хийгдэж, сумын хурлын төлөөлөгчөөр 538 хүн, аймгийн Их Хурлын төлөөлөгчөөр 81 хүн сонгогджээ. 

1940 оны 8 дугаар сарын 19-нд казах, урианхайн  ард түмний шинэ аймгийн эрх барих дээд байгууллага болох Хөдөлмөрчдийн Анхдугаар Их Хурал хуралдаж, орон нутгаас сонгогдсон 81 төлөөлөгч оролцжээ. Уг Их Хурал шинэ аймгийг “Баян-Өлгий” хэмээн нэрлэж, аймгийн яамны Бага Хурлыг 32 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр сонгожээ. Уг Бага хурлын анхдугаар хуралдаанаар 7 хүний бүрэлдхүүнтэй Аймгийн яамны Тэргүүлэгчдийг, үүнээс Аймгийн яамны даргыг   (Бажийн  Хаби)  сонгосон байна.  Аймгийн  яамны  дарга  нь аймгийн Бага Хурлын Тэргүүлэгчдийн даргын ажлыг давхар хариуцаж, “Аймгийн яамны даргын тушаал, Тэргүүлэгчдийн тогтоол» болон «Аймгийн Бага Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол»,  «Аймгийн Бага Хурлын Тэргүүлэгчдийн тушаал»-д гарын үсэг зурдаг байв.

1949  он хүртэлх хугацаанд «Аймгийн   Анхдугаар Хурлын   2 дугаар чуулган»   гэж нэг л удаа хуралдсан ба Бага Хурал нь 1940 оноос хойш 13 удаа хуралдаж, 1952 онд шинэ системээр явагдсан орон нутгийн засаг захиргааны анхдугаар сонгуулийн дараа буюу 1952 оны 12 дугаар сарын эцсээр үйл ажиллагаагаа зогсоожээ. 

Энэ үеэс эхлэн манай аймгийн Хурлын болон захиргааны удирдлага нь улам нэгдмэл шинжтэй болж аймгийн Ардын Хурлын Тэргүүлэгчдийн даргын тусдаа албан тушаал, орон тоо, ажлын  алба  гэж байгаагүй, түүнийг АДХГЗ-ны дарга сонгуулиар орлож байсан бөгөөд хурлын ажлыг голлон АДХГЗ-ны   хариуцлагатай нарийн бичгийн дарга хариуцаж, зарим үед хурал, депутатын ажил хариуцсан нарийн бичгийн дарга хэмээх тусгай орон тооны ажилтан ажиллуулж байсан байна. 

Харин 1981-1990 онд АДХ-ын Тэргүүлэгчдийн даргаар аймгийн МАХН-ын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга (Байтазагийн  Хурметбек) сонгогдон ажиллаж байжээ.

Наяад оны  дунд үеэс эрч хүчтэй өрнөсөн ил тод байдал, өөрчлөн байгуулалтын бодлого, 1989-1990 оны  ардчилсан хөдөлгөөний нөлөөгөөр 1990  онд аймгийн АДХ-ын Тэргүүлэгчдийн дэргэд Төрийн байгуулалтын хэлтэс хэмээх шинэ байгууллага үүсч бий болжээ. Энэ нь улс ардын аж аж ахуйн бүх салбарын бодлого чиглэлийг тодорхойлон удирдах үйл ажиллагааг аймгийн ард иргэдээс сонгогдсон АДХ, түүний Тэргүүлэгчдийн мэдэлд төвлөрүүлэх, улмаар Ардын Хурал болон  Гүйцэтгэх засаглалын ажил үүргийг  зааглан  бие даасан болгох гэсэн анхны эрмэлзэл байлаа. Аймгийн  Ардын Хурлын 16 дахь сонгуулийн анхдугаар чуулганы шийдвэрээр Аймгийн АДХ-ын  Тэргүүлэгчдийн  дарга  бөгөөд АДХГЗ-ны  даргын  шууд удирдлагын доор ажиллах болсон  тус  хэлтэс  нь   дарга,  нарийн  бичгийн дарга,  сум хариуцсан  мэргэжилтэн,  хууль зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн, депутатын асуудал хариуцсан мэргэжилтэн,  Хөдөө  аж  ахуй  хариуцсан мэргэжилтэн гэсэн бүтэцтэй байжээ. Эдгээрийн дотроос  депутатын асуудал хариуцсан мэргэжилтэн нь депутатуудтай шууд харилцан  ажиллаж,  бүх шатны сонгуулийн  бэлтгэл ажлыг хангах, сонгууль явуулах, дүнг гаргах зэрэг ажлуудыг гардан хийж, хэлтсийн хамт олон ч уг ажилд хамтран оролцдог   байсан байна.  1992 онд гүйцэтгэх засаглалаас өрх тусгаарласан  аймгийн Хурлын байгууллага  нь чухам энэ хэлтсийн суурин дээр үүсэн байгуулагджээ.

1991 оноос өнөөг хүртэл ажиллаж байсан Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нар
Аймгийн ИТХ-ын даргаар:
1. К.Мизамхан / 1990-1992 он/
2. П.Мурат / 1992-1996 он/ - Орон тооны бус даргаар
3. С.Харжаубай / 1996-1998 он/
4. О.Ныгмет / 1998-2000 он/
5. А.Сайлау / 2000-2004 он/
6. О.Хабсатор / 2004-2005 он/
7. Х.Ержан / 2005-2008 он/
8. Х.Баян / 2008-2012 он/
9. Б.Лазатхан / 2012-2016 он/
10. Д.Бауыржан / 2016 оноос одоог хүртэл/

Нарийн бичгийн даргаар: 
1. Ц.Хорлоо / 1990-1993 он/
2. К.Баймурат / 1993-2000 он/
3. А.Даримхан / 2000-2012 он/
4. К.Баймурат / 2012-2016 он/
5. А.Серикболат / 2016 оноос одоог хүртэл/ нар тус тус ажиллаж байна.

2014-09-29 14:10

Сумдууд